Бие даасан зургаан хууль 2014 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэллээ
2014.01.02

2013 онд УИХ нийт 215 хууль, тогтоомж баталжээ

2013 онд УИХ нийт 215 хууль тогтоомжийг баталсан нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Эдгээрээс хэд хэдэн хууль 2014 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм байна.

Монгол Улсын Их Хурлаас баталсан зургаан бие даасан хууль, тэдгээрт холбогдох 35 нэмэлт өөрчлөлт шинэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжинэ. Дээрх зургаан хуулийн нэг болох Үнэт Цаасны Зах Зээлийн тухай хуулиар хаалттай компаниуд хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргаж, санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой болсноор Монголын эдийн засаг сэргэх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мөн хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, төлбөрийн чадваргүй яллагдагчдад хууль зүйн туслалцаа үзүүлэх хууль зэрэг нь нэгний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Төлбөрийн чадваргүй яллагдагчдад хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх 37 төвийг байгуулах юм байна.

Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдсанаар гэрч хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа олгох нэгдсэн тогтолцоо бүрдэж, гэмт хэргийн илрүүлэлт сайжирна.

Түүнчлэн шинэ оноос тахарын албаны тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хамгийн сүүлийн хууль бол цагдаагийн албаны тухай хууль юм.

Энэ мэтчилэн 2013 онд нийт 215 хуулийг баталсан байна. Эдгээр хуулийн дотор Засгийн Газар болон намын бүлгүүдийн өргөн барьсан хуулиудын эзлэх хувь өндөр байна. Харин бие даагчдын зүгээс ямар хуулиуд өргөн барьсныг тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Бие даагчид хууль болгон дээр өөрийн байр суурийг илэрхийлж, ажлын хэсгүүд дээр нэлээд идэвхтэй ажиллалаа. Тухайлбал, багагүй дуулиан тарьсан алтны тухай хууль дээр  нам бүлэг бус жирийн сонгогч ард иргэдээ төлөөлж, хүчтэй байр суурьтай байлаа. Зарим хуулийг эсэргүүцэж, заримыг нь дэмжиж байв. Бие даагчид нийт 13 хууль өргөн барьсны дотор долоон хуульд ач холбогдол өгч ажиллалаа.

УИХ 2013 онд бие даасан 25 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 106 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон бататгах тухай дөрвөн хууль, хүчингүй болсонд тооцох тухай 11 хууль, УИХ-ын 69 тогтоолыг хэлэлцэн баталсан байна.