Энхбаяр.Ж 2013.12.30 | Сонин: Өдрийн шуудан

Ж.Энхбаяр: Олонхид улс төрийн өөр зорилго байгаа бол хууль хэрэгжих хугацааг хоёр жилээр сунгаж батлах байх

Ж.Энхбаяр: Олонхид улс төрийн өөр зорилго байгаа бол хууль хэрэгжих хугацааг хоёр жилээр сунгаж батлах байх
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

УИХ энэ оны отгон чуулганаар Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан “давхар дээл” хэмээх тодотголтой Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн.

Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан бөгөөд харин хууль хэрэгжих хугацаан дээр санал зөрж байлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын байр суурийг сонирхсон юм.

-Сайдуудын “Давхар дээл”- ийг тайлах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Гэхдээ хэрэгжих хугацааг нь хууль баталсан өдрөөс үү, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа юу гэдэг дээр гишүүд санал зөрж байна. Харин таны байр суурь ямар байгаа вэ?

-Монгол Улс Үндсэн хуулиа өөрчилж байж хийсэн зохион байгуулалтын асуудал шүү дээ. Одоо энэ нь төвөгтэй байдлыг бий болгож байна гэж үзээд, Их хурлын гишүүн сайдын ажлыг давхар хийж болохгүй хэмээн оруулж ирж байна л даа. Болохгүй л байгаа юм бол цаг хугацаа алдах юу билээ дээ. Хийх ёстойг хийх нь зүй ёсны асуудал.

Одоо засаг төр хөрөнгө мөнгөний асуудал, жилийн эцсийн баяр ёслол гэж байгаа бол 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдөөд явах боломжтой. Энэ хугацаанд зохион байгуулалтаа ч хийж чадна, Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ гаргаад ирж амжина. Дараагийн сонгууль хүртэл бүтэн хоёр жилийн хугацаа байна. Тиймээс хуулийг 2014 оноос мөрдөх боломж байна гэж харж байгаа.

-Харин Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх тайлбарлахдаа “Энэ хуулийн төсөл Засгийн газарт хариуцлага тооцох хууль биш. Асуудлын зорилго нь зөв ч арга нь буруу явбал буруу болно. Хууль батлагдвал 2016 оны сонгуулийн үр дүнд гарч ирсэн аль ч улс төрийн хүчин олонх болсон ч Ерөнхий сайд нь парламентын гишүүн байгаад бусад сайдуудыг гаднаас томилох зохицуулалтаар асуудлыг шийднэ” гэх тайлбарыг өгч байсан. Тэгэхээр намуудад энэ хуулийн хэрэгжилтэд бэлэн байх хугацаа өгөөд байгаа юм биш үү?

УИХ-ын гишүүн нь гишүүнийхээ ажлыг хийгээд л явна.

-19 хүнийг 19 хүнээр солих л хугацаа шүү дээ. Энд цаг алдаж, бодоод байх юу билээ. УИХ-ын гишүүн нь гишүүнийхээ ажлыг хийгээд л явна. Намын дарга буюу Ерөнхий сайд нь кабинетаа шинээр бүрдүүлчихнэ. Олонх, цөөнхийн харьцаа хэвээрээ л байна. Энэ асуудалд МАН хуруу байтугай хушуугаа ч дүрэх юм алга. Үнэхээр Монгол төрийн ажил хүнд байна гэж үзэж л байгаа бол зовлонгийн түргэн, жаргалын удаан нь зөв шүү дээ.

-Одоо бол Засгийн газрын танхимын хоёр сайд л парламентын гаднаас бүрдэж буй. УИХ-ын гишүүд Засгийнгазартаа ийм олноороо ажиллаж байгаа тохиолдолд засаглалын хямрал хэдийнэ нүүрлэсэн гэсэн үг үү?

-Монгол Улс парламентын засаглалтай. Хуулиараа парламентын засаглалыг тунхагласан. Гэвч энэ асуудалтай холбогдуулан парламентат ёс маань нэлээн л хэврэгшиж байх шиг байна даа. Энэ нь Монголын төрийг хэврэгшихэд нэлээн том нөлөө үзүүлээд байгаа юм. Тиймээс асуудлыг шийдэхийн тулд Монгол төрийн тэргүүн хууль санаачлаад оруулж ирж байгаа нь зөв. Цаг алдахгүй байх нь л чухал.

-Гэхдээ олонхийн бүлгийн дарга давхар дээлийн хуулийн төслийн хэрэгжилтийг 2016 оны долдугаар сарын 1-нээс гэдгээр нь дэмжинэ гэж байсан. Тэгэхээр Монгол Улс хоёр жилийн дараа л ухаалаг төр лүү явж эхэлж таарах нь дээ?

-Шийдвэр яаж гарах нь вэ, харж л байя. Үнэхээр асуудал хүндрэлтэй бол эртхэн шийдэх нь зөв. Улс төрийн өөр зорилготой байгаа бол олонх хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж шийдэх л байх даа.

-Өөр зорилго гэж та яг юуны талаар хэлээд байна вэ?

-Нийгэмд гараад буй нэг асуудлыг хоёр тийш нь болгох л гэсэн үг шүү дээ. Маргааныг хоёр тийш нь болгоё, тэр хүртэл хойш хоёр жил завсарлага авъя л гэдэг асуудал. Учир нь МАН-ын болон бусад бие даагч нараас яг энэ агуулга, хуулийн төслийг өргөн барих асуудал явж байсан.

-Одоогийн Засгийн газар улс төрийн гурван намаас бүрдэж байгаа. Тэр утгаараа Засгийн газраа тогтвортой ажиллуулахын тулд кабинетаа УИХ- аас бүрдүүлдэг гэх тайлбарыг хэлдэг?

-Зөв л дөө. Олонхийг бүрдүүлж буй улс төрийн хүчин Засгийн газраа тогтвортой ажиллуулахыг л хичээнэ. Гэхдээ юманд хязгаар бий. Сайдууд нь хариуцлага алдаад байвал түүнд хариуцлага тооцох л хэрэгтэй. Дахин хэлэхэд хуулийг олонх л баталдаг. Засгийн газрыг олонх л огцруулдаг. Олонх л өөрөө санаачилгатай байж, ажлаа урагшлуулах идэвхитэй байх хэрэгтэй. Тэдний гол үүрэг тэр. Цөөнхийн хувьд үйл ажиллагаанд нь хяналт тавиад, болж бүтэхгүйг нь олон түмэнд хүргэдэг. Нэг талдаа ард түмэнд мэдээлэл өгнө, нөгөө талаас эрх баригчдад сануулга өгдөг.

Үүнд л эрх баригчид дүгнэлт хийж, хариуцлагагүй ажилласныг нь огцруулаад л явна. Тэд сайдаа огцрууллаа гээд МАН-аас сайд томилогдох биш. Ардчилсан нам дотроо ажиллана. Ардчилсан намд одоо Засгийн газарт ажиллаж буй бүрэлдэхүүнээс илүү ажил хийгээд явах чадвартай хүмүүс байхгүй гэж тэд үзэж байх шиг байна даа. Хамгийн их чадавх, боловсон хүчний нөөцөөрөө хамгаалаад дуусъя гэж бодож байх шиг байна.

-Засгийн газрын хоёр сайдыг огцруулах саналыг МАН-ын бүлэг тавьсан ч, олонх хамгаалаад үлдлээ. Засгийн газарт хариуцлага тооцох саналыг МАН хоёр дахиа тавилаа. Үр дүнд хүрдэггүй нь үндэслэл муутайдаа л байна уу?

-Энэ бол улс төрийн акц шүү дээ. Бид үүгээрээ дамжуулан нийгэмд мэдээлэл өгч байна. Үүнд л сонгогч олон түмэн дүгнэлт хийдэг. Бид алдаатай асуудал тавьж байгаа бол олон түмнээс сөрөг оноо авна. Харин МАН зөв асуудал тавьж байгаа бол бид олон нийтээс дэмжлэг аваад, дуу хоолойгоо нэмэгдүүлээд явна. Эцсийн эцэст хоёр жилийн дараа сонгууль болно. Сонгуулиар л дүн тавигдана даа.