Эрдэнэбат.Ж 2013.12.27 | Сонин: Өдрийн сонин

Ж.Эрдэнэбат: Манай нам дотор хамтарч засаг барья гэсэн ганц нэг хүн байгааг үгүйсгэхгүй

Ж.Эрдэнэбат: Манай нам дотор хамтарч засаг барья гэсэн ганц нэг хүн байгааг үгүйсгэхгүй
УИХ-ын гишүүн Ж.Эр­дэнэбат

УИХ-ын гишүүн Ж.Эр­дэнэбаттай ярилцлаа.

-Байнгын хороод өнөөдрийнхөө (өчигдөр) хуралдаанаар дарга нарынхаа асуудлыг авч хэлэлцэн хуучин дар­гаараа цааш нь удир­дуу­лахаар боллоо. Харин Төсвийн байнгын хороо чимээгүй өнгөр­чих юм. Даргынхаа асууд­лыг ярихгүй байсан юм уу?

-Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх дараалалд ороогүй тул энэ удаагийн байнгын хороо даргын асуудлаа хэлэлцээгүй. Байнгын хо­рооны дарга хоёр жи­лийн хугацаанд ажиллах боломжтой байдаг. Төс­вийн байнгын хороо тэр журмаар явах байх.

-Ардын намын бүл­гийн зүгээс хоёр сайдыг огцруулах өргөдөл гар­гасан ч дэмжлэг аваа­гүй. Цаашид бүлгийн зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

-Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөөлөл гарч байна уу гэвэл үгүй. Харин хоёр сайдыг нь өөрчлөөд үзвэл гарч магад­гүй. Манай эдийн засаг өсөлттэй байсан бол заавал уг хоёр сай­дыг огцруулах хэмжээнд хүртэл ярих шаардлага байхгүй. Шинэчлэлийн гэгдэх Засгийн газар бай­гуулагдсанаас хойш эдийн засаг байнгын ухрал­тын байдалтай байсан нь уг асуудлыг хөн­дөхөөс өөр арга бай­сангүй. Хариуцлагагүй ажилласан хүмүүс ха­риуц­лага хүлээж байж хөгжил ирнэ.

Тэгэхгүйгээр хэн нэгний толгойг илс­нээр эдийн засаг сэргэдэг бол хамаа алга л даа. Гэтэл эдийн засаг өсөлт­тэй байна хэмээн хэвлэл мэдээллээр мэдээлж бай­гаа ч бодит амьдрал дээр ямар ч өсөлт байхгүй нь мэдрэгдэж байна. Эдийн засаг дандаа уруу шаа­риг­дах биш өгсөж, буурч байсан энэ хүмүүс алдаа, оноотой ч ажиллаж бай­гаа юм байна гэж харах байлаа. Харамсалтай нь хоёр сайдын барьж буй бодлого буруу байсан.

-Хоёр сайдын хувьд өмнө нь засагт ажиллаж байсан хүмүүс. Эдийн засгийн туршлага­тай­гийн хувьд туршлагатай даа?

-Би Сэлэнгэ аймагт Санхүү хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ч.Улаан сайд их зарчимч хүн байлаа. Ний нуугүй хэлэхэд Ч.Улаан сайдын ажилд сэтгэл дундуур байгаа юм. Ямар учраас яагаад ийм байдалд хүрснээ өөртөө дүгнэлт хийж байгаа болов уу гэж бодож байна. Намайг орон нутагт ажиллаж байхад Ч.Улаан сайдын тавьж буй шаардлага, улс орны эдийн засгийг хөг­жүүлэх тал дээр авч хэрэг­жүүлж буй бодлого нь зөв зүйтэй явдаг байв.

Өмнө нь ажиллаж байсан турш­лага дээр үндэслэхэд тө­сөв орлогын төлөвлөлт, зарцуулалт болохгүй бай­на гэдэг санал хэлж байсан юм. Ч.Улаан сайд эдийн засгийн өсөлттэй холбож төсвийг уялдуулж болохгүй гэж хэлж байх жишээтэй. Төсвийг зохи­цуу­лах гол үндэс нь эдийн засгийн өсөлт л байдаг. Эдийн засаг хэдий хэм­жээгээр өсч чадна төсөв тэр хэмжээгээр нэмэгдэх бааз суурь болдог.

Бодит эдийн засгийн өсөлт бий болсон үед төсвийн орлого байнга өсдөг. Бодит бус эдийн засаг өссөн тул өнөөдөр төсөв тасарч байна. 2012 оны төсөв бодит эдийн засгийн өсөлттэй байсан юм. Тиймээс 600 гаруй тэрбум төгрөгөөр улсын орлого нэмэгдэж байлаа.

