Л.Болд: Төрийн бодлогыг нээлттэй ойлгуулж чадсан
2011.06.27

Л.Болд: Төрийн бодлогыг нээлттэй ойлгуулж чадсан

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Холын хүнээс үг сонс гэж үг бий. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн улсад айлчлаад ирлээ. Явсан хэрэг бүтэмжтэй юу?


-Манай яам олон түмний дунд бага Гадаад харилцааны яам болчихсон мэт харагдаж болох юм. Үнэхээр гадаад улс орнуудад хийх айлчлал олонтой байлаа. Зөвхөн өнгөрсөн он гэхэд арав гаруй улсад Батлан хамгаалахын сайдын хувиар айлчилсан. Энэ онд хийсэн айлчлалууд их ач холбогдолтой боллоо. 11 жилийн хугацаанд хийгдээгүй байсан БНСУ-д айлчиллаа, АНУ, БНХАУ, ОХУ-д ажилсан. Мөн Ази, Номхон далайн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын чуулга уулзалтад оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. Аюулгүй байдлыг хангана гэдэг төрийн хэмжээний амин чухал асуудал. Дайн байлдаанаар аюулгүй байдлаа хангахаас илүү улс төр дипломатын аргыг сонгох тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бийг хүмүүс мэдэх учраас энэ бүх айлчлалын үр дүнг ойлгож байгаа байх.

-Зарим нэг нь дарга нар явж л байдаг, ирж л байдаг гэж боддог. Үр дүнг нь ойлгохгүйгээс ч үнэхээр тэгж боддог байх?

-Ийм чухал зүйлийг гадаад явж галуу шувууны мах идэх гээд байгаа төдийд л үнэлж болохгүй л дээ. Айлчлал нь Монголын аюулгүй байдлын талаар хоёр талт, олон талт яриа хэлэлцээр өрнүүлэх, өмнө тогтоосон харилцааг өргөжүүлэх, цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын хөтөлбөр тусламжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх л зорилготой, үр дүнтэй шүү дээ.

-Энд онд хийсэн айлчлалуудад нилээдгүй ач холбогдол өгч байгаагаа тайлбарлаач. Хөрш орнуудад болоод АНУ-д хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалыг хэлж байгаа хэрэг үү?

-Тийм ээ, гадаад харилцаа, батлан хамгаалахын салбарт үнэхээрийн чухалд тооцогдох айлчлал бол урд болон хойд хөршүүддээ хийсэн айлчлал.

-Тухайн айлчлалд Батлан хам­гаалах салбарын оролцоо хэр байв?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг. Тэр утгаар нь үзвэл ОХУ, АНУ-д Монгол Улсын Ерөнхий командлагч айлчилсан гэсэн үг.  Айлчлал нь цэргийн ёслолоор эхэлж, цэргийн ёслолоор өндөрлөдөг. Айлчлалын дотор цэргийн холбогдолтой олон арга хэмжээ багтсан. Энэ бүхэн нь зэвсэгт хүчинтэй салшгүй холбоотой. Мөн нэг зүйлийг хэлэхэд Батлан хамгаалахын сайд уулзалтын бүрэлдэхүүнд зүгээр л явмаар санагдангуут орчихдоггүй юм. Бүрэлдэхүүн багтсан гэдэг нь энэ салбарын ач холбогдлыг харуулж байгаа хэрэг. Айлчлалын хүрээнд гарч байгаа бичиг баримтуудад батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тодорхой төслүүд хэрэгжүүлэх, зэвсэг техникийн туслалцааг нэмэгдүүлэх олон яриа бий болоод цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Ингээд л энгийн цэрэг ч, сайд ч айлчлалын бүрэлдэхүүнд орохоор болсон юм.

-Айлчлалын бүрэлдэхүүнд энгийн цэргүүд багтсан гэв үү. Сайд, дарга нар, хэвлэлийнхнийг л авч явдаг биз дээ?

