“Энхийг сахиулагчдыг эх орон нь үнэлэх ёстой”
2012.05.29

“Энхийг сахиулагчдыг эх орон нь үнэлэх ёстой”

Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тавдугаар сарын 29-нд тэмдэглэдэг. Энэ өдөр монголчууд бидэнд хамаатай болсоор арван жил өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, дайчдаа илгээж эхэлснээс хойш 10 жил өнгөрч байна.Энхийг сахиулах ажиллагаа гэдэг дайн байлдааны халуун цэг дээр өрнөдөг эрсдэлтэй, эр зориг шаардсан ажил боловч үйлс, зорилго нь энх тайван, эрх чөлөө, ардчиллыг тогтоох ариун зорилготой.


Хаана зөрчил тэмцэл, хүчирхийлэл хэрээс хэтэрнэ тэнд асуудлыг зохицуулах, энгийн ард иргэдийг хэлмэгдэн хохирохоос хамгаалах, дайны хөлд сүйдсэн хот, сууринг сэргээн босгох зэрэг зорилгоор НҮБ-ын нэрийн өмнөөс цэрэг дайчид ажиллаж байдаг.

Ийм үйл хэрэгт монгол цэргүүд 10 жил хүчин зүтгэжээ. Энэ хугацаанд монгол цэрэг эрс эр зориг, ур чадвар, аюулыг сөрөх зөн мэдрэмжээрээ ялгаран тодорч, өөрсдийн болон улс орныхоо нэр хүндийг алдрын тавцанд хүргэж амжсан юм. Ийнхүү дэлхийн данслагдсан монгол дайчид маань өнгөрсөн 10 жилд өөрсдийн байр сууриа бэхжүүлэхийн хамт орон талаар суралцан хөгжиж, энхийг сахиулах ажиллагаанд гүйцэтгэдэг чиг үүргээ зарчмын хувьд өөрчилсөн нь бас нэг амжилт.

Тухайлбал, 2009 оноос эхлээд энхийг сахиулагчид маань НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны бүтэн секторын аюулгүй байдлыг бие даан хариуцах болж, 2010 оноос эхлээд хээрийн цэргийн эмнэлгийн багаа ажиллуулах болсон юм. Мөн тун удахгүй Өмнөд Африк дахь энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний бүтэн батальон илгээж, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох бүрэлдэхүүний тоогоо 900-д хүргэх ба ингэснээр энхийг дэмжих ажиллагаанд цэрэг илгээгч ТОП-20 орны эгнээнд багтахаар болж буй. Эдгээр амжилтууд нь хамтарсан Засгийн газрын үед буюу Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх хугацаанд гарсан томоохон дэвшлүүд юм.

Бөмбөг дэлбэрэх нүргээнээр монгол цэргүүд бусдаас түрүүнд хөдөлж, буу руугаа гүйдэг гэж нэгэнтээ Батлан хамгаалахын сайд асан Л.Болд ярьж байсан. Үнэхээр ч энэ нь монгол эрсийн цусанд удамшсан эрэмгий дайнч зөн мэдрэхүй байх. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Монголд айлчлах үеэрээ Тавантолгойн цэргийн баазад зочилж, энхийг сахиулагчдад маань онцгойлон баяр хүргэж байлаа. Монголын цэрэг, дайчид эр зориг, ур чадвараараа бусад улс үндэстний цэргүүдээс огт дутахгүй гэдгийг дээрх үнэлэлтүүд илтгэж буй.

Тийм ч учраас энхийг сахиулагчдын амаргүй ажил үүрэг, алдар гавьяаг юун түрүүнд эх орон нь үнэлэх ёстой гэсэн бодлогыг Батлан хамгаалахын сайд асан Л.Болд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн байна. Үүний үр дүнд энхийг сахиулагчдын болоод цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын олон асуудлыг эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлж чадсан юм. Энхийг сахиулагчдын хувьд л гэхэд гар дэрээ авдаг томилолтын мөнгө нь нэмэгдэж, тусгай амралт сувиллын цогцолбортой болсон байна.

НҮБ-аас олгодог томилолтын зардлын 60 хувийг энхийг сахиулагчдад олгож ирсэн бол Л.Болд сайдаар ажиллах хугацаандаа үүнийг 80 хувь болгон нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн цэргийн хамгийн дээд цолыг юун түрүүнд энхийг сахиулагчид хүртэх ёстой гэдэг бодлогыг хэрэгжүүлсэн гэдэг. Тийм ч учраас өнгөрсөн дөрвөн жилд 12 генерал цолтон шинээр төрснөөс дөрөв нь энхийг сахиулагчид байлаа. Монгол дайчдын ур чадварыг гайхуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн энхийг сахиулагчдын амжилт, алдар гавьяатай хамт батлан хамгаалахын салбарыг сүүлийн жилүүдэд удирдсан Л.Болдын хичээл зүтгэл, хүчин чармайлтыг ч давхар үнэлэх ёстой гэж салбарынхан нь баярын энэ өдөр дурсч байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.