Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.12.30

Мэндчилгээ

Монгол Улсын нийт ард, иргэд ээ!

 Та бүхэндээ 2014 оны шинэ жилийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

 Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар Та бүхнийхээ шаргуу хөдөлмөр, зүтгэл, ирээдүйд итгэх их итгэл найдвар, хүсэл тэмүүллийн хүчээр, эх орноо хөгжүүлэх үйлсэд оруулсан хүн бүрийн хувь нэмэр, оролцооны ачаар эдийн засаг, санхүүгийн амаргүй бэрхшээлтэй нэгэн оныг амжилттай даван туулж, шинэ онтойгоо золголоо.

 Монгол Улсын Шадар сайдын хувьд эрхэлсэн асуудлынхаа хүрээнд төрийн байгууллага, албан хаагчдын сахилга, хариуцлагыг хамгийн дээд түвшинд байлгаж, “Хаан болсон ард түмэн”-дээ чин үнэнчээр үйлчлэн тусалж, өөрчлөлт, шинэчлэлтийн түүчээ нь байх зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

 “Сахилга, хариуцлага” гэдэг бол үндэсний баялаг бүтээх асар их нөөц, улс орны хөгжил дэвшлийн шимтэй хөрс нь юм. Тийм учраас “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” гэсэн том зорилтыг Та бүхнийхээ өмнө дэвшүүлэн тавьсан билээ.

“Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээн манай ард түмэн зорилгодоо хүрэх арга замыг тун ч товчоор онч мэргэн тодорхойлон сургамжилсныг ямагт санаж явах аваас дэлхийд Монгол хүн манлайлах  хүсэл мөрөөдөл биднээс тийм ч холгүй ээ.  

 Дэгтэй байх нь хэн нэгний тушаал шийдвэрийг аялдан дагаж, номхон хүлцэнгүй байхын нэр бишээ. Жирийн иргэнээсээ аваад Төрийн тэргүүнээ хүртэл хүн бүр Төрийн хууль тогтоомжийг чанд сахиж, ёс жудагтай, илүү идэвхитэй, дайчин, цоглог, бүтээлчээр сэтгэн туурвигч, баялаг бүтээгч байхын төлөө тэмцэл гэж ойлгож байна.

 Өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар бидэнд өвлөгдөн ирсэн аугаа их түүхтэй,  асар их баялагтай орны, төрөлхийн эрэлхэг дайчин, овсгоо самбаатай, ямар ч нөхцөлд дасан зохицож, тэсэн амьдрах өндөр чадавхитай ард түмний үр сад бид түүхэн боломжийг ашиглан дэлхийд манлайлагч үндэстэн болохын төлөө өнөөдрөөс эхлэн зорин тэмцэхийг Та бүхэндээ хандан уриалж байна.

 Ирж буй 2014 онд  улс, эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд хүн бүр хувь нэмрээ оруулан, амжилт бүтээлээр арвин, эдэлж хэрэглэхээр элбэг хангалуун, аз жаргалаар төгс дүүрэн, эрүүл энх, саруул сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

УИХ-ын гишүүн, Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагва