Баасанхүү.О 2014.01.06 | Сонин: Өдрийн сонин

О.Баасанхүү: Манай намынхан намайг сайт сэтгэгдлээр доромжилж, утсаар дарамталж байсан байна

О.Баасанхүү: Манай намынхан намайг сайт сэтгэгдлээр доромжилж, утсаар дарамталж байсан байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс дараах тодруулгыг авлаа.

-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Хэрэгжиж эхлээд жил ч болоогүй энэ хуульд ямар шаардлагаар, ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?

 -Гурван үндэслэл бий. Нэгдүгээрт нь хуульд тамхи татдаг цэгийг зааж егье гэж байгаа. Яагаад гэвэл тамхи татаж хууль зөрчиж байгаа хүмүүст бид шаардлага тавих гэхээр өөдөөс “тэгээд, хаана татах гэж” гэсэн асуултыг тавьж байна. Тэгэхээр хаана татаж болох вэ гэдгийг нь хуулиар зохицуулж өгөөгүй учраас хуулийг бүрэн хэрэгжүүлж, тамхичдад шаардлага тавьж болохгүй байна. Тиймээс тамхи татдаг цэгийг нь байгуулж өгөөд “Олон нийтийн, гудамж талбайд, миний дэргэд тамхи бүү тат.

Яагаад хууль зөрчөөд байна” гэж хэлэх, шаардах боломж бүрдэнэ. Мөн тамхи наймаална гэдэг хор зарж байна гэсэн үг. Хор зараад ашиг олно гэдэг шударга ёсонд нийцэхгүй. Үүнийг зохицуулах хоёр боломж бий. Нэгдүгээрт нь татвар, нөгөө нь хүмүүнлэгийн ажилд олсон мөнгөнөөсөө хандивлах. Шууд хэлбэл татварын хэмжээг хоёр жил тутамд нэмэгдүүлж, танай компани хүмүүнлэгийн ажилд хөрөнгө оруулалт хийж болно гэсэн заалт оруулж байгаа юм.

Гэхдээ хүмүүнлэгийн ажил нэрээр тамхины үйлдвэрийг, импортлогч компаниудыг сурталчлахгүйн тулд энэ бүх процесс далд байх ёстой. Үүнийг ч өөрчлөлтөөр тусгасан. Харин хор зарж ашиг оллоо гээд коммунизмын үеийнх шиг хөрөнгийг нь хурааж болохгүй. Хамгийн сүүлийн үндэслэл маань 500 метрийн тухай асуудал. Энд гурван сөрөг зүйл үүсээд байгаа.

-Ямар асуудлууд үүсээд байгаа гэж. Таны энэ хуулийн төслийг эмэгтэй гишүүд, тэр дундаа Л.Эрдэнэчимэг гишүүн ихээхэн эсэргүүцэж байгаа?

Харин хор зарж ашиг оллоо гээд коммунизмын үеийнх шиг хөрөнгийг нь хурааж болохгүй.

-Үүнтэй холбоотойгоор тамхины нууц бизнес цэцэглэж, “явдаг ТҮЦ”-үүд ажиллаж эхэлснийг хүн бүр мэдэж байгаа. Л.Эрдэнэчимэг ч мэдэж байгаа. Мөн тодорхой стандарт бүхий газрууд, сумын төвүүдэд ихээхэн бэрхшээл тулгарч эхэллээ. Сумын Засаг дарга нь тамхи зарах тогтоолд гарын үсэг зурж байна. Түүнчлэн татвараас гадуур хиймэл үнийн өсөлт бий болсон. Өөрөөр хэлбэл таньдаг хүндээ тамхи зарна. Зарахдаа дуртай үнээ хэлж хууль бусаар ашиг олж байна. Тиймээс л 500 метрийг эргэж харах хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Тамхи үйлдвэрлэгч, импортлогчдын лоббигоор ийм алхам хийж байна гэсэн яриа гарсан?

