Батцогт.Д 2014.01.06 | Сайт: News.mn

Хөдөлмөрийн яамны ажлыг шалгана

Хөдөлмөрийн яамны ажлыг шалгана
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт маргааш Хөдөлмөрийн яаманд ажиллахаар болжээ.

Байнгын хорооны даргаар томилогдоод удаагүй байгаа Д.Батцогт гишүүний хувьд монгол хүн бүрийг ажилтай, орлоготой байлгах үүрэг хүлээсэн тус яамыг сонгосон нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар дэвшүүлсэн зорилт, хэрэгжилт ямар байгаа, санхүүжилтийн асуудлууд хэрхэн шийдвэрлэгдэж ирсэн, мөн ямар эх үүсвэрээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүүжилтийг шийдэж ирэв гээд олон асуудлыг газар дээр нь хянахаар шийдсэн нь энэ бололтой.

Сүүлийн өдрүүдэд иргэд жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авч чадахгүй байгаа тухай гомдлыг мэдүүлэх болсон. Хөдөлмөрийн яамны зүгээс 2013 оны санхүүжилтээ бүрэн хийж, арилжааны банкуудад явуулсан. Арилжааны банкууд өгсөн санхүүжилтийнх нь хэмжээнд тааруулан зээлийн ерөнхий нөхцөл хангасан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл нь шалгарсан иргэдэд зээлийг олгосон гэх тайлбарыг ирүүлээд буй.

Гэвч Хөгжлийн банк дээр зарим нэг санхүүжилт нь гацсанаас иргэдэд зээл нь цаг хугацаандаа очиж чадахгүй тэр хэрээр үйлдвэрлэл эрхлэх боломж нь хязгаарлагдаж цаг алдаж байгааг иргэд сануулж байна. 

Хөгжлийн банк жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрийг яаралтай шийдэхгүй бол эргээд Засгийн газрын шийдвэрийг цалгардуулж болзошгүй нь.