Даваасүрэн.Ц Бямбацогт.С 2013.12.30 | Сайт: News.mn

Оны отгон чуулган завсарлагаар өндөрлөв

Оны отгон чуулган завсарлагаар өндөрлөв
УИХ-ын чуулган

УИХ-ын чуулганы  /XII.27/ үдээс хойшхи хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан тухай бид мэдээлсэн билээ.

Завсарлага авсан шалтгаан нь дээрх хуулийн төсөлд багтсан байсан “Баялгийн ордыг нөөцлөн хадгалах” гэх заалтыг ажлын хэсгээс хасч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэнийг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг эсэргүүцэж завсарлага авсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

“Стратегийн ордод төрийн хувь эзэмшлийг хязгаарлах тухай заалтыг оруулсан нь үндсэндээ “Эрдэнэт”, “Монгол росцвемтэт” зэрэг газруудыг хувьд шилжүүлэх замаар төрийн оролцоог хязгаарлах нь гэж ойлгогдож байна. Ард түмэн бол төрийн оролцоог уул уурхайн салбарт багасгаач гэж хэлэхгүй байгаа.

Гол нь хэдхэн хүн уул уурхайн ордыг эзэмшихээр ард иргэд тэгш хувь хүртэх боломж хязгаарлагдаж байгааг сануулдаг. Гэтэл ард түмний хүслээс эсрэг зүйлийг хийлээ гэв. Мөн төрд аюулгүй байдлын бодлого байдаг, хувийн хэвшлийнхэнд байхгүй. Тийм учраас гадаадынхан хувийн хэвшлээр дамжуулж уул уурхайг эзэмшихийг хичээдэг. Энэ бодлого явж байна” гэсэн юм.

Түүнчлэн энэ өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг нарын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Одоо мөрдөж байгаа хуулиар тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд тооцон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцдог.

Дээр дурдсанаас өөр шалтгаанаар хуралд суугаагүй гишүүдийн санал хэлэлцэж байгаа асуудлаар санал хураах мөчид татгалзсанаар тооцогддог учир хууль тогтоомжийг хэлэлцэж батлах үйл ажиллагаа ихээхэн учир дутагдалтай явагдаж байна гэж дээрх нэр бүхий гишүүд үзжээ.

Тиймээс УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгож, гишүүний сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулж хуралдаанд ирц бүрдүүлэхэд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ний төхөөрөмж ашиглах эрх зүйн орчин бүрдүүлэх хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Төсөлд хурууны хээгээр гишүүдийг бүртгэдэг байхаар заагаад байгаа юм.

Мөн санал авахад нь хурууны өгөгдлийг ашиглана. Ингэхгүй бол байхгүй гишүүнийхээ кнопыг дарж хууль тогтоох эрхэд халдаж буй нь буруу хэмээн үзэж байгаа билээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын өргөн мэдүүлсэн төсөлтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, гишүүдийн 67.9 хувь нь дэмжсэн тул байнгын хороонд шилжүүлсэн юм.

Баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр өндөрлөлөө. Мөн УИХ 2013 оны отгон чуулганаа зүгээр ч нэг  өндөрлүүлсэнгүй, завсарлагаар “хачирлаж” орхилоо.