-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газраас санал авахад 53 гишүүн гарын үсэг зурсан. УИХ-ын гишүүдээс ч, иргэдийн зүгээс ч тэр өндөр дэмжлэгтэй байгаа. Учир нь энэ хууль төгс болж чадаагүй учраас тэр. Тэгээд ч Л.Эрдэнэчимэг гишүүн “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв” гэсэн ярилцлага өгсөн байсан. Тэрээр “... тамхи татахыг хориглосноос бусад газарт татаж болно” гэсэн заалт оруулна гэж яриад байгаа юм. “Тамхи татаж болно” гэсэн заалттай байх юм бол энэ хуулийг гаргаад ч хэрэггүй.

Жишээ нь хүнийг “Архи ууж болно. Уугаад бай” гэж хэлж болохгүй биз дээ. Энд хорын тухай яриад байгаа юм шүү дээ. Тэгэхээр би тамхи татдаг цэгийг нь зааж өгөөд тэнд хүмүүс тамхи татна уу, байна уу өөрсдөө мэд гэдгийг яриад байгаа юм. Харамсалтай нь Л.Эрдэнэчимэг гишүүн бодит байдлыг улстөржүүлж, шоудах гээд түүндээ ороогдоод жаахан эвгүй байдалд орчихов уу гэж харагдаж байна. Жишээлбэл “Миний санаачилсан хууль” гэж яриад байгаа юм. Л.Эрдэнэчимэг гишүүн хөөрхий энэ хуулийг санаачлаагүй. Ажлын хэсэг ахлах төдий л ажилласан.

-Бас Шонхор шувууг худалдаалахыг хориглох хууль санаачилсан гэв үү?

-Шонхор шувууг үндэсний бахархлаар зарлачихлаа. Түүхэнд Кидан улс шонхор шувууны дүрсийг туг, далбаандаа оруулж тахиж байсан нь цорын ганц тохиолдол. Энэ утгаараа ярих зүйл ихтэй. Тиймээс шонхор шувууг хамгаалах эхний алхмыг хийе гэж байгаа юм. Тэгээд ч нийслэл хот маань үлгэрийн амьтан бэлгэддэгээ больж шонхор шувууг тахивал хүмүүсийн ан амьтан, байгаль орчноо хамгаалах, тахин шүтэх хөшүүрэг болох талтай. Эндээсээ 21 аймаг тус бүр нэг амьтныг бэлгэдсэнээр байгаль орчноо хамгаалж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Ийм байдлаар байгаль хамгаалах сүлжээг бий болгохоор хуулийн төслийг боловсруулах зорилготой байгаа.

-Засгийн газар шонхор худалдаалахыг хориглосон тогтоол гаргасан байхад заавал хуульчлах шаардлагатай гэж үү?

-Нэг ч ширхэг шонхор худалдаалахгүй бас бэлэглэхгүй. Бид нэгийг нь таван мянган ам.доллараар өгдөг. Арабууд 50 сая ам.доллараар дамладаг. Тэднийг баяжуулахын тулд бид ан амьтнаа өгөх хэрэггүй. Уг нь Засгийн газраас шонхорыг зарахгүй байх тогтоол гаргахаар нь би энэ хуулийг санаачлахаа больсон. Гэтэл нэг гараараа ийм шийдвэр гаргачихаад нөгөө гараараа 15 шонхор бэлэглэж байх жишээтэй. Тиймээс л хуульчилж, бэлэглэхгүй, бас худалдахгүй байх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Үндэсний бахархал бол бахархлаараа л байх ёстой.

-Саяхан О.Баасанхүү намаасаа хөөгдөх нь гэсэн яриа гарсан. Танай намд яг юу болоод байна вэ?

