Батцогт.Д 2014.01.07 | Сонин: Өглөөний сонин

Д.Батцогт: Бусад намын дотоод асуудалд оролцмооргүй байна

Д.Батцогт: Бусад намын дотоод асуудалд оролцмооргүй байна
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтт

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ дахь нэлээд өргөн цар хүрээтэй салбаруудыг ха­риуцдаг байнгын хороог тэргүүлэх болж аж­лаа хүлээн авлаа. Мэдээж өнгөрсөн жилийн ажлын тайлантай та­нилцсан байх?

-Манай байнгын хороо таван яамны эрхлэх ажлын хүрээний ажлуудыг хариуцдаг. Одоогийн байдлаар хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловс­ронгуй бол­гох, шинэчлэл шаардаж байна. Тухайлбал эрүүл мэндийн сал­бар л гэхэд бүхэлдээ шинэч­лэл хийг­дэхээр хүлээгдэж байна. Хүн амын эрүүл мэндийн даатгалын ту­хай хуулийн төсөл л гэхэд байнгын хороо­гоор хэ­лэлцэгдэх гээд бэлтгэгдэж бай­­на. Тогтолцоо болон менеж­мен­тийн хувьд шинэчлэх шаард­лагатай.

Боловсролын салбарын хувьд бага, дунд боловсролын тухайд бодлогын томоохон шинэчлэл хэрэгтэй. Дээд бо­ловсролын тогтолцоог өөрчлөх шаардлага үүсчихээд байна. Сургууль, цэ­цэр­лэгийн хүрэлцээ гээд тооч­вол их ажил бий.

Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам гэх зэргээр асуудал их байгаа. Соёлын салбарт л гэхэд Соёлын өвийг хам­гаалах тухай хууль хэлэлцэгдэх шатандаа явж байна.

-Нэгэнт олон салбар хамаарч байгаа болохоор ажлын төлөв­лөгөөгөө аль хэдийн гаргасан байлгүй?

-Энэ онд маш олон хуулийг хэлэлцэн батлуулахын тулд нэлээд ачаалал ихтэй ажиллах шаардлагатай юм байна гэж харж байгаа. Өнөөдрөөс эх­лээд сал­барын яамд болон харьяа байгуул­лагуудынх нь ажил байдалтай танилцахаар төлөвлөөд байна. Хамгийн тү­рүүнд Хөдөлмөрийн яам түү­ний харьяа газруудаар очно доо.

-Бүгдэд л шинэчлэл шаард­лагатай байгаа. Гэхдээ таны хувьд хамгийн түрүүнд юуг шийдвэрлэх вэ?

-Тэр нь чухал гэж одоогоор ялгаж, салгаагүй байна. Байнгын хорооны ажлын албанаас хам­гийн түрүүнд Хөдөлмөрийн яамны ажилтай танилцах гэ­сэн санал гаргасан. Тэр дагуу ажиллахаар төлөвлөсөн. Ажлын байр нэмэгдүүлэхийн тулд Хөдөлмөрийн яамыг бай­гуулсан. Харин бодит байдал дээрээ энэ ажил ямар шатанд явна, тус яамны хүрээний МСҮТ-үүдийн чанар, тэдний төгсөгчдийн ажлын байр зэрэг нь сонирхол их татаж байна.

Мөн ЖДҮ гэж том салбар байна. Үүнд зориулагдаж төрөөс чамгүй мөнгө гарч байгаа. Энэ мөнгө эзэндээ хүрч байгаа эсэх. Хөтөлбөр хэрэгжээд хэчнээн хүний бизнес хөгжиж, хэдэн хүн шинэээр ажилд оров гэдгийг анхаарна.

Харин дараагийнх нь Эрүүл мэндийн яам гэж төлөвлөж бай­на. Энэ салбар хамгийн чухал хэрнээ байнга албан тушаалын төлөөх маргаан гарч, эхийн болон нярайн эндэгдэл нэ­мэгдэж, өвчлөл ч их байна. Үүнтэй холбоотойгоор ямар шинэчлэл хийх ёстойг судлах хэрэгтэй байгаа. Хурдан хугацаанд ажлаа гартаа оруулж авахын тулд яамдуудаар явж жаргал зовлонг нь сонсох нь зүйтэй гэж бодсон.

-Хөдөлмөрийн яамтай адил ССАЖ-ын яам мөн л шинээр бай­гуулагдсан. Гэтэл яам, сайд хоёр хоёулаа “Ба­таар” гэдэг нэр­тэй болчихлоо. Тэ­гэхээр олонд хүрсэн ажил нь ганц ба­­­таар боллоо гэж олон нийт шүүмж­­лээд байна таны хувьд үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Яах вэ, олон түмэнд “Батаар”-аар хүрчихсэн бо­лохоор тэгж нэрлээд байх шиг байна. Соёлын салбар бол төрийн бодлогын нэг хэсэг байх ёстой. Манайхан соёл, урлаг гэхээр л хэдэн дуучны талаар бодоод байна. Гэтэл Монгол төр түүх, уламжлалт соёлоо залуучууддаа, цаашлаад дэлхий дахинд хэр­хэн сурталчлах гээд асар том асуудал.

Би саяхан Ц.Оюунгэрэл сайд­тай энэ талаар санал солилцсон. Тухайлбал орон нутагт жуулчны баазуудад очиход хөтөч нь социализмын үеийн тайлбар хийгээд зогсож байна лээ. Энэ мэт ажлуудад нэгдсэн сис­тем, гарын авлага­тай байх та­лаар ярилцлаа. Жи­шээлбэл Солон­госын жишээг харъя л даа. Түүхэн сериал олныг хийж ард түмэндээ сурталчилж бай­на. Үүний адил манайхан ч гэсэн гуйвсан, буруу танигдсан түүхэн үйл явдлуудыг засаж, залруулахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг бодох ёстой.

