Цагдаагийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын гишүүн С.Баярцогт
2013.12.27

Цагдаагийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Оюунбаатар нар танилцуулсны дараа гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

Цагдаагийн ажилтнуудын нэмэгдлийг олгох тухай ярьж байна. Энэ нэмэгдэл 2014 оны төсөвт суугаагүй гэж бодож байна.  Гэтэл нэгэнт баталсан төсвийг өөрчилж энэ нэмэгдлийг олгох боломжгүй. Хууль санаачлагчид 2019 оноос олгоно гэж ярьж байна. 2014 оны төсөвт энэ нэмэгдэл суугаагүй бол хэзээ яаж олгох вэ гэдгийг асуумаар байна. Хэрэв суусан бол тоолох аргаа өөрчил, суугаагүй бол 2015 оны эхнээс хэрэгжиж эхлэхээр хуульчилж өг гэж хэлмээр байна.

Нэмэгдэл олгох тухай асуудлыг дан ганц дагаж мөрдөх журмын тухай хууль гэгч салбар хуулиар биш нэгдсэн хуулиар зохицуулж яагаад болдоггүй юм бэ?

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:

Засгийн Газар нийт албаны тухай хуулийг боловсруулаад хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. Энэ хуулиар бид төрийн албан хаагчдын нэмэгдэл, урамшууллын асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулахаар төлөвлөж байна. Энэ зохицуулалтыг хийгээд ирэхээр бусад хуулинд байгаа нэмэгдэлтэй холбоотой асуудал цэгцэрнэ. Цагдаагийн албаны хуульд алслагдсан сумдад ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчдад нэмэгдэл олгохоор заасан байгаа. Энэ бол зайлшгүй хэрэгтэй зүйл.

Энэ заалтыг хэрэгжүүлэхээр 2014 оны төсөвт мөнгө суулгасан. Гэхдээ зөвхөн алслагдсан сумдад ажилладаг цагдаагийн албан хаагчдад өгөх боломжтой. Бид тоолох аргачлалаа хэлэлцээд 2014 оны эхнээс тоолохоор боллоо. УИХ-аас тоолох аргачлалыг өөрчилнө гэвэл бид татгалзахгүй. Бидний тооцсоноор гурван тэрбум орчим төгрөгийг нэмэгдэлд олгоно.

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

Энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор Үндсэн Хууль болон дагаж мөрдөх журмын тухай хуулинд ямар өөрчлөлт орох вэ гэдгийг бид эргэж хармаар байна. Дагаж мөрдөх журмын тухай хууль бол Үндсэн Хуулийн заалтыг үе шаттай хэрэгжүүлэх зохицуулалт бүхий байх ёстой гэж бодож байна. Энэ хуулийн төслийн зарим заалт Үндсэн Хуулинд байж байвал зүгээр юм шиг санагдаж байна.

Мөн зарим нэг заалтыг төсвийн байнгын хороогоор нягталмаар байна. Хэрэгжих хугацааг таван жилээр хойш ухрааж, цагдаагийн ажилтнуудад хүлээлт үүсгэсэн санал оруулж болохгүй. Алслагдсан сумдад өгнө гэдгээр хэрэгжүүлж болохгүй, бүх сумдад гэдгээр оруулах хэрэгтэй гэдгийг онцолмоор байна. 2015 оноос хэрэгжүүлэх байдлаар оруулж ирэх хэрэгтэй байна.

Одоо орж ирж байгаа энэ олон хуулийг хооронд нь уялдуулахад хийдэл гарч магадгүй учир дахин оруулж ирэхээс эмээх хэрэггүй.

Ийнхүү Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хуулиудын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 39 нь буюу 75 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.