О.Содбилэг: ”МАН улстөржиж биш иргэдийн шаардлагыг биелүүлсэн"
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2014.01.09

О.Содбилэг: ”МАН улстөржиж биш иргэдийн шаардлагыг биелүүлсэн"

УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа.

-МАН-ыг “Засагт орохын тулд хоёр сайдын суудлыг ганхуулж байна” гэж эрх баригчид тайлбарлаж байна. Харин МАН-ын бүлгийн гишүүд “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн шаардлагаар ийм алхам хийсэн” гэх юм. Аль нь үнэнд илүү ойр вэ?

-”Засагт орохын тулд хоёр сайдыг огцруулж байна” гэж зарим хүн ямар ч үндэслэлгүй ярьж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг яагаад тавьсан бэ гэхээр намын Их хурлын дараа бид орон нутагт ажилласан. Иргэдтэй нүүр тулж уулзахад маш их бухимдалтай байсан. Тэдний бухимдлыг хамгийн их төрүүлж байгаа нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал. Тэр дундаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан явдал.

Иргэдийн цалин тэтгэвэр бага, амьдрал хэцүү байна гэж бидэнтэй уулзсан хүн болгон хэлж байлаа. Үүн дээр үндэслээд бид хоёр сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдсэн. Орон нутагт ажиллаад ирсний дараа ажлынхаа үр дүнг нэгтэж гишүүд, дэмжигчдэдээ тайлагналаа. Иргэдээс хүлээж авсан мэдээлэлдээ анализ хийгээд эдийн засгийн бодлого барьдаг хоёр гол яамных нь сайдад хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн.

Энэ бол хий улстөржилт биш л дээ. Бүлгийн гишүүд орон нутгийн иргэдтэй уулзахад манай эдийн засагт асуудал үүссэн нь тодорхой байсан. Тиймээс ч дараагийн шатанд хариуцлагын тухай ярьж байна.

-Тодорхой жишээ татаж болох уу. Иргэд ихэвчлэн ямар асуудлыг төрийн түшээдэд дуулгаж байх юм?

Эцэг эхчүүдийн хувьд сурагчийн дүрэмт хувцас авахад санхүүгийн хүндрэлтэй нүүр тулж байгаагаа нуусангүй.

-Олон жишээ хэлж болно л доо. Бүгдийг нь нэрлэвэл цаг хугацаа хүрэлцэхгүй болов уу. Иргэдийн хүсэлтийг ерөнхийд нь багцлахад тэтгэврийн насныхан авдаг хэдэн төгрөгөөрөө аж амьдралаа залгуулах аргагүй боллоо гэж учирлаж байна. Тиймээс ч олон ахмад цалин яагаад нэмэхгүй байна вэ, Ерөнхий сайд яг хэзээ цалин нэмэхээ яагаад нууцлаад байна вэ гэж асууж байна. Эцэг эхчүүдийн хувьд сурагчийн дүрэмт хувцас авахад санхүүгийн хүндрэлтэй нүүр тулж байгаагаа нуусангүй.

Гурван хүүхэдтэй эмэгтэй “Хүүхдүүдийнхээ дүрэмт хувцас авах гэж шатаад дуусч байна” гэж хэлнэ лээ. Засгийн газар иргэдээ идэх хоолтой байхад нь анхаарах ёстой байтал сурагчийн формоор оролдоод суух нь хэр зөв зүйтэй вэ гэдгийг ч тодруулж байсан. Бизнес эрхэлж байгаа хувийн хэвшлийнхэн төрийн дарамтаас залхаж эхэлжээ. Хувийн бизнесээ заръя, зогсооё, больё гэдэг үгийг амнаасаа унагаж байна. Засгийн газраас тусламж гуйхгүйгээр ажилчдаа цалинжуулаад явж байгаа нь буруу юм уу гэж бухимдаж байна.

Сүүлдээ бүр хүний эрхэнд ноцтой халдаж байна. Орхон, Хөвсгөл аймагт зах дээр лангуу түрээсэлдэг наймаачдын дансыг шалгаж хоёр, гурван жилийн өмнөх нийт гүйлгээнд нь татвар ногдуулсан байна. Тэд ийм асуудлыг ярьж байна. Нэгдүгээрт, хувийн дансыг шалгаж хувь хүний эрхэд халдах эрх хэнд ч байхгүй. Хоёрдугаарт, бараагаа хилээр оруулахдаа гаалийн татвар төлчихсөн байхад яагаад дахиж татвар ногдуулж биднийг шийтгэж байгаа юм гэж.

Энэ бол Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайдын хариуцдаг ажил. Сангийн сайд татвараа зөв хувааж, татвараа бүрдүүлж чадахгүй байгаа. Манай татварын орлого триллион төгрөгөөр тасарчихсан байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Зам, тээврийн сайд юм шиг нийслэлийн зам, “Гудамж” төслийг юм болгонд нэр цохон ярьдаг. Энэ хүн манай эдийн засгийг хөл дээр нь босгох бодлого ярих ёстой шүү дээ.

-Орон нутагт улстөржилт хэрээс хэтэрлээ гэж сонсогдох юм. Иргэдтэй уулзахад бодит байдал ямархуу байна вэ?

-Орон нутагт улстөржилт их байна. МАН засаг барьж байхад арай ч ийм байгаагүй. Одоо намаар хуваагдан монголчуудыг талцуулж байгааг иргэд хэлж байна. Аав, ээж нь намын гишүүн гэдэг шалтгаанаар хүүхдүүдийг нь ажлаас халах, ажилд авахгүй байх сөрөг үзэгдэл гарч байна. Үүнийг таслан зогсоож өгөөч гэсэн хүсэлт их тавьсан. Өөр нэг түгээмэл бухимдал бол эрх баригчид түүх, үнэт зүйлээрээ тоглож байгаад хүмүүс дургүйцэж байна.

Энэ бол хүний эрхэд халдаж байгаагийн нэг хэлбэр л дээ. Байсан юмыг байснаар нь байлгахгүй байрлалыг сольж байна, нэр усыг нь ч хүртэл өөрчлөх юм. Эрх баригчид байнгын донсолгоотой шийдвэр гаргаж байна. Шинэ бүтээн байгуулалт хийж, иргэдийн амьдралыг сайжруулах бус реклам төдий хөнгөн зүйлээр хөөцөлдөж байгаа нь хүний дургүйг хүргээд байна. Бид өөрийн гэсэн үүх түүхтэй ард түмэн шүү дээ. Багадаа Д.Нацагдоржийн хөшөөний хажууд гэрэл зургаа татуулж байсан бол одоо тухайн үеийн сайхан дурсамж гэрэл зурганд мөнхөрч үлдэж байна.

Улс орны аюулгүй байдал, үндэсний эрх ашигтай холбоотой асуудалд улс төрийн намууд зөвшилцөх хэрэгтэйг дээр, дооргүй хүлээн зөвшөөрч байна. Манай намаас үүнийг түүчээлэн гаргаж ирсэн. Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” зөвлөлдөх уулзалтын үеэр ч дээрх санааг хэлж байна лээ. Үүнээс үүдээд ухаалаг төр гэж чухам юуг хэлэх вэ гэдгийг хүмүүс их эргэцүүлж бодож байна. Гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэдэг болчихоор ухаалаг төр болчих юм уу эсвэл хүнд сурталгүй, дарамт шахалтгүй төр байх уу. Ухаалаг төр гэж юуг нэрлэхийг тодорхойлох хэрэгтэй л дээ.

Ийм функцтай, ингэж ажиллана гээд. Ер нь иргэдийг хянадаг, хорьдог, баривчилдаг байгууллага төрд олон байх шаардлагатай юу гэдгийг бодох ёстой. Яагаад гэвэл, ирэх оны төсвийг ярьж байхад 30 гаруй тэрбумаар шорон барих тухай ярьсан. Энэ мөнгөөр хорих байгууллагын тоог нэмсэн нь дээр үү. Хүүхдийн цэцэрлэг барих уу гээд сонголт гарч ирж байна.

-Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын ажлыг давхар хийлгэхгүй байхаар хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Зөв зүйтэй хуулийн төсөл өргөн барилаа гэж бодож байгаа.

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэ асуудалд нэгдсэн байр суурьтай байгаа. Зөв зүйтэй хуулийн төсөл өргөн барилаа гэж бодож байгаа. Өмнө нь МАН-ын бүлгийн гишүүд ч үүнийг шаардаж байсан. Ерөнхийлөгч энэ асуудлыг олон жилийн өмнө ярьж байсан. Одоо л нэг хэрэгжүүлэх гээд зүтгүүлж байна. Энэ хуулийн төсөл батлагдвал маш хурдан хэрэгжүүлэх ёстой. 2016 оны долдугаар сараас хэрэгжүүлнэ гэвэл энэ Засгийн газрыг хаацайлсан болчих гээд байгаа юм.

Өнөөдөр УИХ-ын чуулган, байнгын хорооны ирц бүрдэхгүй байгаа учраас шууд хариуцлага хүлээлгээд явах хэрэгтэй. МАН-ын бүлгийн гишүүд хуралдаа ирчихээд байдаг. Олонхи байдаггүй. Тэдний ихэнх нь сайдын ажлыг хавсардаг учраас ажлаа цалгардуулдаг. Нэг байнгын хороонд АН-ын гурван гишүүн харьяалагдаж байхад манай намын бүлгээс ганц байх жишээтэй. Тэгээд бүр гишүүдийг ямар байнгын хороонд орохыг нь хуваарилаад өгчихсөн.

Уг нь хүн мэргэжил, сонирхлынхоо дагуу аль байнгын хороонд орохоо шийдэх эрхтэй. Эрх баригчид өөрсдөдөө хэрэгтэй асуудлыг хүч түрээд шийдчихдэг мөртлөө байнгын үйл ажиллагаандаа бараг оролцдоггүй. Байнгын хороогоор хэлэлцсэн асуудал байхгүй болохоор чуулган хуралддаггүй. Ийм дампуурсан юм болоод байна.

-Гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэлээ гээд байнгын хороо, чуулганы ирц хүрдэггүй байдал өөрчлөгдөх болов уу?

-Гишүүд өглөө болгон УИХ-ын дарга З.Энхболдод ёслоод хурууны хээгээр бүртгүүлнэ гэж байхгүй. Хурууны хээгээр бүртгэх шийдэл байж болно. Гэхдээ эрх баригчдын хийж байгаа нь реклам. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарын гишүүд өнгөрсөн нэгдүгээр сард хурууны хээгээр гишүүдийн ирцийг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн барьсан. Гэтэл хэлэлцэхгүй, дараад байсан.

Одоогийн энэ хуулиар бол ажилдаа ирдэггүй гишүүд өглөө ирж бүртгүүлчихээд үдээс хойш яваад өгнө. Тэгээд УИХ-ын чуулган ирцтэй юм шиг хуралдаад байх юм байна. Ийм байж болохгүй. УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаа хуулийн төслийн талаар санал хураахад өөрсдөө байх ёстой. Эрх баригчид санал хураалт болоход хүний кнопыг дардаг зуршил бий. Түүнээс гадна УИХ-ын даргаас гадна бүлгийн дарга нар чуулганы ирцээ бүрдүүлэхэд анхаарал хандуулах ёстой. Түүнээс биш хурууны хээгээр бүртгэдэг машин биднийг хуралд суулгах юм уу. Дарга нар хариуцсан ажлаа сайн хийх ёстой биз дээ.

-МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын өргөн барьсан хуулийн төслийг яагаад ингэж удаах болов?

-Энд дэгийн асуудал байна л даа. Парламентын улс төрийн соёл дутагдаж байна. Бидний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүй олон сараар дардаг. Зарим хуулийн төслийг жил гаруйн өмнө өргөн барьсан байх. Эрх баригчдын өргөн барьсан хуулийн төслийг гурав хоногийн дотор хүч түрж оруулаад чуулганы нэгдсэн хуралдаанаар бүгд кнопдчихдог. Цөөнх ч гэсэн бид ард түмний төлөөлөл. Манай намын бүлэгт парламентад олон жил суусан туршлагатай хуульч, эдийн засагч олон бий. Тэдний үг парламентын ажлыг урагшлуулахад үнэ цэнэтэй. Үүнд маш хүндэтгэлгүй ханддагийн илрэл нь УИХ-ын дэгийн тухай хуулиа батлаагүй байж хурууны хээгээр бүртгэх гэж оролдсон явдал боллоо.

-Ард түмэн парламентын үйл ажиллагааг зурагтаар харж байгаа. Чуулганы ирц хүрдэггүй, хурууны хээгээр бүртгэдэг машин нь хэл ам дагуулаад л. Энэ байдлыг хараад өөр, өөрийн дүгнэлтээ өгч байгаа байх л даа. Парламентын хариуцлагын тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Төрийн ажилд даажигнасан байдлаар хошин шог шиг хандаж байна. Төрийн ажил тогтсон хууль, дэгийн дагуу явах учиртай. Нөгөө талаас сонгогч олон түмнээ хүндэтгэх ёстой. Гишүүд өөрсдийгөө ингэж шараа болгох нь харамсалтай л даа. Ард түмэн биднийг энд ажилла гэж сонгосон. Гэтэл биднийг ажлаа хийх гэхээр боломж олгодоггүй. Эсвэл хийж байгаа байдал нь хуулиа зөрчсөн байдаг. Бид хууль зөрчиж болохгүй. Харин хууль бус зүйлсийг таслан зогсоох хэрэгтэй. Тиймээс ч үүнийг ойлгуулахын тулд манай намын бүлэг хоёр хоногийн завсарлага авсан.

-Засгийн газрын сайдууд төрийн ажил цалгардуулж, УИХ-ын гишүүд чуулгандаа суухгүй аль, аль нь чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна гэж хэн хүнгүй шүүмжилж байна. Үүнийг шийдвэрлэх ямар гарц байна вэ?

-Засгийн газарт үнэхээр асуудал байгаа. Тиймээс ч хоёр сайдыг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан. Бусад сайдад ч асуудал байгаа. Ялангуяа эрүүл мэнд, уул уурхайн салбар уначихсан байна. Энд бодлогогүй хандаж байгаа нь харагдаж байна. Засгийн газрын тэргүүн өдөр бүр “Амьдрал сайхан байна” гэж ярьж байна. Шинэчлэлийн Засгийн газар 150 мянган ажлын байр бий болгосон гэж байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Н.Батбаяр сайдаас “Энэ онд хэдэн ажлын байр шинээр бий болгосон бэ” гэж асуухад надад 30 мянга” гэж хариулсан. Ерөнхий сайд, Засгийн газрын сайдынх нь мэдээлэл зөрүүтэй байна. Намайг зургаан аймагт ажиллахад “Шинээр ажилтай, орлоготой боллоо” гэсэн хүн лав тааралдаагүй. Ордонд хийж буй сүржин мэдээллүүд ордны гадна иргэдийн амьдралд хэр бодитой хэрэгжиж байна вэ.

Иргэдтэй уулзахад төрийн шахалтаас болж бизнесээ зогсоолоо. Үүнээс болоод өчнөөн хүн ажилгүй боллоо гэсэн мэдээлэл сонссон. Энэ бол туршлагагүйнх биш харин сонгогч, ард түмнээ хүндэтгэхгүй байгаатай холбоотой.

-Эрх баригчид МАН-ын бүлгээс гаргасан үйлдэл болгоныг улс төрийн акци, сөрөг хүчний тунир- хал гэж тайлбарлаад байна л даа. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Сөрөг хүчин гэхээр сөрж ажилладаг, төрийн ажлыг гацаадаг гэсэн ташаа ойлголтыг нийгэмд тараагаад байна. Сөрөг хүчин үүргээ гүйцэтгэж байгаа. Бид хуулиа биелүүлж ажиллахыг, ард түмний амьдрал ахуйд анхаарал хандуулах цаг боллоо нөхөдөө, хэлбэр биш агуулгад анхаараач гэж сануулж байгаа. Энэ сөрөг хүчний шаардлага мөн үү гэвэл мөн. Улстөржиж байна гэдэг эрх баригчдын бодож олсон шалтаг төдий юм.