Цаашлаад аялал, жуулч­лалтай холбогдох учраас их том яам. Тиймээс тус яамныхан дүг­нэлт хийх хэрэгтэй. “Батаар”-аас өөр бусад хийсэн ажлаа олон нийтэд таниулах хэрэгтэй. Одоогоор соёлын өвийн тухай хууль хэлэлцэгдээд явж байна. Цаашид олон хууль, тогтоомж гарах байх.

-АН-ынхан байнгын хо­рооны дарга нараа солиогүй. Харин Ц.Даваасүрэн гишүү­нийг байн­гын хо­рооны даргаар үлдэхийн тулд АН-д элсэх нь гэх яриа гараад байгаа. Харин “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг байнгын хорооны дарга нараа яагаад сольчихов?

-“Шударга ёс” бүлэг хоёр байнгын хороо авсан шүү дээ. Өөрөөр хэлбэл МАХН нэг, МҮАН нэг байнгын хороо даргалж байгаа. Ц.Цолмон гишүүн ма­най намд байж байгаад МАХН-д шил­жихдээ байнгын хороо­тойгоо шилж­сэн.

Тиймээс манай намаас нэг байнгын хороогоо даргалах шаардлагатай болж байгаа юм. Энэ асуудлыг бүлэг дээр албан ёсоор яриад шийдсэн. Ер нь байнгын хороогоо сэлгэе гэсэн шийдэлд хүрсэн учраас л иймэрхүү хөдөлгөөн хийсэн.

-Анх байнгын хороодын дарга нарыг томилох гэж бай­хад сайд болоогүй гишүүдээ АН-ынхан байнгын хорооны дар­гаар томилох нь гэсэн яриа байсан. Яг үнэндээ ажил хийх гэж томилогдсон дарга нар байна уу. Эсвэл зүгээр л сэтэр зүүсэн нэгэн болж байна уу?

-Сэтэр гэж ойлгож болохгүй. Ерөнхийдөө ажлын ачаалал даах чадвар, ажилдаа хандах хандлага зэргийг нь харж томилгоо хийж байгаа. Би залуу хүнийхээ хувьд хүчээ дай­чилж, шинэчлэл хийе гэдэг үүднээс НББШУБХ-г сонгосон. Нийгмийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед энэ салбарт хүчээ шавхаж зүтгэе гэж бодож байна.

-“Шударга ёс” бүлгээс ажил хийе гэснийг нь томилж байх шиг. Харин гарч байгаа мэдээллээс харахад АН-ын зү­гээс тохироо хийж байгаа юм шиг харагдаж байна?

-Миний хувьд энэ талаар мэдсэн зүйл алга. Тиймээс ярих юм алга. Нө­гөөтэйгүүр бид олонхыг бүрдүүлж байгаа нам учраас бусад намын дотоод ажилд оролцмооргүй байна.

-Төрийн түшээд тэр дундаа УИХ-ын гишүүдийн ажлыг сон­гогчид нь дүгнэдэг. Гэхдээ жил бүрийн төгсгөлд хүн бүр өөрийн хийснээ дүгнэдэг. Таны хувьд өнгөрсөн онд хийсэн бү­тээснээ хэрхэн дүгнэсэн бэ?

-Өнгөрсөн онд их ачаалалтай ажилласан гэж бодож байна. Чадах хэмжээндээ хангалттай ажилласан гэж үзэж байгаа. Хууль зүй, Төрийн байгуулалт, Эдийн засаг гэсэн гурван том байнгын хороонд орж ажилласан. Хэлэлцэгдэж буй хуулийн төсөлтэй холбоотой бүх ажлын хэсэгт орж ажилласан. Мөн тэд­гээрт бүгдэд нь саналаа хэлж, сонгогчдынхоо санаа бодлыг тусгахыг зорьсон.

Сая УИХ-ын гишүүдийн ши­нэ жилийн баяр болж, намайг хамгийн идэвхтэй ажилласан гишүүнээр шал­гаруулж өвлийн өвгөн бэлэг өгсөн. Хамгийн олон ажлын хэсэгт орж ажилласан гишүүнээр тодорсон бай­на вээ. Түүнчлэн шинэчлэл шаард­сан, томоохон байнгын хороо ахалж байгаагийн хувьд асар их ачаалал ирэх байх. Гэхдээ өөрийгөө дайчилж ажиллана.

-Энэ жилийн хувьд байнгын хороо хариуцаж ажиллахаар тойргийн тань ажил орхигдчих юм биш биз?

-Тойрог бол гишүүдийн хам­гийн их анхаарал хандуулахыг шаарддаг хэсэг. Уг нь би тойрогтоо их ажилладаг. Гэхдээ энэ намрын чуулганы үеэр нэг их ажиллаж чадсангүй. Сар шинийн баярын өмнөхөн тойрогтоо очно. Ха­рин цагаан сарын дараа тойргийнхоо бүх суманд очиж ажиллана. Энэ үеэрээ байнгын хорооныхоо хүрээнд хамаарах газруудаар орно.

Манай тойрогт Белгийн бо­лон манай Засгийн газрын хамтарсан 10 сая еврогийн төсөл хэрэгжих гэж байгаа. Ховд айм­гийн төвийн эм­нэлэг Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төв болох юм. Техникийг нь шинэчилж, цахимжуулах болон эмч, ажилчдыг нь чадваржуулах зэ­рэг томоохон ажлуудыг хий­нэ. Энэ мэт­чилэн тойрогтоо ч бас хийх ажлууд төлөвлөсөн зүйлүүд байна.