Гэтэл 2013 оны эдийн засаг бодит өсөлт биш. Өөрсдийнх нь хэлдгээр хөөс л байхгүй юу. Хөөс ихээр бий болсон үед орлого өмнөх оныхоос буурдаг. Ийм нөхцөл бий болчихоод байхад мэд­сээр байж эдийн засгийн арвин туршлагатай хүн алдаж байгаа нь эрх ба­ригчдад таалагдсан бодлого барьж байгаатай холбоотой.

-Хөрөнгө оруулал­тын хуулиа баталсан. Одоо эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн хууль батлаг­да­на. Ам.долларын ханш ч буураад эхэллээ. Ирэх оны төсөвт гэрэл гэгээ тусах шинж байна уу?

-Ам.долларын хувьд өмнө 1350 төгрөгтэй байж байгаад 1780 болоход хэн ч дуугараагүй. Бүгд л чимээгүй суусан. Одоо 100-хан төгрөгөөс ам.дол­ларын ханшийг буулгас­ныхаа төлөө бодлогын шинж чанартай арга хэм­жээ авсан гэж цээжээ дэл­дэх шаардлагагүй. Бод­логын шинжтэй арга хэм­жээ авсан бол энэ оны түвшингээр бүх асуудлыг ярьж байх ёстой. Гэтэл оны эхэнд 1350-тай бай­сан ам.доллар өнөөдөр 1640 төгрөг хүрсэн байгаа нь Засгийн газраас явуулж буй бодит бод­логын үр дүн мөн үү. Үүнийг бодох л хэрэгтэй.

Хэвлэлээс харж байхад арилжааны банкууд дол­лар зарах саналаа Мон­голбанкинд хүргүүлж бай­на гэсэн мэдээллийг хар­сан.

Хэвлэлээс харж байхад арилжааны банкууд дол­лар зарах саналаа Мон­голбанкинд хүргүүлж бай­на гэсэн мэдээллийг хар­сан. Арилжааны банкууд хаанаас валютын эх үүс­вэртэй болов. Хөрөнгө оруулалт буурсан энэ үед арилжааны банкуудад хэн доллар байршуулаад байна вэ. Яахав ээ уг бодлого шинэ жилийн наана иргэдийн гарт байгаа валютыг татах зорилготой төр засгаас зохиомлоор явуулж байгаа арга хэмжээ байх.

Ирэх оны эхний хагасаас өмнө валютын хомсдолд орох болов уу. Яагаад гэхээр арилжааны бан­кууд, Монголбанк дээрх валют дуусч, иргэдийн гарт валютгүй болсон бай­на. Өмнө нь хэдэн сарын турш арилжааны банкууд Монголбанкнаас валют нэхэж байсан хэрнээ яаж гэнэт валюттай болчихов.

Ямар бодлогоор ингэж валюттай болсныг нь нэг талдаа би хардаж байна. Нөгөө талдаа уг бодлого удаан үргэлжилбэл улс орны эдийн засгийн нөх­цөл байдал ард түмний нуруунд ачаа болохдоо асар хүнд ачаа болж бууна.

Сүүлийн дөрөв, таван жил гадаадаас улаан буудай импортлоогүй улс өнөөдөр 100 мянган тон­ныг импортолно. Үүнд татварын хөнгөлөлт үзүү­лээч гэж байна. Тиймээс валютын урсгал мөн л гадагшаа байна гэсэн үг. Манай орны эдийн засагт орж буй валют нь гарч буй урсгалаасаа дандаа бага байдаг. Валютын гадагшлах урсгал бай­гаад байна гэдэг нь ам.долларын ханшийг буурахад хэзээ ч нөлөөлдөггүй.

-Эдийн засгийн байн­гын хороон дээр Ашигт малтмалын тухай хуу­лийг оруулж хэлэлц­лээ. Гар дээрээ уг хуу­лийн төслийг авч хар­сан уу. Ямаршуухан төсөл болсон бол?

-Одоогоор уг хуулийн төсөл надад ирээгүй. Хү­мүүсийн хардаж байгаа­гаар Алтны ил тод байд­лын тухай хуулийн са­нааг нэрийг нь өөрчлөөд буцаан оруулж ирж бай­на гэсэн. Үнэхээр тийм эсэхийг нь хараагүй боло­хоор тодорхой мэдээлэл өгөх боломж алга байна.

