Улаан.Ч Оюунхорол.Д 2013.12.27 | Телевиз: NTV

Чингис бондыг гаргаагүй бол валютын ханш хяналтаас гарах байсан

Долларын ханш 1780-аас 1630 боллоо.

Шинэ жил дөхөөд ирэхээр иргэдийн худалдан авалт идэвхждэгтэй холбоотойгоор гадаад валютын ханш нэмэгддэг. Гэтэл энэ жил ам.долларын ханш гурван оронтой тоогоор суларлаа. Урьд өмнө гарч байгаагүй эдийн засгийн энэ үзэгдлийн үр дүн удахгүй монголын валютын нөөцөөр илэрнэ гэж үзэх хүмүүс байна.

 Эрчимтэй чангарч байсан ам.долларын ханш 130 төгрөгөөр буурч, 1780 төгрөгт хүрээд байсан бол 1630 төгрөг боллоо. Эдийн засгийн хямралын зангилаа болж байсан валютын ханш огцом суларсан нь Монгол Банкнаас авсан арга хэмжээ үр дүнгээ өглөө гэж албаны хүмүүс хэлж байна.

Монгол Банкны ОНХХ-ийн Эдийн засагч Э.Золзаяа:

Монгол Банк валютын огцом өсөлт, уналтад интервенци хийж оролцдог. Сүүлийн үед доллар зарах санал арилжааны банкуудаас их ирэх боллоо. Үүний дагуу бид интервенци хийж байна.

Сангийн сайдын хувьд Төв Банкнаас зах зээлд нийлүүлэх валютын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна өөр олон зүйл валютын ханшид нөлөөлдөг. Манай улсын валютын нөөц багассан нь интервенци хийж буйгаас гадна  гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой гэсэн тайлбарыг өгч байна.

Сангийн сайд Ч.Улаан:

Чингис бонд оруулж ирж валютын нөөцийг нэмэгдүүлээгүй бол төлбөрийн балансын хүндрэл улам гаарч, ханш хяналтаас гарч, инфляци өсч, цаашлаад макро эдийн засгийн байдал тогтворгүй болох байлаа.

Монгол Банкнаас оруулсан зах зээлд эргэлдэж буй ам.долларын нийлүүлэлтийг хүчээр нэмэгдүүлж валютын ханшийг барьж байгаа нь оновчтой биш бөгөөд үүний үр дагавар удахгүй харагдана гэдгийг зарим гишүүд хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Валютын ханшны тухай асуудал УИХ-д яригдаад эхлэнгүүт интервенци хийж хэдэн төгрөгөөр буулгадаг. Гэхдээ энэ нь тодорхой хугацаанд үргэлжлэхээс бус байнга барьж чадахгүй. Долларын ханш буусан ч гэсэн түүнийг дагаад үнэ нь буурдаг бараа, бүтээгдэхүүн гэж байхгүй.

Зах зээл дэх валютын нөөцөө ийм богино хугацаанд их хэмжээгээр нэмэгдүүлснээр валютын нөөц багасгаж, зах зээлийн бус замаар эдийн засгийн голдрилд оролцож байгаа нь эргээд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэх хүмүүс олон байна.