Х.Ганбаатар: Хүнээ хөгжүүлж чадаагүй нь бидний гол алдаа
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны тэргүүн Х.Ганбаатар
2014.01.08

Х.Ганбаатар: Хүнээ хөгжүүлж чадаагүй нь бидний гол алдаа

Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны тэргүүн Х.Ганбаатартай жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.

- Монголын ажил олгогч эздийн холбоо маань байгуулагдаад 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд ямар ололт амжилтанд хүрсэн талаар ярихгүй юу? Ялангуяа жижиг дунд үйлдвэрийн салбарт ямар амжилт гаргасан бэ?

1990 онд манай холбоо байгуулагдах үед Монгол төвлөрсөн эдийн засагтай, цөөн тооны хувийн хэвшлийн компанитай байлаа. Тэдгээр компаний эздүүд нэгдээд холбоо байгуулсан юм. 1996 оныг хүртэл бид гишүүдээ төлөөлөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан бизнес инкубаторын ажлыг хийдэг байлаа. Үйлдвэрлэлд хэрэгтэй бензин тос, гурил, масло, машин тэрэг гээд бүхий л зүйлийг нь бэлдэж өгнө. Түүнчлэн ЖДҮ эрхлэгч гадаад явах болвол паспортыг нь гаргаж өгч, зээл авбал баталгаа гаргаж, шүүхэд дуудагдвал өмгөөлөх зэргээр тал бүрийн туслалцааг үзүүлдэг байсан. Манай байгууллагын батлан даалтаар 3000 орчим аж ахуй нэгж зээл авсан байдаг.

Түүнчлэн, манай холбоо хувийн хэвшлийн ач холбогдол, эдийн засагт гүйцэтгэх үүргийг ард түмнээр хүлээн зөвшөөрүүлж, нийгэмд ойлгуулсан.

Мөн монголд нийгмийн түншлэлийн харилцаа хөгжих үндэс суурь тавигдсан гэж үздэг. Бид 1992 оноос эхлээд нийгмийн түншлэлийн гурван талт харилцаанд гишүүдээ төлөөлж оролцож эхэлсэн. Эдүгээ Монгол нийгмийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хөгжсөн орны тоонд ордог байна.

Ажил Олгогч Эздийн Холбоо маань 21 аймагт салбартай бөгөөд 42 мэргэжлийн холбоотой жижиг дунд үйлдвэрлэлийн тухай ойлголтыг нийгэмд төлөвшүүлэх, үйлдвэрлэгчдийг чадваржуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

- Хувийн хэвшлүүд дөнгөж бий болоод байсан 1990 оны эхэн үеийг өнөөгийн байдалтай харьцуулвал?

1989 онд хоршооллын тухай хууль гарсан нь хувийн хэвшлийг хөгжүүлэх анхны алхам болсон. Хувийн хэвшлийг хөгжүүлэх Засгийн газрын комисст манай холбоо орж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх ажлыг хариуцдаг байв.

Манай байгууллагын батлан даалтаар 3000 орчим аж ахуй нэгж зээл авсан байдаг.

Өнөөдөр монголын хувийн хэвшлийнхэн дотоодын нийт бүтээгдэхүүний 78 хувийг бүрдүүлж байна. Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн 24 хувь нь бүгд хувь хөрөнгөөр боссон, 27 хувь нь өмч хувьчлалын үр дүнд бий болсон. Харин үлдсэн нь гадаадын хөрөнгө оруулалттай байгуулагдсан.

Татварын Ерөнхий Газарт бүртгэлтэй 88 000 аж ахуй нэгж байдгийн 56 000 нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн 98 хувь нь жижиг, дунд үйлдвэр байгаа нь өндөр үзүүлэлт. Гэхдээ монголын жижиг дунд үйлдвэрийн салбар эмзэг байна. 1-20 ажилтантай жижиг дунд үйлдвэр бараг 88 хувийг эзэлж байна. Тэгэхээр нухацтай, системтэй дэмжихгүй бол олон компани дампуурахад хүрнэ.

- Тэгвэл танай холбооны зүгээс энэ талаар ямар зорилт, төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

Манай холбоо 2014 онд гурван том зорилтыг дэвшүүлж байна. Нэгдүгээрт: Хувийн хэвшилд нийгмийн хариуцлагын тогтолцоог эрчимтэй нэвтрүүлэх. Тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх чиглэлд анхаарч байна. Хоёрдугаарт: Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах. Өглөө ажилдаа явсан хүн орой нь эрүүл ирдэг баталгаа байх ёстой. Гуравдугаарт: Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг чадваржуулах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Компаниудын олонхи нь хэтэрхий жижигхэн. Тэднийг томруулж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэхийн тулд эздийг нь чадваржуулах хэрэгтэй.

- ЖДҮ сайн хөгжсөн орнуудад татварын болон зээлийн уян хатан бодлого хэрэгждэг. Харин манай улсын татвар, зээлийн орчны талаар та юу хэлэх вэ?

Олон улсын жишгээс харахад ЖДҮ эрхлэгчдийг хоёр үндсэн шугамаар дэмждэг. Нэг талаас төрийн зүгээс эдийн засаг, хууль эрх зүйн цогц бодлого хэрэгжүүлж дэмждэг бол нөгөө талаас үндэсний томоохон компаниуд ЖДҮ-үүдэд идэвхтэй тусалдаг. Тухайлбал, АНУ-д төрийн дэмжлэгийн зэрэгцээ том корпорациуд төрөл бүрийн сан байгуулах замаар ЖДҮ-ийг хөгжүүлдэг. Одоохондоо манайд бусдыгаа дэмжихээр том компаниуд гарч ирээгүй байна.

