Мэндчилгээ
Монгол Улсын Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан
2013.12.27

Мэндчилгээ

Монгол Улсын нийт бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтан, албан хаагчид болон Сангийн яамны хамт олон та нартаа угтан ирж буй 2014 оны гал халуун мэндийг дэвшүүлье.

Улиран одож байгаа 2013 он үйл явдлаар баялаг, өврийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байлаа. Монголын тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол гүрний 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн түүхэн жилд, манай салбарын хамт олон төсөв, санхүү нягтлан бодох бүртгэлийн харилцааг бүхэлд нь хамарсан амжилттай хэрэгжүүлж, хийж бүтээхийн төлөө хичээл зүтгэж ажиллалаа.

Угтан ирж буй оныхоо бодлого зорилтыг тодорхойлж 2014 оны улсын төсвөө хуулийн хугацаанд нь батлууллаа. Санхүү, эдийн засгийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналтыг сайжруулах, хөгжлийг дэмжих зорилго бүхий “Хөрөнгө оруулалтын тухай” болон “Үнэт цаасны тухай ” хуулиудыг батлуулсны зэрэгцээ Нягтлан бодох бүртгэл, Аудит, Татварын багц хуулийн шинэчлэл хийх, Өрийн удирдлагын

тухай, малын индексжүүлсэн даатгалын, Ирээдүй сангийн тухай, Засгийн газрын тусгай сангуудын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Ингэснээр манай улсын бүртгэл санхүүгийн салбар олон улсын жишигт нийцсэн хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Бид шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын тэргүүн эгнээнд нэр төртэй зүтгэж байна. Өөрсдийн замд таарч болох сорилт шалгуурыг ажралгүй даван туулж зорилгодоо хүрэхийн төлөө улам шамдан ажиллахыг уриалж байна.

Түүх болон үлдсэн хуучин оноо

Бахдам амжилт бүтээлээр үдэж

Учран золгож байгаа шинэ жилээ

Аз хийморьтой сайхан угтаарай

Хүсэл мөрөөдөл аз жаргалын

Оргилд нь саадгүй хүрээрэй

Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн

Шинэ жилдээ сайхан баярлаарай

Монгол Улсын Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан