Төрөөс ЖДҮ-д өгч байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ хязгаарлагдмал.
2013.12.30

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн том дэмжлэг хэрэгтэй

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл бага байдаг. Энэ салбарын хөрөнгө оруулалт  санхүүжилтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Улсын хэмжээнд 90 545 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдгаас 65 600 орчим нь байнгын буюу тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс жижиг дунд үйлдвэр ихэнх хувийг нь эзэлдэг. АНУ, Солонгос зэрэг хөгжингүй орнуудын туршлагаас харахад ЖДҮ-ийг хөгжүүлснээр хүн амын орлого, ажлын байр гээд олон асуудлыг давхар шийдэж чадсан байдаг.

Сүүлийн жилүүдэд манай улсад ЖДҮ хөгжиж байгаа ч гараагаа эхэлж буй аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Тэдний гол зорилго бол хүү багатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах. Харамсалтай нь тийм зээл ховорхон. Өнөөдөр ЖДҮ-ийн салбарт 730 000 гаруй хүн ажиллаж байна.

Хөдөлмөрийн Яамны жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан:

Төрөөс ЖДҮ-д өгч байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ хязгаарлагдмал байдаг учраас зээл хүсэгчид олон. Зээлээс гадна ЖДБ эрхлэгчдийн чадавхийн асуудал чухлаар тавигддаг. Энэ чиглэлд манайд дорвитой ажил хиймээр байна.

ЖДҮ эрхлэх гэж буй хүмүүс мэдээлэл муутайгаасаа болж цаг хугацаа алддаг, ямар ч тооцоо судалгаа хийлгүйгээр үйл ажиллагаа эхлүүлдэг гээд асуудал мундахгүй. Энэ чиглэлээр хөдөлмөрийн яаманд тусгай баг ажиллаж байгаа учраас тэндээс хэрэгтэй мэдээллээ авах боломжтой юм.

Хөдөлмөрийн Яамны жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан:

Зөвхөн төрөөс суулгасан төсвийн мөнгөний санхүүжилтээр бус олон улсын төсөл хөтөлбөрийн шугамаар дадлага, туршлага олох, бизнесээ хөгжүүлэх боломжийг хүмүүст хэрхэн олгох вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Мөн өөрийн хүч бололцоогоо ашиглаад бизнесээ хөгжүүлж яваа хүмүүст бараа бүтээгдэхүүнээ борлуулахад нь туслах, зөвлөгөө өгөх, хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжих зэргийг гол болгож байна.

Манайх импортын бараа бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх бус, харин үйлдвэрлэгч орон байх нь улсдаа ч тэр, хувь хүндээ ч тэр хавьгүй ашигтай. ЖДҮ-ийг хөгжүүлэх нь ажилгүйчүүдийн тоог бууруулахад том түлхэц өгнө. ЖДҮ-ийн цаана олон хүний амжиргааны асуудал яригддаг учраас энэ салбарт санхүүгийн том дэмжлэг үзүүлэх нь юу юунаас чухал байна.