Хэрвээ хууль бусаар буусан бол газар олгохгүй
Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг
2014.01.06

Хэрвээ хууль бусаар буусан бол газар олгохгүй

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэгтэй ярилцлаа.

-2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө гаргасан байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Бид 2012 онд иргэдэд газар олгох төлөвлөгөөгөө баталсан. Гэвч өнгөрсөн 2013 онд нийслэлийн засаг дарга газар нэмж олгохгүй, замбараагүй газар олголтыг цэгцэлнэ гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс төлөвлөгөөний дагуу захирамж гарахад бэлэн болсон байсан хэдий ч газар олгоогүй. Өмнө нь хоёр байршилд газар олгох байсан. Харин энэ удаагийн төлөвлөлтөөр Хан-Уул дүүргийн X, XII,XIII,XIV хорооны долоон байршилд газар олгохоор төлөвлөөд байгаа. 1700 га газарт иргэдэд газар олгоно. Гэхдээ өмнө нь гаргасан захирамжийг шинэчлээд, дараагаар нь дэс дараатайгаар үйл ажиллагаагаа явуулна.

-Өргөдөл нэмж авна гэсэн үг үү?

-Юун түрүүнд хэлэхэд битгий сандар гэмээр байна. Дүүргийн Өмч, газрын харилцааны албаны төлөвлөгөөг ИТХ баталдаг. Тиймээс баталсан төлөвлөгөөний дагуу нийслэлээс кадастрын зураг, төлөвлөлт хийгдэнэ. Төлөвлөлтөөр тухайн хэсэгт хэдэн өрх байна, хэдэн хүн байршиж болох вэ гэдгийг гаргах юм. Үүний дараагаар хэзээнээс газар олгох нь шийдэгдэнэ.

-Газар олгох сургаар иргэд зөвшөөрөл авсан, аваагүй очоод л буучихдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

Өмнөх өргөдөл өгсөн хүмүүсээ байршуулсны дараагаар өргөдөл авна.

-Өнгөрсөн 2012 оны зургадугаар сард Яармагт юу болсон билээ. Тухайн үед хууль, дүрэмгүйгээр олголт явагдахыг зогсоосон. Тийм учраас газар олгоно гэсэн сургаар байрласан иргэдэд газар олгохгүй. Энэ нь бусдад буруу үлгэр дууриал үзүүлж байгаа явдал. Харин иргэд Өмч, газрын харилцааны мэргэжилтэнгүүдтэй харьцаж, дүрэм журмын дагуу асуудлыг шийдэх ёстой. Түрүүн хэлсэн шүү дээ. Өмнөх өргөдөл өгсөн хүмүүсээ байршуулсны дараагаар өргөдөл авна. Тиймээс хатуу хэлэхэд иргэд зөвшөөрөлгүй бууж болохгүй. Хэрвээ хууль бүсаар буусан бол газар олгохгүй.

Энэ асуудалд хатуу зарчим баримтална. Гэхдээ иргэдийнхээ үгийг сонсоно. Ялангуяа дүүргийнхээ 0.7 га газрыг аваагүй байгаа иргэдэд давуу эрх олгоно. Бусад дүүргийн иргэд ирж газар авахыг үгүйсгэхгүй. Тэр хүмүүс хууль журмын дагуу л газар авна. Үүнийг Өмч, газрын харилцааны алба зохицуулна. Иргэдийн хурал хяналт тавих л ёстой болохоос биш дотоод ажилд оролцох эрхгүй.

-Танай дүүргийн хувьд газрын маргаан ихтэй. Ялангуяа XI хороонд газрын маргаан их гардаг. Саяхан зөвшөөрөлгүй буусан иргэдийн асуудал гарч байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдэв. Цаашид хэрхэх вэ?

-Бид иргэдийн сонгосон УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нартай хамтран ажиллах хэрэгтэй. Түүнчлэн НИТХ-д сонгогдсон төлөөлөгчидтэйгөө хамтран ажиллах ёстой. Ер нь бол бид зохих шийдвэр, кадастрын зургийг хууль санаачлах эрхтэй энэ хоёр хүнд өгсөн. Харин хэрхэн шийдэхийг УИХ-ын мэдлийн асуудал. Ер нь XI хороо гэлтгүй бусад Дархан цаазат газруудад ч ийм асуудал бий.

Харин XI хорооны иргэдийн хувьд уугуул, суугуул гэж барьцах хэрэггүй гэж хэлмээр байна. Тэднийг газар ашиглах гэрээ байгуулахыг Засаг даргад үүрэг болгосон. Үүнийгээ ч зөв гэж бодож байна. Миний зүгээс Иргэдийн нийтийн хурлын даргадаа хоорондоо хэлэлцээч гэдгийг үүрэг болгосон. Тэгэх эрх нь бий. Одоо оршин сууж байгаа хүмүүс дунд янз бүрийн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Газар наймаалдаг хүмүүс ч байж магадгүй. Үүнийг тодруулаач ээ гэж байгаа юм.

-Хилийн зэсийг өөрчлөх асуудал яригдаад байгаа?

