Долдугаар хороог камераар хянаж эхэллээ
Баянзүрх дүүрэг
2013.12.13

Долдугаар хороог камераар хянаж эхэллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг Баянцээл худалдааны төвийн хажуугийн цагдаагийн постыг сэргээн засварлаж, ашиглалтад орууллаа.

Уг постын нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Засаг дарга Д.Пүрэвдаваа, цагдаагийн II хэлтсийн Хэв журмын тасгийн дарга Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс оролцов.

Тус хорооны нутагт төрийн болон төрийн бус нийт 208 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 54 нь архи болон согтууруулах ундаагаар үйлчилдэг баар цэнгээний газар, худалдан борлуулдаг дэлгүүр, худалдааны төв байдаг учраас цагдаагийн постыг дахин ажиллуулах болсон хэмээн ИТХ-ын дарга Ц.Батхүү нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм.

Цагдаагийн пост нь PTZ аналог камертай болсон бөгөөд зүүн дөрвөн замын уулзвараас Туул жин пан хүртэлх газрыг бүрэн хянах боломжтой болж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, тухайн газрыг камержуулж, цагдаагийн постын үйл ажиллагааг тогтмолжуулсан долоо хоногийн хугацаанд эрүүгийн шинжтэй дөрвөн гэмт хэргийг илрүүлжээ.