Энхболд.М 2013.12.27 | Телевиз: МН25-р суваг

МАН-ын зөвлөхүүдийн танхимын анхны хурал боллоо

МАН-ын даргын дэргэдэх зөвлөхүүдийн танхим

 МАН 27 дугаар их хурлаараа дотоод бүтэцдээ зарим нэгэн өөрчлөлт хийж, намын даргын дэргэд зөвлөхүүдийн танхим байгуулахаар болсон билээ. Уг танхим өнөөдөр анхны хурлаа хийж, улс орны болоод намын асуудлаар санал солилцжээ.

Шинээр байгуулагдсан зөвлөхүүдийн танхимын гишүүд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хадгалах үүднээс намын даргын дэргэд улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх үйл ажиллагаа явуулах юм байна.

Энэ танхимд МАН-аас нэр дэвшин сонгогдсон үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-дарга, намын дарга нар багтаж байна. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Д.Содном, С.Баяр, С.Батболд, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, С.Төмөр-Очир, мөн МАН-ын даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон, Г.Очирбат, Ө.Энхтүвшин, М.Энхболд гэсэн зөвлөхүүд тус танхимд харъяалагдаж байна.

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд:

МАН-ын туулж өнгөрүүлсэн 90 гаруй жилийн түүхийн амьд гэрч бол манай зөвлөхүүд. Тэд бол ямар цаг үед юу болж байсан бэ гэдгийг өнөөгийн намыг удирдаж яваа бид бүхэнд хэлж сануулах хүмүүс. Цаашид намын ажлыг идэвхжүүлж, олон нийтэд хүрсэн бодлого хэрэгжүүлсэн нам байхад тэдний оюун ухаан шавхагдашгүй нөөц болно.

Зөвлөхүүд нь намын даргаас гадна намын удирдах зөвлөл, УИХ-ын намын бүлэгт зөвлөх эрхтэй. Намын даргаар хэлснээр бол тэд намын 90 жилийн хар хайрцагны бодлогыг тодорхойлох ой санамжийн үүрэгтэй. Танхимын үйл ажиллагааг цаашид тогтворжуулах үүднээс зөвхөн нийслэл төдийгүй, орон нутагт хүрч ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Танхимын нарийн бичгийн даргаар хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Сауле томилогджээ.