-Минийхувьд хилийн зэсийг өөрчлөхийг үгүйсгэдэггүй. Хамгаалалтыг мод руу нь татаач ээ л гэдэг хүсэлт тавьсан. Нэгэнт барилга баригдаад, суурьшлийн бүс үүсчихсэн байхад үүнээс өөр арга байхгүй. Нэг үгээр бол цааш нь ахиулахгүй байх арга хэмжээг л авах юм. Барьсан байшинг нь нураалтай биш. Тэнд амьдраад, Хан-Уул дүүргийн иргэн болчихсон байхад би иргэдийнхээ эсрэг ажиллаж болохгүй. Харин энэ хууль ингэж зөрчигдөөд байна, яаж засах вэ гэж ажиллах ёстой. Нүхтийн аманд биднийг харсаар байтал байшин бариад л ороод ирлээ.

-Дархан цаазат газарт зөвшөөрөл олгох нь БОНХЯ- ны мэдлийн асуудал. Харин хяналт тавих эрх дүүрэгт байдаггүй юм уу?

-Байхгүй. Тэр байтугай томоохон газар олголт нийслэлээс явагддаг. нийслэлийн Өмч, газрын харилцааны газраас олгодог гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нэг асуудлыг тодорхой ярих хэрэгтэй. Дүүрэгт нь эрх мэдэл өгөхгүйгээр нийслэл, Засгийн газар, яам мэдэх юм бол бид энд байгаад яах юм бэ. Хатуухан хэлэхэд нийслэлийн давхардсан байгууллагуудыг татан буулгамаар санагддаг. Хэр зохистой нь мэдэхгүй байна. Дүүрэгт байгаа бүх алба нийслэлд байна. Бодлого барихыг нийслэл хийж болох ч өдөр тутмын асуудалд нь оролцох хэцүү.

Дүүрэг гэж байлгах юм бол байлгасан шиг байлгах хэрэгтэйг харуулж байна.

Ер нь тэгээд албад босоо удирдлагатай учраас дүүрэгт захирагдах нь ховор. Дүүргийн Засаг даргын мэдлийнх гэвэл Тамгын газарт харъяалагдаж байгаа хэдэн хэлтэс л байна. Ийм асуудлыг хоорондоо сайн ярилцах хэрэгтэй. Дархан цаазат газраа хамгаалах асуудлын талаар сая яригдлаа. Харин хамгаалалтыг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалт захиргаа хариуцдаг. Гэвч дүүрэгт нэг л байцаагч байдаг. Тэр хүн ажлаа хийхэд хүндхэн байдаг. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа манайд нэг хүсэлт тавьсан. Тэгээд хүсэлтээ намайг батлаад өгөөч гэж байгаа юм. Би тэрийг хийхийн тулд дүүргийнхээ Засаг дарга, Өмч, газрын харилцааны албаны даргатай уулзсан. Улмаар энэ хүмүүстэй тохир гэхэд тохирохгүй байгаа.

-Яагаад?

-Намайг ИТХ-ын хурлаараа батлаад өг гэсэн. Гэтэл би Засаг даргатайгаа ярих нь зүйн хэрэг. Энэ бол хоорондын уялдааг л харуулж байгаа юм. Дүүрэг гэж байлгах юм бол байлгасан шиг байлгах хэрэгтэйг харуулж байна.

-Хан-Уул дүүрэг 2014 оныг хүүхдийн төлөө жил болгосон байна. Энэ талаар?

-Энэ оныг хүүхдийн төлөө жил болгоод, хүүхэд залуучуудын төв байгуулсан. Тиймээс энэ жил дүүргийн төсвөөр гурван цэцэрлэг баръя гээд төсөвт суулгасан байна. Мөн хүүхдийн төлөө ажил хийхэд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн.

-Энэ онд хийгдэх томоохон ажлуудаасаа дурдвал?

-Яармаг хорооллыг гэрэлтүүлэгтэй болгох үүднээс энэ оны төсөвт гурван тэрбум 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Манай дүүрэгт байгаа хамгийн том хороолол. Энэ ажлыг манай дүүргийн Засаг дарга санаачилсан. Түүнчлэн тэнэмэл хүмүүсийг багасгах ажлыг хийнэ. VIII, IX хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулахад 500 сая, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн явган зам, дуут дохио суурилуулахад 15 сая, эрүүл мэндийн нэгдэлд тоног төхөөрөмж нэмэгдүүлэхэд 30 сая төгрөгийг тус тус зарцуулж дүүргийнхээ нийгмийн тодорхой асуудлыг энэ онд шийдвэрлэж иргэд оршин суугчидаа дэмжихээр ажлаа эхлээд байна.

-Хороодод хэдэн төгрөг төсөвлөөд байгаа талаар?

-Хороодод хийгдэх бүтээн байгуулалтын төсөв бүрэн батлагдаагүй байна. Гэхдээ

I хороонд 108 сая төгрөг,
II хороонд 108 сая төгрөг,
III хороонд 136 сая төгрөг,
IV хороонд 91 сая төгрөг, XIV хороонд 40 сая төгрөг гэх мэт хөрөнгөөр нийтдээ бүх хороондоо нэг тэрбум 500 сая төгрөгөөр бүтээн байгуулалт хийнэ. Гэхдээ энэ дүн нэмэгдсэн байгаа.