-АНУ, Монголыг олон зүйл нэгтгэж байгаа. Ардчилал, хүний эрх, чөлөөт хэвлэл мэдээлэл, жагсаал цуглаан хийх эрх гээд олон зүйлийг хэлж болно. Энэ дундаас эрх чөлөөний төлөө дайны талбарт мөр зэрэгцэн нэг баг болж тэмцэж байгаа нь илүү үнэ цэнэтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт  “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцож онцгой гавьяа байгуулсан Цэргийн гавьяаны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт дэслэгч Г.Аззаяа, ахлагч Ш.Самбуу-Ёндон нар эмнэлэгт очиж, америк цэргүүдтэй уулзсан. Ерөнхийлөгч Вашингтонд буунгуутаа Волтер Рийдийн цэргийн тэр эмнэлэгт очиж Ирак Афганистаны дайнд шархатсан цэргүүдийг эмнэлэгт очиж эргэсэн нь АНУ-ын иргэн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн. Б.Обама, Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн энэ алх­мыг онцгойлон талархан хүлээж авч байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийг зөвхөн сайд дарга нар дагаж явах биш жирийн цэргүүд, тэр хүнд нөхцөлд баатарлаг гавьяа байгуулсан эрс яагаад хамтран эрх чөлөөний төлөө гэх нэг зорилгын төлөө явсан нөхөдтэйгөө уулзаж болохгүй гэж. Манай цэргүүд тэнд чухал хүмүүс байсан тул хэвлэл телевиз радиод нь ярилцлага өгч, хэвлэлийнхэнтэй уулзаад ирсэн. Энэ нь бас л Монголыг сурталчилж байгаа зүйл шүү дээ.

-Монголын зэвсэгт хүчний нэр хүнд дэлхийн түвшинд ямар хэмжээнд байна?

-Энэ жил бид Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ урт хугацаанд Монголын тал нутгаас төрөн гарсан баатар эрс, ухаалаг удирдагч жанжин, их хаадыг дэлхийн бүхий л улс оронд шүтэн биширч байсан. Өнгөрсөн хорьдугаар зууны зөрчилдөөнтэй нийгмийн үед ч зэвсэгт хүчин нэр хүндээ алдаагүй. Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны үед Монгол цэргүүд өөрийн тэсвэр хатуужил, хүмүүжил, эх оронч сэтгэлгээ, сорилтыг давах эрмэлзлэл гээд цэрэг хүнд байх ёстой чанаруудаараа үнэлэгдсэн. Одоо ч гадаад улс орны цэргийн томоохон удирдагч нар Монгол цэргүүдийг ингэж л үнэлдэг хэвээрээ, гайхаж биширч байгаагаа хэлдэг. Аль ч оронд, ямар ч төрийн тэргүүнтэй уулзсан би цэргүүдийнхээ чанараар нүүр бардам байдаг. Энэ бол улс орны өнцөг булан бүрт цэргийн алба хааж буй, хаасан цэрэг дайчин бүрт хамаатай үг.

-Мөнгөө өгөөд бараа авдаг шиг сэтгэвэл айлчлалын хүрээнд бидэнд ямар ашигтай зүйл болов, танаас бол батлан хамгаалах салбарт яг ямар зүйл өгөхөөр болов гэж асуух байх?

-ОХУ-ын хувьд сүүлийн үед бидэнд техник хэрэгсэл, нисдэг тэрэг, сургалт гээд 100 гаруй сая ам.долларын томоохон төсөл хөтөл хөтөлбөрт хэрэгжүүлсэн. Цаашид ч шинэ шатанд орно. Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг техник, сөнөөгч онгоцны тал дээр хамтран ажиллахаар төлөвлөсөн зүйл олон бий. Цэргүүдээрээ нүүр бардам байдаг гэдгийг би сая хэлсэн. Одоо хийж буй айлчлал, хэлэлцээрийн үр дүнд зэвсэг, техникээрээ ч дэлхийд нүүр бардам байх цаг тун ойрхон ирээд байна. Харин АНУ-тай олон улсын энхийг сахиулах чиглэлээр хамтран ажиллах, сайжруулах, агаарын тээвэрлэлтийн чадварыг сайжруулах, татан гаргалтын чадварыг сайжруулах тал дээр томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцоод хэлэлцээрийн шатанд явж байна.

