Бүжиж буй Медведев
ОХУ-ын Ерөнхийлөгч асан Д.А.Медведев
2014.01.07

Бүжиж буй Медведев

2011 оны 4 дүгээр сард YouTube-д Кремлин Ливиа гэх нэрээр бүртгүүлсэн хэрэглэгчийн тавьсан дүрс бичлэг олныг шуугиулсан билээ.

Уг дүрс бичлэгт ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев зарим нэгэн дуучид, сэтгүүлчид, хөгжимчдийн хамтаар “Комбинация” хамтлагийн 1990-ээд онд хит болж байсан “American boy” дууны аянд хөгжилтэй нь аргагүй бүжиглэж байгааг харуулжээ.

“Бүжиж буй Медведев” нэртэй энэ бичлэгийг одоогийн байдлаар 13,812,818 хүн үзсэнээс 13 379-д нь таалагдаж, 3279 хүн үүнийг таашаагаагүй байна. Түүнчлэн  сэтгэгдлээ бичсэн үзэгчдийн олонхи нь Медведевийн уян налархай хөдөлгөөн, ард түмэнд ойрхон сэтгэлийг нь сайшаан үнэлжээ.

Үүний дараахан хошин урлагийн хэсэг жүжигчид Медведевийн бүжгийг дууриаж элэглэсэн дүрс бичлэг гарч бас л олон хүнийг хөгжөөсөн байна.

“American boy” нэрд гараад удаагүй байтал Медведевийн “Ладушки” хэмээх бүжиг хит боллоо. Медведев америкчууд  Европт пуужин эсэргүүцэх систем байрлуулвал тэдэнд муу юм болно гэдгийг хатуу сануулсныхаа маргааш ОХУ-ын Карелийн Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийжээ. Тус бүсийн нийгэм эдийн засгийн чухал асуудалд санаа тавихын зэрэгцээ бүжгийн хамтлагийн охидуудтай бүжих цагийг бас гаргав.

Медведев соёлын салбарын гавьяатнууд болон залуу жүжигчидтэй уулзах үед бүжгийн хамтлагийн хүүхдүүд сургуулилтаа хийж таарчээ. Хэвлэлийнхний мэдээлж байснаар Дмитрий Медведев хамт бүжиглэхийг хүссэн хүүхдүүдийн ятгалганд аргагүйн эрхэнд дийлдэж ”Ладушки” хэмээх орос ардын бүжгийг бүжиглэсэн байна.