Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан
2013.12.04

Байнгын хороо хилийн боомтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

 Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан боллоо. Хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон даргалав.

Хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга хийв. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр, З.Баянсэлэнгэ нар үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нэмэлт тайлбар өгөв.

Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл нэгдсэн хуралдаан даргалагчаас өгсөн тул ажлын хэсгээс Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар боловсруулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 11 санал тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх санал тус бүрийг дэмжсэн болно.

Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “гадаадын иргэний“ гэснийг “иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний” гэж өөрчлөх санал дэмжигдсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсгийн дагуу холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг багцлан санал хураалт явуулах зарчмын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл Хилийн боомтын тухай хуулийн төслийн 17 дугаар зүйлийг хасаж Боомтын нэгдсэн захиргаа гэсэн нэр болгон чиг үүргийг нь өөрчлөн найруулах санал гаргаж үг хэлэв. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн гаргасан саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Л.Цог, Ц.Цолмон, Н.Энхболд, О.Баасанхүү, С.Баярцогт, Ж.Энхбаяр, Д.Батцогт, Х.Тэмүүжин, нар үг хэлж Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нэмэлт тайлбар хийв. Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэлийн гаргасан саналыг хамтарсан хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй болно.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг УИХ-ын гишүүн М.Батчимэг хийхээр тогтов гэж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.