Даваасүрэн.Ц 2014.01.07 | Сайт: zindaa.mn

Ц.Даваасүрэн: Ардчилсан намынхан намайг шантаажлаагүй

Ц.Даваасүрэн: Ардчилсан намынхан намайг шантаажлаагүй
УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн

УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Төсвийн байнгын хороо газар өмчлөх тухай асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-"Таван толгой", Оюу Толгойг зөв ашиглаад явахад гурван сая хүрэхгүй хүн амтай манай орны хувьд бол хангалттай баялаг шүү дээ. Хөрөнгө оруулалтын гэрээгээ харилцан үр ашигтай байлгаж чадах л юм бол заавал газраа өмчлөх тухай асуудал ярих хэрэггүй. Мөн Үндэсний хэмжээний том баялгийг нэг гэр бүл, нэг хувь хүн эзэмшиж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын асуудлыг төр л зохицуулж явах учиртай. Хувийн компанид энэ бодлого хэрэгждэггүй. Том ордууд дээр гадны компани төртэй ярина гэдэг хэцүү.

Харин хувь хүнтэй ярихад амархан болно. Тухайн хувь хүнд үндэсний аюулгүй байдлын асуудал хамаардаггүй. Стратегийн том ордууд дээр бол төртэй ярьдаг байх ёстой. Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг С.Ганбаатар болон бусад гишүүд санаачилсан. Сүүлийн үед хувьцаа эзэмшигчид олонхоо оролцуулахгүйгээр хуралдаад тус компани дээр хувьцаагаа тогтоодог ийм луйварын үйл ажиллагаа их явагддаг болсон. Энэ хуулийг бид дэмжиж байгаа. Иймэрхүү хуулиийн цоорхойг далимдуулсан луйврыг илчлэх ёстой.

-УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэдэг болох асуудал аль шатанд явж байна?

-Хамгийн гол асуудал бол хурууны хээгээр бүртгэхдээ биш. Харин хурууны хээгээр бусдын кнопыг дарж болохгүй байх тухай асуудал хамгийн чухал. Улсын их хурлын гишүүн гэдэг бол олон түмний төлөөлөл бусдын өмнөөс тэр эрхийг эдэлж суугаа хүн. Гэтэл түүний өмнөөс өөр нэг тойргийн нөхөр нөгөө хүний кнопыг дарж бусдын эрхийг эдэлдэг асуудал байж болохгүй зүйл. Зөвхөн ирц бүртгэдгээр бол бусдын кнопыг дардаг хэвээр үлдчих гээд байна. Бусдын кнопоор төгөлдөр хуур тоглодгоо зогсооё. Үүнийг шийдэх гол асуудал бол хурууны хээгээр саналаа өгөх асуудал юм байна гэж үзэж байна.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрхэн хийх талаар яригдаж байгаа юу?

-Өнөөдөр их хуралд хотыг дахин хөгжүүлэх хуулийн төсөл орж ирсэн байгаа. Мөн хот төлөвлөлт, гэр хорооллын төлөвлөлтийг дахин хийе. Гэр хороолол цаашид яг ийм байдалтайгаар байх юм бол утаанаас үүдэлтэй өвчлөлийн асуудал шийдэгдэхгүй. Улам газар авна. Тэгэхээр хот руу ирэх их нүүдлийг зогсоох хэрэгтэй. Зарим тохиолдолд албадан газар чөлөөлөх шаардлагатай, тэгж байж утааны асуудал шийдэгдэнэ.

Бусдын эрүүл мэндийн төлөө албадан хийхээс өөр аргагүй ажлууд байна. Утааны асуудал манай улсын хэмжээнд маш эмзэг асуудал болсон байхад үүн дээр дуугарч чадахаа больсон байна. Эхлээд утааг шийдчихнэ гэж эл асуудлыг төрийн бүх л институт барьж авсан. Сүүлдээ бүгдээрээ чимээгүй болсон. Энэ нийслэлийн их хар бараан утаанд дөрвөн төрлийн маш ноцтой өвчин үүсгэгч байгаа юм. Энэ дөрвөн төрлийн өвчин нь хавдрын суурь өвчлөл болдог. Тэгэхээр хот төлөвлөлтийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол болохгүй.

-Оюу Толгой их өрөнд орлоо гэж яригдаж байна?

-Оюу Толгой хөрөнгө оруулагч юм уу. Зээлд зуучлагч юм уу гэдгийг бид тодруулах хэрэгтэй байна. Оюу Толгойн балансыг авч үзэхэд 80 гаруй хувь нь зээл байна.Тэгэхээр энэ зээлийн хүүнд өдөрт сая гаруй долларыг төлж байгаа юм. Монголын баялгаар бүтсэн, монголчуудын оролцоотой компани учраас энэ бол бидний өр. Өрөнд орлоо гээд ярьж байгаа улс төрийн хүчнүүд байна. Тэд яагаад дуугарахгүй байгаа юм. Гайхаж байна. Өдөртөө сая гаруй доллар төлж байгааг бид мэдэхгүй юм шиг чимээгүй сууж болохгүй. Өдөрт сая гаруй доллар өрөнд төлнө гэдэг бол аймшигтай зүйл.

Дээр нь менежментийн төлбөр байна. Энэ хоёр төлбөрийг нийлүүлэх юм бол Оюу Толгой өдөрт гурван сая долларыг гаргаж байна. Оюу Толгойгоос тодорхой хэмжээний ашиг олдог боллоо. Гэтэл яагаад валютын ханш өсөөд байна вэ. Хамгийн гол нь манай газраас олж байгаа бүх орлого Монголбанкаар дамждаг байх ёстой.Түүнээс биш юу ч орж ирдэггүй байх юм бол нөөцийн тухай ярих ч хэрэггүй. Гадагшаа урсаж байгаа их мөнгийг Монголбанкаар дамждаг болгоё. Тэгээд дамжаад гараад явна л биз.

-2013 оны төсвийн хэрэгжилтийн мэдээлэл хэзээ гарах вэ?

-2013 оны төсвийн хэрэгжилтийн мэдээл нэг сарын 7-нд гарна. Энэ талаар ирэх долоо хоногт албан ёсны мэдээлэл өгнө.

-Чингис бондоос санхүүжсэн зарим төслүүдийн хэрэгжилтийг шалгаж байгаа юу. Жишээлбэл сурагчдын дүрэмт хувцасны даавууг эхлээд дотооддоо үйлдвэрлэнэ гэж байсан бол одоо Солонгосоос аваад байгаа?

-Сурагчдын дүрэмт хувцас болон бүх төрлийн дүрэмт хувцас оёдог, Хятадаас орж ирж байгаа даавууг Монголдоо үйлдвэрлэдэг болно гэж Чингис бондоос санхүүжилт авсан. Гэтэл сүүлийн үед Солонгосоос бэлэн дүрэмт хувцас авлаа гэдэг асуудал яригдаж байна. Үүнийг дотоод аудитаар шалгуулна. Мөн зарим төслүүдийг эргэж шалгана. Гэхдээ үр дүнтэй төсөл ч бас бий. Жишээ нь замын уулзвар. Замын төслүүд нилээд үр дүнтэй болсон.

-Таныг төсвийн байнгын хорооны даргын суудалдаа үлдэхийн тулд АН-д элсэх гэж байгаа гэх мэдээллүүд гараад байна?

-Төсвийн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэнэ. Байнгын хорооны даргын ажлаа өг гэж АН шантаажилсан мэтээр ярьж байгаа нь худлаа мэдээлэл. Би Төсвийн байнгын хорооны даргын ажлаа үргэлжлүүлэн хийнэ.