Баттулга.Х 2013.12.27 | Сайт: Time.mn

Импортоор орж ирэх улаан буудайн хэмжээ эрс багассан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

УИХ-ын чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Уг хуулийн төслийг хэт оройтож өргөн баригдсаныг гишүүд хэлж байсан бөгөөд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатайг хэлж байлаа. Ингээд  хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв.

Харин яг одоо Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд буюу Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахад татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Ийнхүү татвараас чөлөөлчих юм бол тариаланчдад хөнгөлөлт болох, газар тариангийн салбарыг дэмжих, сайн чанарын сортын улаанбуудайг оруулж ирэх боломж бүрдэх юм. Хууль санаачлагчийн илтгэлийг ҮХАА-н сайд Х.Баттулга танилцуулахдаа газар тариалангийн бодлогын дүнд импортоор орж ирэх улаан буудайн хэмжээ эрс багассаныг хэлээд улаанбуудайн болон үрийн хангалт, техникийн шинэчлэлт гээд асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэв.