Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2013.12.25

Мэндчилгээ

Монгол Улсын үнэт баялаг иргэн Танд айлчлан ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлэн мэндчилье. Улиран одож буй 2013 он таны амьдралд амжилт бүтээлийн дээдийг дагуулсан азтай, одтой жил байсан гэдэгт илтгэлтэй байна.

   Монгол иргэн бүрийн төлөө ажиллах үүрэг хариуцлагыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын хамт олон хүлээдэг билээ. Өнгөрч буй 2013 онд ХАХНХЯ хүнээ хөгжүүлэх, цогц бодлоготой болохыг нэн тэргүүний ажил болгон хичээл зүтгэлтэй ажиллаж ирлээ.

Бид өнгөрсөн хугацаанд Ахмад настан, Эмэгтэйчүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Хүүхэд, Залуучууд, Гэр бүл, Эрэгтэйчүүдийн гэсэн хүн амын бүлэг тус бүрт чиглэсэн, тэдний дуу хоолой, үзэл бодлыг сонсох зорилго бүхий үндэсний хэмжээний чуулган, зөвлөгөөнүүдийг амжилттай зохион байгууллаа. Ингэснээр Монгол төр маань хүн амаа хөгжүүлэх цогц бодлоготой болох юм.

   Мөн нийгмийн шилжилтийн үед өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажлаас халагдсан мянга мянган иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцох боломжийг олгож “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтэглээ нөхөн тооцох тухай” хуулийг батлуулан, улсын хэмжээнд 494,8 мянган иргэнд ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжийг олголоо.

   Хүн амын нөхөн үржихүй, өсөлтийг дэмжих чиглэлээр хүүхдийн мөнгө олгож эхэлсэн. Энэ мөнгө бол хүүхдийг үнэлж байгаа бус хүүхдийн төлөө оруулж буй хөгжлийн хөрөнгө оруулалт юм.

   Монгол Улсын иргэн бүр эрүүл, саруул байх нь чухал билээ. Тиймээс Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газарт өргөн бариад байна. Уг хууль хэрэгжсэнээр даатгуулагчид бүх эрх мэдэл шилжиж, эмнэлэг, эмч, сувилагчаа өөрөө сонгодог болох юм.

   Түүнчлэн хүн амын хамгийн онцгой хэсэг болох залуучуудыг хөгжүүлэх, тэдний төлөө бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр анх удаа ХАХНХЯ-ны бүтцэд “Залуучуудын хөгжлийн хэлтэс”-ийг байгуулан ажилласан нь сүүлийн 20 гаруй жилд анх удаа төрийн бодлогын тусгалд залуучуудын асуудал орсоны илэрхийлэл болсон.

   Ийнхүү өнгөрөн одож буй 2013 онд ХАХНХЯ санаачлан хийж, хэрэгжүүлсэн олон ажлыг дурдаж болно.

Улиран одож буй хуучин он Танд

Ухаарал баяслыг хайрлаж

Угтан авч буй шинэ он Танд

Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэх болтугай.

Та бүхэндээ Шинэ оны мэнд хүргэе.

ХҮНДЭТГЭСЭН

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН

САЙД С.ЭРДЭНЭ