Даваасүрэн.Ц Баярцогт.С Эрдэнэбат.Ж 2013.12.30 | Телевиз: МН25-р суваг

Давхар дээлийг 2016 оноос биш одооноос тайлах хэрэгтэй

Одоогийн хуулиар гүйцэтгэх засаглалын хууль тогтоох засаглалд үзүүлэх нөлөө их байна

УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн Газрын гишүүдийн давхар дээлийг тайлах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Гэхдээ зөвхөн УИХ болон Засгийн Газрын тухай хуулинд өөрчлөлт оруулснаар энэ асуудал шийдэгдээд дуусахгүй гэдгийг олон гишүүн хэлж байна.

Харин төрийн тэргүүн УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг тусад нь явуулах ёстой гэсэн саналыг оруулсан нь улс төрийн том дүгнэлт хийж болох сэдэв гэдгийг олон хүн онцолж байна. Гэвч УИХ болон Засгийн газрын гишүүнийг бүхэлд нь салгахыг МАН, АН-ын аль аль нь дэмжихгүй нь тодорхой болоод байна. Тэд гол чиглэлийн яамдын сайд болоод Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно гэж үзэж байна.

УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Ерөнхийлөгчийн хувьд зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болохоор хуулийн төсөлдөө заагаад байгаа юм. Мөн хуулийн хэрэгжих хугацааг 2016 он гэж тодотгожээ.

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

Өнгөрсөн оноос эхлээд бид пропорциональ системийг оруулж ирсэн. Цаашдаа Монгол Улсад нэг бол цэвэр пропорциональ, нэг бол холимог багтдаг пропорциональ, эсвэл параллель системийг сонгож, УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүн болвол дараагийн хүн нь УИХ-д орж ирж шилжих байх болно гэдгийг Ерөнхийлөгч маань дэмжиж, ийм хуулийг оруулж ирсэн гэж ойлгож байна.

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

Англи мажоритори буюу олонхийн системтэй. Үүний сайжруулсан хэлбэр нь болох боннын систем буюу зөвшилцөлийн ардчиллын системд парламентын сонгууль нь пропорциональ системээр явагддаг. Манай улс ч бас энэ чиглэлд алхам хийсэн гэж харж байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

Санаачилсан хуулийнхаа хэрэгжих хугацааг яагаад 2016 оны долоон сарын нэгэн болгочихвоо гэдгийг мэдмээр байна.  Дараагийн сонгуулиар олонхи болсон нам санаачилсан хуулийг чинь хүчингүй болгочихвол яах юм бэ? Өнөөдрөөс эхлүүлээд хэрэгжүүлэх зүйлийг яагаад 2-3 жилээр хойшлуулж байгаа юм бэ?

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

Парламентын сонгуулийн үр дүнгээр олонхи болсон аль ч улс төрийн хүчинд энэ хуулийг өөрчлөх хууль зүйн боломж олдохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх тухай яригдах ёстой. Үүнийг яагаад хөндсөнгүй вэ? 2000 оны эхэнд Үндсэн Хуулийн Цэцийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд энэ асуудлыг хөндөөгүй юу?

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

2000 оны өөрчлөлт маань УИХ гишүүн Засгийн Газрын гишүүн байхыг хориглоно гэснийг өөрчилснөөс гадна УИХ-ын гишүүдийн олонхи ирснээр чуулган хүчинтэй гэж заасан учир 39 гишүүн хангалттай болчихоод байна.  Тэдгээрийн олонхиор нь хууль баталж болно гэж заасан учир 20 гишүүнээр хууль батлагдана. Энэ  20 хүний олонхи нь Засгийн Газрын гишүүн байж болох учраас хууль тогтоох эрх мэдэлд Засгийн Газрын гүйцэтгэх эрх мэдэл нөлөөлөх боломжтой.