-Та НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч. Залуучуудаа төлөөлж УИХ-д сууж байгаа хүний хувьд тэдний дуу хоолойг нь хэр сайн хүргэж байна вэ?

-Залуусын нийгмийн халамжийн асуудал үнэхээр хүнд байна. Ээж, аав нь арайхийж их, дээд сургууль төгсгөдөг. Эргээд ажил олддоггүй. Энэ асуудалд төр анхаарах ёстой гэж залуус хэлж байна. Намын дэргэдэх НАМЗХ-ноос энэ чиглэлд судалгаа явуулж болж бүтэхгүй 76 асуудлыг нэрлэсэн. Үүнийгээ УИХ-ын гишүүдэд өргөн барьсан. Дээрх 76 асуудал дотор нь залуучуудтай холбоотой зайлшгүй шийдэл хүлээсэн асуудал багтсан байна лээ.

Манай улсын нийт хүн амын 70 хувь нь 40-өөс доош насны залуус. Хүн амын олонхийг эзэлдэг залуусаа төрөөс анхаарч зөв бодлого хэрэгжүүлэх ёстой. Төрөөс залуучуудад хандсан ямар бодлого хэрэгжүүлбэл зохих вэ гэдэгт бид нарийвчилсан судалгаа хийж байгаа. Үүн дээр үндэслээд шийдэх асуудлаа гаргаж тавиад хуулийн төсөл өргөн барих юм.

-Хангайн бүс хариуцсан нарийн бичгийн даргын хувьд цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Ер нь ажиглаж байхад бүсчилсэн арга хэмжээ зохион байгуулбал зүгээр юм шиг санагдлаа. Аймаг бүрийн намын байгууллагын төлөөлөл уулзаж зөв зүйтэй туршлага, мэдлэгээ хуваалцаж, арга барилаа солилцох уулзалтыг тогтмол хийвэл үр дүнтэй юм байна гэж харсан. Түүнчлэн манай ахмадуудад улс орныг өдий зэрэгт хүртэл удирдсан, авч явсан туршлага байна. Залуучуудад хөгжье, юм сурч мэдэж авах хүсэл байна. Энэ хоёр үеийг холбох хэрэгтэй байна. Бүсийн хувьд ийм ажил хийхээр төлөвлөж байна.

-МАН саяхан бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзсан. Орон нутгийн иргэдтэй уулзлаа л гэж байна. Ер нь иргэдийн санал, гомдлын мөрөөр УИХ-ын гишүүд эргээд арга хэмжээ авдаг юм уу?

-Иргэдийн санал хүсэлтийг сонсоод гурав хоногийн дотор шийдвэрлэнэ гэж байхгүй л дээ. Гэхдээ ард түмэнд ямар бэрхшээл учирч байгааг чихээрээ сонсч байна. Үүнийг сонссоны дараа ямар байдлаар асуудлыг шийдэж болох вэ гэдгийг бодолцох ёстой. Ийм боломж олгож байгаагаараа иргэдтэй уулзах, тэдэнтэй ойр байх ач холбогдолтой. Нөгөө талаар иргэд Засгийн газарт хандаад ямар ч өөрчлөлт гарахгүй байгаа учраас бидэнд хандаж байна.

Энэ бол сөрөг хүчин хэрэгтэй гэдгийн бас нэгэн илэрхийлэл гэж ойлгож байгаа. Би Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны болон Өргөдлийн байнгын хорооны гишүүн. Манай нам ч гэсэн халамжийн зөв бодлогыг дэмждэг учраас нийгэмд чиглэсэн хуулийн төслүүдэд анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллаж байгаа.