-Танай намын бүл­гийн зүгээс гишүүдийг ажилдаа ирэхийг шаар­даж байсан. Гэтэл үүнд арга хэмжээ авах зо­рил­готой хурууны хээ­гээр бүртгэх төхөө­рөм­жийг суурилуулсны дараа янз бүрийн зүйл ярьж хойш чангааж бай­гаа нь ямар учиртай юм бэ?

-Манай намын бүл­гийн гишүүд уг асуудалд тохирсон саналыг өмнө нь өгч байсан. Хуралдаа ирдэггүй, ирээгүй гишүү­нийхээ өмнөөс санал өг­дөг зөрчил энэ Их хуралд элбэг байна. Тиймээс УИХ-ын гишүүн хуруу­ны хээгээр ирцээ бүртгүүлж, хуруу­ны хээгээр саналаа өгдөг байя гээд хуулийн төсөл санаачлан оруул­сан ч уг хуулийг жил орч­мын хуга­цаанд огт хэ­лэлцээгүй. Тэгсэн хэрнээ эрх баригч намын гишүү­ний санаачилсан хуулийг хэдхэн хоно­гийн дотор хэлэлцэхээр оруулж ирж байгаа юм.

Уг хуулинд хурууны хээгээр ирцээ бүрдүүлнэ гэж заа­сан. Ирц бүрдүүлэх яахав ээ ямар нэгэн аргаар яаж ч бүрдүүлсэн болно. Хам­гийн гол нь санал өгдөг асуудал нь чухал байхгүй юу. Энэхүү хуулийг харахад өглөө ирж ирцээ бүртгүүлчихээд яваад өгөхөд байг гэх газаргүй. Засгийн газрын 19 гишүүний 17 нь Их хуралд сууж байгаа болохоор тэд өөрсдөдөө таарсан хуулийг баталж байна.

Манай намын зүгээс оруулж ирсэн саналыг авч үзсэн бол ард түмний төлөөлөл болж Их хуралд орж ирсэн хүн ажлаа л хийх ёстой гэсэн шаардлага тавьсныг мэдэх юм. Цаашид Их хурлын гишүүд ажил­даа хариуцлагатай хандаж идэвх­тэй байх ёстой. Бид эмч, багш нар ажлаа хийсэнгүй гэхийн оронд өөрсдөө ажлаа хийх хэрэгтэй.

-Сүүлийн үед гэнэт МАН-ын бүлгээс шаардлага хүргүүлж, шахаа хийж эхэлсэн нь магадгүй хамтарч засаг барих гэсэн санаархал байж мэднэ гэх юм. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Намын Их хурлын дараа бид орон нутагт ажилласан. Бидний тавьж буй шаардлага ард түмний шаардлага юм шүү. Намынхны очиж уулзсан газар бүрт амьдрал ахуй хүнд, бэрх байгаа тухай хэлж байсан. Ард түмний хэлсэн үгийг л бид чуулганы танхимд хэлж байгаа юм. Биднийг төрийн болохгүй бү­тэх­гүй зүйлсийг хэлж байх хэрэгтэй гэж ард түмнэ сонгоо биз дээ.

МАН-ынхан хөдөөгүүр явж ирчихээд худлаа ярьж байна гэж байгаа бол өөрсдөө орон нутагт очиж бодит байдалтай нь танилцах хэрэгтэй. Цаашид эрх баригчид энэ байд­лаараа яваад байвал зөв зүйтэй шаардлагаа бид тавих л болно. Магадгүй бидэнтэй нэгдэх хүсэлтэй гишүүн байхыг үгүйсгэх­гүй.

МАН-ын хувьд бид бодлогын үйл ажиллагаагаа сайжруулаач ээ гэдэг л шаардлага тавьж байгаа. Түүнээс хамтарч засагт оръё гэсэн бодол байхгүй. Яагаад гэхээр ийм уналттай байгаа эдийн засгаа өөд нь гаргахын тулд өөрсдөө хичээж ажиллах ёстой. МАН засагт орчих­вол дуугарч байсан дуу хоолой үгүй болж мэднэ. Тиймээс алдаа­тай бодлогын үр дүнд эдийн засаг улам л уруудах болно.

Манай нам дотор хамтарч засаг барья гэсэн ганц нэг хүн байгааг үгүйсгэхгүй. Миний хувьд энэ Засгийн газартай хамтарч ажиллана гэдгийг огт таашаахгүй байна. Өмнө нь МАН 40 гаруй суудалтай байхдаа 20 гаруй суудалтай АН-ыг урьж Зас­гийн газартаа оруулж ажиллаж байсан.