ЖДҮ-ийг дэмжигч байгууллагууд

Монголын Засгийн Газар нэг үеэ бодвол ЖДҮ-ийг цогц бодлогоор дэмждэг боллоо. Харин төрийн бодлогын зэрэгцээ ЖДҮ эрхлэгчид маань өөрсдийнхөө чадвар, ойлголт, хандлагаа хөгжүүлэх хэрэгтэй байна. Тиймээс МАОЭХ компаний эздийг чадваржуулах ажлыг эрчимтэй хийж, сургалтуудыг зохион байгуулж байна.

Чингис бонд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сумдыг хөгжүүлэх сан гээд ЖДҮ-т зориулсан зээлийн эх үүсвэрүүд хангалттай бий болчихлоо. Мөн бизнесийн зөөлөн дэд бүтцийн нэг хэсэг болсон Зээлийн батлан даалтын сан байгуулагдсан. Түүнчлэн татварын орлогоо тогтмол мэдүүлж, татвараа тушааж байсан аж ахуй нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг буцааж олгох болон татвар ногдуулах орлогын хэмжээг өсгөх тухай төрийн түвшинд яригдаж эхэллээ. Хэрэв эдгээр асуудал батлагдвал ЖДҮ-ийн хөгжилд том алхам болно. Ингэхээр ЖДҮ-ийг дэмжих төрийн бодлого муугүй гэж хэлж болно.

- Хөгжингүй орнуудад үйлдвэрлэгчдэд зөвлөгөө өгөх, мэдээлэлжүүлэх бүхэл бүтэн тогтолцоо ажилладаг. Харин манай ЖДҮ эрхлэгчид бизнесээ зах зээлийн судалгаа, бизнес төлөвлөгөө муутай эхэлчихээд байдаг хандлага ажиглагддаг. Та энэ талаарх бодлоо хэлнэ үү?

Таны асуусан зүйл бизнесийн зөөлөн дэд бүтцэд хамаарна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд төр засаг, үйлдвэрлэгчид ч тэр бизнесийн зөвлөгөө өгөх төв байгуулах, бизнес инкубатор зохион байгуулах зэргээр зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг нэлээдгүй хийлээ.

90 000 ажлын байранд ажиллах хүн шаардлагатай байна.

Гэхдээ нийт ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн талаарх ойлголт, хандлагыг өөрчилж чадаагүй. Өөрөөр хэлбэл бизнесийн цагаан толгойг заах шаардлага зайлшгүй тулгараад байна. Бизнесмен хүн 35 үсэгнийхээ нэгийг нь мэдэхгүй байхад асуудал заавал гардаг. Жишээ нь: “ш” үсэг мэддэггүй хүн “шанд” гэсэн үгийг “санд” гэж бичихтэй яг адил. Өмнө нь олон улсын төсөл хөтөлбөрийн шугамаар сургалт зохион байгуулдаг байсан бол энэ жилээс эхлээд монголын нөхцөлд тохирсон сургалтын цоо шинэ хэлбэрийг бид  нэвтрүүлж байгаа. Ийм сургалтын үр дүнд бизнес эрхлэгч зах зээлийн судалгаа, маркетинг, менежмент, хүний нөөц гээд цогц төлөвлөгөө хийж чаддаг болох ёстой.

- Тэгвэл бизнесийн цагаан толгойг заах ажлыг ямар байгууллагууд хариуцдаг вэ?

Энэ ажлыг Засгийн Газар, түүний дотор Хөдөлмөрийн Яам, мэргэжлийн холбоод болон зарим хувийн хэвшлийнхэн сургалт зохион байгуулдаг. Өнөөдөр монголын нөхцөлд тодорхой хугацаанд ажиллаад туршлагажсан, мэдлэгтэй хүмүүс амжилттай бизнес эрхэлж байна. Тэдгээрийн олонхи нь манай холбооны гишүүд. Тэгэхээр энэ хүмүүсийн чадварыг бизнесээ эхлүүлж буй хүмүүст дамжуулах хэрэгтэй.

- Дэлхийн томоохон корпорацийн эзэд бизнесээ ЖДҮ-ээс эхлэн хөгжүүлсэн байдаг. Харин манай үйлдвэрлэгчдэд гадаадын зах зээлд гарах боломж хэр байна вэ?

Уг нь манай улс уул уурхай, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн салбарт дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой орны нэг. Байгалийн онгон дагшин байдал, ашигт малтмал, мал аж ахуйн түүхий эд маань энэхүү боломжийг олгож байна. Эдгээрийг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болгоход гагцхүү хүний хөгжил л дутагдаж байна. Өөрөөр хэлбэл компаниа олон улсын зах зээлд гарахуйц том болгон хөгжүүлж чадах чадварлаг бизнесмен манайд ховор. Тэгэхээр ажил олгогчдын мэдлэг, чадварын асуудал хамгийн хурцаар тавигдаж байна гэсэн үг.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидний гаргасан гол алдаа бол улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн асуудал хөөцөлдсөөр байгаад хүнээ хөгжүүлж чадаагүй явдал. Түүнчлэн Монгол орон нь дэлхийн хэмжээний компани байгуулахад хүн ам нь үнэхээр цөөднө. Гэтэл хоёр сая ажилтантай компани байдаг. Хүний хөгжил гэдэг нь  хэнээс ч царай алдахггүй биеэ даагаад амьдрах чадвартай болно гэсэн үг.

Өнөөдөр монголд 90 000 ажлын байранд ажиллах хүн  шаардлагатай байна. Гэтэл тэдгээрт тэнцэх мэдлэгтэй, чадвартай хүн олддоггүй. Тэгээд л компаниуд гадаадаас өндөр цалинтай мэргэжилтэн авчрахаас өөр арга байдаггүй.