Ганхуяг.Д Даваасүрэн.Ц 2013.12.25 | Сайт: Vip76.mn

Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хэлэлцэхээр шийдлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан

УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”- ийн төслийг  хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлд алтанд ногдуулах албан татварыг 2,5 болгон буулгах заалтыг оруулжээ. Энэ заалт саяхан хэлэлцээд бүдэрсэн “Алтны ил тод байдлын тухай хууль”- ийн төсөлд байсан юм. 

Уул уурхайн сайд Д.Ганхуяг алтны татварыг багасгаснаар алтны далд худалдаа илэрч, Монгол Банканд тушаах алтны хэмжээ өсч, тэр хэрээрээ улсын валютын нөөц нэмэгдэнэ гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Харин эдийн засгийн байнгын хороон дахь МАН-ын бүлэг болон бие даагч УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар эсрэг байр суурьтай байлаа. Ц.Даваасүрэн гишүүн алтанд ногдуулах татварыг багасгавал гадаадын хөрөнгө оруулалттай алтны компаниуд их хэмжээний алтыг Монгол Банканд тушааж, оронд доллар авснаар эсрэгээрээ валютын нөөцийг хоосолно гэж үзэж байна. Д.Ганхуяг сайдын хувьд өндөр татвараас болж нэг жилд Монголд олборлож буй алтнаас 7-8 тонн нь ямар замаар гадагшаа гардаг нь мэдэгддэггүй учраас хууль бус гарч байгаа алтыг монголдоо үлдээхийн тулд татварыг бууруулах хэрэгтэй гэсэн тайлбарыг өглөө.

Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар  “Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” гэж шийдлээ.