-Монгол улсын гадаад бодлогыг очсон газруудад их сонирхож байгаа гэсэн?

-Дэлхийд манайх шиг орон байхгүй. Өмнө нь дэлхийн их гүрэн байсан. Одоо харин их гүрнүүдийн дунд оршиж байна. Монгол орны гадаад бодлого энэ утгаараа жижиг орны түвшинд сэтгэх боломж байхгүй. Энэ хоёр улсаас хэзээд тусгаар байсан, цаашид ч байх болно. Ерөнхийлөгчийн айлчлал руу дахиад л орох нь. Яагаад гэвэл энэ айлчлал үнэхээр ийм бодлоготой гэдгийг харуулж чадсан. Дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа энэ хоёр том гүрэнд айлчлал хийхдээ зиндаа нэг байж, үгээ хэлж, санаагаа ойлгуулж, гадаад бодлогоо улам бататгаж, ард түмэнд нь хандаж чадсан. Мөн хэвлэл мэдээлэл, эрдэмтэн мэргэд, төр засгийн удирдлагууд гээд бүхий л хүрээнд Монгол Улсыг болон төрийн бодлогоо нээлттэй, ний нуугүй уран цэлмэг үгээр ойлгуулж чадсан. Би төрийн өндөрлөгүүдийн олон ч айлчлалд явж үзсэн. Гэхдээ ийм хэмжээний, ийм үр дүнтэй, гүн гүнзгий, өргөн ирээдүйг авчрах уулзалтыг үзээгүй. АНУ, ОХУ, Японд хийсэн Ерөнхийлөгчийн айлчлал бол алтан үсгээр Монголын түүхэнд бичигдэх болно гэдгийг тэнд байсан гэрчийнхээ хувьд баттай хэлж чадна.

-Айлчлалыг гадаадын хэвлэлийн­хэн, тоймчид хэрхэн дүгнэсэн талаар сонирхов уу?

-Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахад хэвлэлийн томоохон 40 гаруй мэдээл­лийн хэрэгслийн төлөөлөл оролцсон. Тэд анх удаа төрийн тэргүүнтэй дээд хэмжээний уулзалт хийсэн талаараа ярьж байна. Монголын талаарх яриаг ингэж л давалгаалуулсан. Монголын төрийн бодлогын талаарх мэдээллийг оросын хүн бүр сонссон гэдэгт эргэлзэхгүй байна. АНУ-д мөн адил. Одоо ч надад энэ айлчлалтай холбоотой захидал,сэтгэгдлүүд ирсээр байна. 

-Хэвлэлийнхэн “зүггүй” шүү дээ. Айлчлалын үеэр гэнэтийн гэмээр асуулт, сонжих зүйлтэй тааралдав уу?

-Хамт явсан хэвлэлийнхэн үүнийг илүү сайн мэдэх байх. Мэдээж дээд хэмжээний уулзалтын үеэр баргийн хүн тулгамдахаар, хариуцлагатай хариулт шаардсан, мэдээлэлтэй зөв хариулт өгөх шаардлагатай асуултууд ОХУ, АНУ-ын айлчлалын үеэр ч  гарч л байсан. Ийм үед Ерөнхийлөгч харин ч өндөр хэмжээнд, төрийнхөө бодлогыг зөв ойлгуулан асуудалтай асуултаас гарч байсан.

-Юм гуйх гэж очдог гэх сэтгэлгээ өөрчлөгдсөн үү?

