“Ард түмний индэр” нээлттэй уулзалт хэлэлцүүлэг
2014.01.08

Эрүүл мэндийн салбарын асуудлыг хэлэлцлээ

“Ард түмний индэр” нээлттэй уулзалт хэлэлцүүлэг Тусгаар тогтнолын ордны Бага танхимд боллоо.

Үйл явдлын талаар "Эрүүл мэндийн салбарынхантай хийх нээлттэй уулзалт" хэмээн зар тараасан хэдий ч хэлэлцүүлгийн уур амьсгалд эрүүл мэндийн салбарынхан биш эрүүл мэндийн салбарын талаар үгээ хэлэх намын ахмад гишүүдийн үг зонхилж байлаа.

Хурлан эхэнд МАН-ын гишүүд эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, хэлэлцүүлэгт ороод байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт  байгаа тухай танилцуулга хийсэн юм.

“Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд сурталтай салбаруудын талаар судалгаа хийхэд эрүүл мэндийн салбар нэгдүгээрт оржээ” гэх мэдээллийг Ё.Отгонбаяр гишүүн хийсэн бол Л.Энх-Амгалан гишүүн “Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, засаглалын асуудлыг шийдэх ёстой” гэдгийг онцлоод Эрүүл мэндийн даатгалын хуулийн агуулга, оруулахаар төлөвлөсөн зохицуулалтыг танилцууллаа.

Энэ салбарт 38 мянган хүн ажиллаж, жилд нийтдээ улсын төсвөөс 770 орчим тэрбумыг зарцуулж байна.

Тэрээр “Эрүүл мэндийн салбарт хямрал нүүрлээд байна. Эрүүл мэндийн үйлчилгээ авсан иргэд төлбөрийнхөө ихэнхийг халааснаасаа гаргаж байна. Энэ салбарт 38 мянган хүн ажиллаж, жилд нийтдээ улсын төсвөөс 770 орчим тэрбумыг зарцуулж байна. Энэ нь улсын нийт төсвийн 2 орчим л хувь. Гэтэл бусад улс орнуудын жишгээр бол улсын төсвийнхөө 5-8 хувийг энэ салбартаа зарцуулдаг. Одоогийн хуулиар 7 нэр төрлийн үйлчилгээ эрүүл мэндийн даатгалд хамаардаг. Энэ нэр төрөл нь өсч 14 болох болно. Бүх хүнд эрүүл мэндийн цахим үнэмлэх олгоё, түүгээрээ эмнэлгээ, эмчээ өөрсдөө сонгодог болъё гэж байгаа” хэмээв.

Ийнхүү УИХ-ын гишүүд танилцуулга хийсний дараагаар хэлэлцүүлэгт оролцож буй иргэд саналаа хэлцгээсэн бөгөөд улсын эмнэлгийн үйлчилгээ муу, очер ихтэй, сайн эмч нар нь үнэтэй эмнэлэг рүү явчихдаг, сүлжээний эмэнд хяналт тавьж чаддаггүйгээс иргэд эрүүл мэндээрээ хохирдог, эрүүл мэндийн салбарыг улс төржүүлдэг зэрэг гомдлыг хэлсэн байна.