Батсуурь.Ж 2013.12.30 | Телевиз: МҮОНТВ

УИХ болон Засгийн Газрын гишүүний давхар үүргийг халахыг олонхи гишүүд дэмжиж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэдэг байдлыг өөрчлөх нь зөв гэж УИХ-ын олонхи гишүүд байр суурь нэгдээд байна. Тухайн зохицуулалтыг хийхийн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт хийх шаардлагагтай болоод байна.

УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэдэг одоогийн зарчмыг өөрчилж, УИХ болон Засгийн Газрын тухай хуулиудад өөрчлөлт оруулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д гаргаад байна. Уг саналыг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь

Өнөөдөр ихэнх сайдууд гурван байнгын хороонд харъяалагдаж, салбарынхаа хэлэлцэх асуудлын ажлын хэсэгт хүртэл орчихсон явж байдаг. Тэгээд өөрөө саналаа өгдөг. Энэ бол жинхэнэ ёс зүйгүй явдал. Хоёрдугаарт, ашиг сонирхлын зөрчил дээд цэгтээ хүрлээ. Ийм байдлаар бид үргэлжлүүлж болохгүй.

УИХ болон Засгийн Газрын тухай хуулиудад өөрчлөлт оруулсан нөхцөлд 2016 оны долоон сарын нэгнээс эхэлж мөрдөх саналыг Ерөнхийлөгч УИХ-д гаргаад байгаа юм. Харин уг хуулийг батлагдсан цагаас нь мөрдөж эхлэх шаардлагатай гэж УИХ-ын зарим гишүүд үзэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:

Хуулийн логик эргэлзээтэй байна. Уг хуулийг энэ парламент хэрэглэхгүй, биднээс хойших нь хэрэглэнэ гэсэн таагүй мессэжийг нийгэмд илгээгээд байна. Өөрөөр хэлбэл, дарга хүн хууль зөрчиж болно, харин иргэн хүн зөрчиж болохгүй гэсэн санааг хэлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Засгийн Газрыг огцруулж, төрийг тогтворгүй болгож болохгүй. Хэрэв та бүхэн эдийн засагт хямрал үүсээд буйд УИХ Засгийн Газарт хариуцлага тооцох ёстой гэж байгаа бол энэ журам бусад хуулиудаар нээлттэй байна.

Одоогоор Засгийн Газрын 19 гишүүний 17 нь УИХ-аас сонгогдон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь сайдын албыг давхар хашиж байна гэсэн үг. Ийм нөхцөлд УИХ Засгийн  Газарт хариуцлага тооцох боломжгүй байгааг зарим гишүүд хөндөж байна. Гэхдээ хууль эрх зүйн өөрчлөлтийг ямар хүрээнд хийвэл илүү оновчтой болох вэ гэдэг тал дээр байр сууриа илэрхийллээ.