-ОХУ-д хийсэн айлчлал нь нефтийн хурц хомсдол үүсэж болзошгүй үед хийснээрээ тодорхой ач холбогдлыг шууд харуулсан. Шатахууны хомсдолын улмаас юу ч үүсч болохоор байлаа шүү дээ. Учирч болох ийм эрсдлийг давсан үр дүн. Гэвч урт хугацааны хувьд төрийн тэргүүнүүдийн итгэлцэл, зөвшилцөл, бие биенээ хүндэтгэн тэгш харилцах төрийн ёсны харилцааг тогтоосон ач холбогдолтой. Өмнө нь бид нэг нь ах нөгөө нь дүү гэж, нэг нь гуйж нөгөө нь өгдөг, өгснийхөө араас шахаж, хянадаг гэх буруу ойлголттой явсан. Одоо л нэг Монгол Улсын эрх тэгш байх энэ харилцаа дэлхийн хэмжээнд анх удаа хүрч байна.

-Ерөнхийлөгчөөс шалтгаалсан зүйл багагүй байж дээ?

-Тийм ээ. Үнэхээр ард түмнийхээ дундаас гарсан, ард түмэндээ эрх чөлөөг авчрах хувьсгалыг нь удирдсан. Төрийн бүхий л шатны ажлыг хийж байсан туршлагатай. Төрийн өмнө хариуцлагыг нь хүлээж туршлагажсан хүн л ийм зүйл хийж чадна.

-Гадаадад айлчлахын хажуугаар орон нутагт ажиллаж байгааг чинь асуумаар байна?

-Эдгээр айлчлалаас өмнө би бүх аймагт ажилласан шүү дээ. Он гарснаас хойш л гэхэд долоон аймагт ажиллалаа. Энэ ондоо багтаад мөн төдий тооны аймагт очих болно.

-Батлан хамгаалах, гадаад бодлогын салбарыг улстөржилтөөс хол байх ёстой салбар гэгддэг. Гэвч эдгээр салбарт ийм байж чадахгүй байгааг хүмүүс харж байна?

-Үнэн шүү.  Монголд улстөржих зүйл бий. Гэхдээ төрийн бодлого, тэр тусмаа гадаадад Монголыг төлөөлөхөд улстөржилтөөс бүрэн ангид байх ёстой. Аль улс төрийн хүчин засаг барьж байгаа нь тэдэнд чухал биш, Монгол хүн л засаг барьж байгаа нь гол. Мөн Монголын батлан хамгаалах асуудал эрхэлж буй, зэвсэгт хүчинд ажиллаж байгаа, ажиллаж байсан хүмүүс улс төрийн хэн нэгний хүсэл зоригийг хамгаалах учиргүй. Учир нь тэдэнд Монгол Улсын эрх ашгийг нь хамгаалах үүрэг бий. Ийм л ариун үйлстэн байх учиртай. Цэргийн чөлөөнд гарсан хүмүүсээс янз бүрийн шалтгаанаар улс төрийн нам дамжиж гүйлддэг нөхдүүд бий болчихож, шалих ялихгүй зүйлээр салбараа гутаан доромжилдог, гүтгэдэг зүйл бий болчихсон байна.

-Гүтгэлэг гэснийх, хэвлэлүүдээр гарч буйгаар бол Батлан хамгаалахын сайд та Зам тээвэр, хот байгуулалтын сайд Х.Баттулгад Төрийн хар сүлдийг худалдчихсан юм биш үү?

