Ц.Даваасүрэн: Иргэн гэдэг албан тушаалдаа үнэнч байгаарай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2013.12.26

Ц.Даваасүрэн: Иргэн гэдэг албан тушаалдаа үнэнч байгаарай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг томилох тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул Улсын Дээд Шүүхээс хуульч эрх зүйч мэргэжилтэй Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлснийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа 51 гишүүнээс 43 нь Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг, Д.Солонгыг 45 гишүүн тус бүр дэмжин баталсан юм.

Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохын өмнө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нэр дэвшигчдээс “Үндсэн хууль зөрчсөн асуудал дээр Үндсэн хуулийн цэц нүдээ аниад шийдвэр гаргаж байна. Жишээ нь намын нэрийн ард жагсаалтаар УИХ-д сонгогдож болно гэсэн заалт Үндсэн хуульд байхгүй.

Одоо УИХ-ын төвшинд намын жагсаалтаар УИХ-д сонгогдох тогтолцоог 50 хувьд хүргэх тухай яригдаж байна. Энэ бол ард түмнийхээ сонгох эрхийг булааж авч эхэлж байгаа хэрэг. Удахгүй би энэ асуудлыг цэцэд тавина. Үүнд та хоёр ямар байр сууриар хандах вэ. Үндсэн хуульд зөрчигдсөн гэж үзэж байна уу, зөрчөөгүй гэж үзэж байна уу. Энэ асуудалд хариулт өгөөч?” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Үндсэн хуулийн цэцэд өгөх гэж байгаа асуудлаар байр суурь авахыг чармайж байгаа нь цэцэд нэр дэвшигчийн хараат бус байдалд нь нөлөөлж байна. Нэр дэвшигчид хүсэхгүй бол хариулт өгөхгүй байж болно.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Хоёр цэцийн гишүүнд асуулт тавьсан.

-Хоёр цэцийн гишүүнд асуулт тавьсан. УИХ-ын дарга УИХ-ын гишүүний үг хэлэхийг хязгаарлана гэсэн заалт байхгүй. Үндсэн хууль зөрчигдөөд яваа юман дээр ингээд яваад байж болохгүй. Намын нэрээр суучихаад ингээд УИХ-ын гишүүний эрх зөрчөөд байж таарахгүй.

Цэцийн гишүүнд нэр дэвшигчдэд хандаж хэлэхэд хүн эргээд иргэн болдог юм.  Байнгын шүүгч байхгүй, байнгын дарга байхгүй. Тийм учраас насаараа хашдаг иргэн гэдэг албан тушаалдаа үнэнч байгаарай. Иргэнийхээ эрх ашгийг хамгаалсан бодлогыг баримталж ажиллаарай гэж захих байна.

Эцсийн дүндээ энэ төрөөс батлагдаж байгаа хуулиуд Үндсэн хуулийн агуулгатай нийцэх эсэхийг та бүхэн хариуцна. Зөрчилтэй юм гарвал УИХ-ыг ташуурддаг байх ёстой. Хууль зөрчих эсэх хувь хүний төлөвшилтэй холбоотой. Монголын төрд олон жил ажилласан хүмүүс байна, үлгэр жишээ ажиллах байх гэж найдаж байна. Та бүхэн олон түмний итгэлийг дааж ажиллаарай. Цэц манаач шиг байх ёстой шүү.

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-Улсын Дээд Шүүхээс санал болгож байгаа хоёр нэр дэвшигчийг дэмжиж байна. Үндсэн хуулийн цэцийг анх байгуулахдаа олон улсын туршлага судалж байгаад Үндсэн хуулийн шүүх хэлбэрээр байгуулж чадаагүй. Хагас шүүх, хагас зөвлөмж гаргадаг, хуульч биш хүн орж болдог байгууллага болчихоод байгаа.

Гаргасан шийдвэр нь тухайн үеийн эрх баригч намд зориулсан шийдвэр байдаг. Энэ нь зарим талаараа Монгол Улсын нэр хүндийг нэр хүндийг шинжлэх ухаан талаас нь аваад үзвэл ичээсэн шийдвэр гаргаж байгаа. Тухайн цаг үедээ зохицуулж намд тааруулж шийдвэр гаргадаг болчихоод байгаа. Тийм учраас шинжлэх ухааны үндэслэлээс гажсан шийдвэр гаргахгүйн төлөө ажиллаарай.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:

-Хүний эрхийг дээдэлж хандаарай. Хэн нэр дэвшүүлснээс үл шалтгаалж шударга ажиллах шаардлага бий. Төрийн тогтолцоог шударга эрүүл болгоё, авлигагүй болгоё том төрийг өөрчилье гээд Ерөнхийлөгч уриалж байгаа. Ямагт хуулийг дээлж шударга ажиллаарай гэлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Аливаа асуудалд манай Үндсэн Хуулийн Цэц болж өгвөл л сөрөг дүгнэлт гаргах гээд байдаг. Монголын хууль шүүхийн байгууллагуудаас хамгийн өндөр эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага бол Үндсэн Хуулийн Цэц. Тэд бол Үндсэн Хуулийн манаач. Энэ хоёр хүн Үндсэн Хуулийн Цэцэд орсны дараа олонхио дагаад нөгөө л хуучин янзаараа шийдвэр гаргалгүй бие даасан байх хэрэгтэй гэж бодож байна.