Тэгэхгүй бол хоёр нам хоорондоо тэрсэлдээд ажил ерөө­сөө урагшилдаггүй юм. Тэгэхэд УИХ-ын дэгийн тухай хуульд одоо­гийнх шиг өөрчлөлт оруулаагүй байсан. Нэг нам нь завсарлага авчихвал тодорхойгүй хугацаагаар завсарлага авах боломжтой бай­лаа. Түүнээс болж олон чухал ажил гацах нь энүүхэнд байсныг бид мэднэ. Одоо бол харин тийм байдал үгүй болсон.

-Танай намыг сүрхий шан­таажчин нам болсон гэж ярих болсон?

-Ардчилсан нам шантаажчин нам байсан. Өөрсдийнхөө шийдвэ­рийг хэрэгжүүлэхийг тулд эрх барьж буй намыг дарамталж, шахдаг байсан. Тэгж өөрсдийнхөө шийд­вэрийг гаргуулдаг байсан нь үнэн шүү дээ. Тэгэхэд гацаанаас гара­хын тулд ардын нам АН-ыг засаг­таа урьж байсан юм. Ингэснээрээ гацаанд ороод байсан эдийн зас­гийн өндөр ач холбогдолтой зүйл­сийг хөдөлгөөнд оруулж гацаанаас гаргасан тул Монгол Улсын эдийн засагт өсөлт гарсан.

Одоо АН бүх муу муухайгаа МАН руу чихэж эхэлсэн. 20 гаруй жил засаг барьчи­хаад юу хийсэн юм гэж байна. Энэ хугацаанд 2.4 их наяд ам.долла­рын урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Уг зээл хөгж­лийн зээл байсан. Шинэчлэлийн Засгийн газрын авч буй зүйл нь богино хугацааны бонд байхгүй юу. Энэ бол хөнгөлөлттэй зээл биш арилжааны зээл юм. Үүнд асар их ялгаа бий. МАН хөнгөлөлттэй зээл авч олон өөрчлөлтийг хийсэн гэдгийг мартах ёсгүй. Тэр үед АН юу хийж байсан юм. Хугацаагүй завсарлага, шантаажаа л хийж байсан байхгүй юу.

Тэр үеийн хамтарсан Засгийн газар Чалкотой гэрээ байгуулсан. 10 жилийн хугацаанд тогтвортой­гоор Чалкотой нүүрс нийлүүлэхээр болсон. АН-ынхан тэгэхэд Мон­голын баялгийг эд нар Хятадад хямдхан өгөх гэлээ гэсээр байгаад уг гэрээг хүчингүй болгосон. Мон­голд нүүрснийх нь крант байгаа мэтээр эндүүрсэн. Бид нүүрсээ өгөхгүй байсан ч болно гээд бай­сан хүмүүс өнөөдөр өөрсдөө хята­дуудыг царай алдан 40 ам.долла­раар гэрээ байгуулъя гээд явж байна.

Аливаа хүнд холч ухаан гэж байх ёстой. Холч ухаанаар ханд­сан зүйлийг Ардчилсан нам ойл­гоогүй. МАН-ын бүлэг 10 жилийн турш 70 ам.доллараар нүүрсээ гаргана гэж байсан. Эрх баригчид "Бид нүүрсээ өгөхгүй. Тэд гуйна" гэж тооцсон нь алдаатай байсныг харж байгаа биз. Өнөө нүүрсний крант Монголд биш Хятадад л байсан байхгүй юу. 70 ам.доллараар нүүрс гаргах гэрээгээ байлгаж байсан бол өнөөдөр дэлхийн зах зээлд нүүрс­ний үнэ буурч байгаа үед бид л хожих байсан.

Үүнийг харж чадаа­гүй. Энэ мэтчилэн олон алдааны­хаа дүнд хөрөнгө оруулагчдаа үргээсэн. Иймэрхүү алдаа дутагд­лыг нь хэлэхээр "Та нарын алдаа­ны лай ланчигийг үүрч байна" гэдэг. Уг нь лай ланчиг биш бодит үр дүн байсан юм.

-Сүүлийн үед бүлгийн даргаа солихоос эхлээд танай нам хөдөлгөөнтэй байлаа. Таныг бүлгийн дэд дарга болох гэж байгаа гэх юм?

-Их хурлаас хойш идэвхтэй ажиллаж байна. Цаашид ч ингэж ажиллана. Намын бүлгийн дэд дарга болъё гэсэн санаа надад алга.