Даваасүрэн.Ц Ганбат.Д Гарамгайбаатар.Б 2014.01.10 | Сайт: Vip76.mn

Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын нэгдсэн чуулган.

Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Олон улсын байгууллагуудаар шаардаж шахуулж байж хуулиа хэрэгжүүлэх ямар хэрэг байна вэ? Олон улсын байгууллага анхаарч байна гэдэг чинь манай хууль эрх зүйн орчин болохгүй байна гэсэн үг. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт авилга авсан өгсөн хоёуланг нь шийтгэнэ гэж тусгагдсан. Энэ санал хэзээ орж ирэх гэж байна вэ? Дэлхийд мөнгө угаасан хүний мөнгийг царцаадаг, ашиглах боломж олгодоггүй зарчим үйлчилдэг. Ийм болгож болдоггүй юм уу?

Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин:

 Даяарчлагдаж буй энэ ертөнцөд Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг мөрдөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, хуульт ёс бэхжих нэг нөхцөл юм. Мөнгө угаах гэмт хэрэг Монголд эрсдэл дагуулж байна. Энэ хэрэг терроризмаас гадна хүн худалдаалах, хар тамхи наймаалах, авилгын хэрэгтэй холбогддог. Монголоос авилгын замаар гарч буй мөнгө гадаадад очоод үл хөдлөх хөрөнгө болоод байна.  Монгол Улс дэлхийн стандартад нийцсэн, гэхдээ хатуу биш хууль дүрэм хэрэгжүүлэх ёстой. Ийм зохилтой баланс бидэнд хэрэгтэй. Харин террорист үйл ажиллагааны хувьд олон улсын стандартын дагуу хатуу зогсох болно. Манай орны санхүүгийн тогтолцоо ямар нэгэн гэмт хэргийг санхүүжүүлдаггүй гэсэн итгэлийг олон улсад бий болгох нь уг хуулийн зорилго.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Олон улсын судалгааны баримтад нухацтай хандах ёстой. Авилга, авсан өгсөн хоёуланг шийтгэдэг заалтыг энэ хуулинд оруулж ирж болдоггүй юмуу ?

 Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин.

Д.Ганбат гишүүний яриад буй асуудллыг бид Гэмт хэргийн тухай хууль болон зөрчлийн тухай хуулийн төсөлдөө тусгаад бэлдчихсэн. Гэмт хэргийн тухай хуулийг бид өргөн барьсан хоёр хуулийг хоёуланг нь цогцоор нь авч үзэх хэрэгтэй гэж үзсэн учраас буцаасан. Одоогоор санал авах шатандаа явж байна. 14 хоногийн дараа дээрх хоёр хуулийг УИХ-д өргөн барина.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:

Би энэ хуулийг дэмжиж байна. Гэхдээ Хууль Зүйн Яам болон хэрэгжүүлэгч байгууллагуудад нэг зүйлийг хэлмээр байна. Монгол олон улсын төрөл бүрийн Конвенцид нэгдэн орсон ч тэр болгон тэдгээрийнхээ утга учрыг ойлгодоггүй. Хуулиа боловсруулахдаа энэ бүгдийг сайн судалж үзэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Хуулийн төслийн хувьд би дэмжиж байна. Гэхдээ бидний хуулийг хэрэгжүүлэх, дээдлэх ёс суртахуун тааруу. Баталсан хууль нь янз бүрээр хэрэгжчих гээд байдаг. Гарсан зөрчлийг чухам хэн тодорхойлж өгөх вэ гэдгийг тодорхой зааж өгөхгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Манай улсын хууль зүйн орчин болохгүй байгаа учраас Хууль Зүйн Яам сайн ажиллах хэрэгтэй. Монголд терроризм, зэвсэг наймаалалт байхгүй гэж тоохгүй байж болохгүй. Гэмт хэргийн ямар ч элемент байсан тэмцэх хэрэгтэй. Хоорондоо маргалдах бус шинжлэх ухааны судалгаа тооцоон дээр үндэслэж ажиллах ёстой. Гадны байгууллагууд биднийг судалчихаад байхад бид голдуу баримжаагаар ажилладаг. Аргагүйн эрхэнд авилга өгсөн бизнесмен хүнийг шийдгэдэг. Ер нь энэ авилгын асуудлыг ч энэ хуультай хамт оруулж ирэх ёстой. Тиймээс би энэ хуулийг эсэргүүцэж байна.

Гишүүд хууль санаачлагчдад асуулт тавьж, үг хэлсний дараа санал хураалт болж 62 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль Зүйн Байнгын Хороонд шилжүүлэв.