-Инээд хүрмээр, бичсэн хүний өмнөөс нь санаа зовмоор зүйл хэд хэдэн сонин дээр гарсан байна билээ. Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэх ёслолыг шинэчлэн хийхээр болсон. Ингээд эрдэмтэн судлаачид, түүхч, шинжээчдийн хамтарсан багийнхан багагүй хугацаанд судалсны эцэст анх удаа наран ургах зүгт, цэрэг дайчдын хийморь золбоог сэргээх газар нутгийг тогтоосны дагуу шинэ газарт ёслолыг хийсэн. Энэ газар нутаг бол Монголын Тулуй хааны цэрэг дайчдаа бэлтгэж ирсэн газар. Ийм сайхан бэлгэдэлтэй газар болоод ч тэнд Чингисийн хөшөөг байгуулсан биз. Хоёр жилд нэг удаад болох энэ төрийн ёслол яагаад ч тэр хувьцаат компанийн үйл ажиллагаатай холбоогүй гэдэг нь тодорхой. Ингэж гүтгэж болохгүй.

-Гүтгүүлээгүй улстөрч гэж байдаггүй биз дээ?

-Бид хоёрыг яах вэ гутааж болно. Улстөрч хүний хувьд иймэрхүү доромжлолыг чимээгүйхэн залгичихаж болно. Гэвч Монгол төрийн Бүх цэргийн их хар сүлдийг хэн ч гутааж болохгүй. Ингэж гутааж байгаа хүнийг тэнгэр цээрлүүлэх байх. Гэхдээ бид Монгол төрийн аугаа их бэлэг тэмдгийг доромжлохын эсрэг хатуу тэмцэх болно. Эзэн Чингис, Их түүхийн бэлгэдлийг гутаах эрхгүй гэдгийг гутаагчдад зориулан хэлмээр байна. Төрийн сүлдийг гутаах гэж оролдвол би эцсээ хүртэл тэмцэнэ.

-Ямар хэлбэрээр?

-Хэрвээ энэ бүхэн ямар нэгэн далд хуйвалдаан, хууль зөрчсөн зүйл хууль хяналтын байгууллагад ханд. Баримт, үндэслэлээ хэлэх хэрэгтэй. Гэвч ийм зүйл угаасаа болоогүй юм чинь юугаа гаргах вэ дээ. Төрийн хоёр сайд хоорондоо тохиролцоод нэг компанийн харьяалалтай болгоно гэдэг бол эрүүл хүний толгойд орж ирэмгүй л бодол баймаар юм. Гэвч ийнхүү эрээ цээрээ алдаж юм болгоныг улстөржүүлэх сонирхол зарим хүнд байдаг юм байна. “Нэг нь тэнд хөшөө байгуулчхаж, нөгөө нь тэнд ойрхон хар сүлд цэнгүүлсэн байна. Ардчилсан намын хоёр сайдыг үүгээр нь холбоод гутаачихъя” гэж бодсон бололтой.  

-Өмнө нь хаана энэ ёслолыг хийж байлаа. Байрлалыг өөрчлөх болсон шалтгаан нь юу байв?

-Өмнө нь Тавантолгойд цэргийн буудлагын бэлтгэл хийдэг газар, Өгөөмөр уулнаа сүлдээ цэнгүүлдэг байсан.  Эх орныхоо төлөө тэмцсэн, амь насаа зориулсан, баатарлаг гавьяа байгуулсан тэр бүх цэрэг дайчдын дурсгалыг мөнхжүүлсэн, өнөөдөр алба хааж байгаа, тангараг өргөсөн цэрэг болгоны шүтээн болдог гайхамшигт уламжлал. Хүнээс эцэг эхээ яагаад шүтдэг вэ гэж асуухад яагаад гэвэл гээд хэлэх гэхээр үг шууд орж ирдэггүй. Үүнтэй адил Монголын цэргүүдийн сэтгэлийн угт байдаг зүйл бол Их хар сүлд. Цэнгүүлэх газрыг Цонжинболдог гэж сонгосон учир нь зүг чигээрээ бол наран ургах зүгээс мандуулж нийт улс  даяар нийт цэргүүддээ урам өгөх гэсэн хэрэг.  Үүнийг нь эрдэмтэн судлаачид, түүхч, шинжээчид зөвлөлдөж байж л тогтоосон шүү дээ.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.