-Би твиттер хуудсандаа “Манай намын дэд дарга Д.Тэрбишдагва намайг намаасаа гарахыг зөвлөв" гэж бичсэн. Зөвлөв гэдэг намаасаа хөөлөө гэсэн үг биш л дээ. Яагаад вэ гэвэл бид хоёр намынхаа асуудал дээр бодлогын зөрүүтэй байгаа юм. Шалтгаан нь МАХН дэлгүүр биш. МАН, АН-тай уралцаж, наймаалцдаг зарчмаар ч явах ёсгүй. Энэчлэн олон асуудал байна. МХЕГ-ын даргыг сонгож чадахгүй, нам унтаа байдалтай байгаа гээд.

-Та л өөрөө намынхаа удирдлагуудтай толхилцоод байгаа юм биш үү?

-Оны өмнөхөн Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдтэй уулзахад би гомдолтой байгаагаа хэлсэн. Намайг утсаар, мессежээр, сайтуудын сэтгэгдлээр доромжилж гутаасан, дарамталсан зүйлсийг бичдэг гэж. Үүнийг шалгаад өгөөч гэхээр Тагнуулын ерөнхий газар “чадахгүй” гэсэн. Үүнийг Ерөнхийлөгчид хэлтэл ТЕГ-ынхан шалгаж хэн ийм үйлдэл хийгээд байгааг нь тогтоосон юм. Эцсийн дүнд нь манай намын зарим хүмүүс энэ бүхнийг хийж байсан байна лээ.

-Яагаад намынхан чинь ийм үйлдэл хийх болсон юм бол. Энэ тухай удирдлагууд чинь юу гэж байна. Эсвэл Д.Тэрбишдагва сайд таныг шахаад байгаа юм уу?

-Дэд даргатай энэ асуудлыг яриад маргааш нь асуудлаа хагалуулахаар Н.Энхбаяр даргатай очиж уулзсан. Юу болоод байгаа бүхнийг би хэлсэн. Хариуд нь 2014 онд Н.Энхбаяр дарга улс төрд эргэж ирнэ гэдгээ хэлж байна. Мөн намын дарга маань Д.Тэрбишдагва даргад ч бас үг хэлсэн. “Энэ намыг устгах гээд байгаа юм уу эсвэл ажиллуулах гээд байна уу. Ажиллуулмаар байвал одоо бодлогоо тодорхойл. Юундаа унтаад байгаа юм бэ” гэсэн. Солонгост очиж даргыг эргэхэд бидний дунд ийм яриа өрнөсөн.

-Хэн, ямар зорилгоор таныг оролдоод байгааг хэлэхгүй юм уу?

-Н.Энхбаяр даргын өмгөөлөгч гэдгээр хүмүүс намайг мэддэг. Тэгэхээр О.Баасанхүүг хүчгүй байвал Н.Энхбаяр хүчгүй байна гэсэн үг. Н.Энхбаяр даргыг хүчгүй байлгахын төлөө л хэсэг бүлэг хүмүүс ажиллаж байна. 2016 он хүртэл ийм байдлаар явах сонирхолтой байгаа юм шиг байна.

-Тодорхойгүй шалтгаанаар намынхандаа шахагдчихлаа. Ямар нэг хариу үйлдэл хийх үү?

-МАХН-д 260 мянган хүн санал өгсөн юм билээ. Би 260 мянган дэмжигч болоод бусад хүмүүсийн төлөө ажиллана. Үүний төлөө ямар ч эрсдэлийг үүрэхэд бэлэн байна. УИХ-д суухын тулд би гишүүн болоогүй. Шударга ёсыг л ярих гэсэн юм.

-Н.Энхбаяр даргын биеийн байдал нь ямар байна вэ?

-Үнэхээр сайжирсан байна. Н.Энхбаяр даргыг биологийн насаараа биш ч оюун ухаанаараа ирэх 20 жилд улс төрд байх боломжтой гэж харж байгаа. Ганц зүйл нь МАНАН-гийнхан Н.Энхбаяр даргыг ирүүлэхгүйн төлөө ажиллаж манай намын зарим хүмүүсийг урвуулчихсан юм шиг байгаа юм. Тийм л сэтгэгдэл төрж байгаа.