Эрчим хүчний сайд М.Сономпил
2013.12.09

М.Сономпил: Шөнийн цагаар эрчим хүчний нөөц илүүдэлд ордог

NTV телевизийн "Чухал яриа" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Эрчим хүчний сайд М.Сономпил оролцлоо. 

Эрчим хүчний салбарын асуудал өмнөх жилүүдтэй харьцангуй намжуу байна уу?

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг цаг тухайд нь хангана гэдэг их чухал. Бид өнгөрсөн 2 сард яаман дээрээ төлөвлөгөө гаргаад, 3 сард сайдын зөвлөлөөрөө хэлэлцээд өвөлжилтийн бэлтгэх хангах комиссыг томилсон билээ. Дараа нь засгийн газраар хэлэлцүүлээд өвөлжилтөд бэлтгэх ажил харьцангуй эрт эхэлсэн гэж болно. 12 сарын байдлаар энэ ажил дууслаа.

Гэхдээ өвөлжилтийн бэлтгэл ажил ганцхан яамны ажил биш юм. Засгийн газар, Эдийн Засгийн Хөгжлийн Яам, Монгол Банк гээд олон байгууллага оролцдог. Санхүү, нүүрсний нөөцлөлт, засвар үйлчилгээ зэрэг  ажлуудыг цаг тухайд нь хийж амжлаа. Өнөөдөр станциуд 20-25, уурхайнууд 20-45 хоногийн нөөцтэй байна. Гэнэтийн ноцтой гэмтэл гарчихгүй бол эрчим хүчний салбарынхан өвөлжилтөд санаа зовохгүй байна.

Утааны асуудал улам хүндэрч байна. Утаанаас хагацах нэг арга бол нүүрсний бус цахилгааны хэрэглээ. Хэрэв ингэвэл танай ажил доголдох болно. Та энэ тухай юу хэлэх вэ?

Цахилгаан халаалтыг гэр хороололд нэвтрүүлэхийг би дэмждэг. Манай улсад цахилгаан хэрэглэээний оргил ачаалал 17-22 цагийн хооронд өрнөдөг. Бид ОХУ-аас 210-220 мгв хүчдэлийг авч байж энэ ачааллыг давдаг. Харин шөнийн цагаар эрчим хүчний нөөц илүүдэлд ордог. Тэгэхээр оргил үед цахилгаанаа хэмнэж бусад цагт хүссэнээрээ хэрэглэж болно.  22:00-06:00 цагийн хооронд 1кв цахилгааныг 60 төгрөг болгож буулгалаа. Тэгэхээр оргил цагаас бусад үед бол цахилгаан хүрэлцэхгүй гэсэн асуудал байхгүй.

Зүүн, баруун түгээх сүлжээний дэд станциудын ачаалал хэтэрч байна уу?

Сүүлийн жилүүдийн эдгээрийн хүчин чадлыг үе шаттай өргөтгөж томоохон трансформаторууд тавилаа.

Өмнө ер нь бүх дэд станциудын ачаалал нэг дахин, заримдаа 2 дахин хэтэрчихдэг байлаа. Сүүлийн жилүүдийн эдгээрийн хүчин чадлыг үе шаттай өргөтгөж томоохон трансформаторууд тавилаа. Сонгинохайрхан, Баянхошуу чиглэлд хүчдэл унадаг байсан нь гайгүй боллоо.

Шинэчлэх ажил цаашид үргэлжилнэ. Мөн шинэ хуучин хоёр доголдох асуудал гардаг. Доголдлыг цаг тухайд нь зассаар байна. Өвлийн хүйтэн, мөн хавар газар гэсэх үед шугам тасарснаас болж доголдол гардаг гэдгийг ард иргэддээ хэлж ойлгуулмаар байна. Багахан гэмтлийг 20-30 минутын дотор засдаг.

Цахилгаан хэрэглэсэн хэмжээ нь ялгаатайгаас хамаараад 1кв тутмын тариф нь өөр байдаг юм уу? Энэ талаар тодорхой ярихгүй юу?

150кв-аас доош цахилгаан эрчим хүч хэрэглэдэг айл өрхүүд 79 төгрөг 80 мөнгө төлдөг. Харин үүнээс дээш хэмжээнд хэрэглэдэг айлууд 96 төгрөг төлдөг. Манай нийт хэрэгчлэгчдийн 68 хувь нь 150кв-аас дээш хэрэглэдэг.

Ингэх нь нэг талаас ард иргэдийг цахилгаанаа хэмнэхэд хүргэж байна. Гэтэл нөгөө талаас утаа гаргахгүйн тулд цахилгаан зуух хэрэглэдэг хүмүүсийн цахилгааны төлбөр өндөр гардаг. Энэ зөрчлийн талаар тодорхой яриач.

Тийм зөрчил байхгүй. Цэвэр агаар сангаас цахилгаан зуухнуудад хөнгөлөлт олгодог. Үнэндээ олонхи хүмүүс цахилгааныхаа төлбөрийг яг таг мэддэггүй. Нэг айл сард дулаан цахилгаандаа 35-50 мянган төгрөг зарцуулдаг. Гэтэл нэг гэрт амьдарч байгаа хүмүүсийн гар утасны нийт төлбөр түүнээс хэд дахин илүү гардаг. Бид дулааныг үйлдвэрлэж байгаа үнээсээ нэг дахин хямдаар олгодог. Тэгэхээр үнэндээ цахилгаан дулааны өртөг бага гэдгийг би хэлмээр байна.