Баттулга.Х Баярсайхан.Г 2014.01.10 | Сайт: Olloo.mn

Г.Баярсайхан: Стратегийн хүнсний бүтээгдэхүүнээр улс төр хийж байгаа нь зохисгүй

Г.Баярсайхан: Стратегийн хүнсний бүтээгдэхүүнээр улс төр хийж байгаа нь зохисгүй
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахтай холбогдсон хуулийн төсөл юм. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцууллаа. Төсвийн байнгын хорооны гишүүд Газар тариалангийн талаар төрөөс баримтлах цогц бодлогыг шинэчлэн боловсруулж, чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулав.

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч эхэллээ.

Су.Батболд: Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог хуралдуулах санал тавьсан. Мэргэжлийн байнгын хороогоор Монгол Улс үнэхээр 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулах шаардлага байгаа юмуу гэдгийг эхлээд хэлэлцэх ёстой. Гэтэл Төсвийн байнгын хороогоор ярилцсан учраас манай байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гээд хэлэлцээгүй. Тэгэхээр 100 мянган тонн улаан буудайг оруулж ирлээ гэхэд гурилын үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгаа байна уу.

УИХ-ын гишүүн Х.Баттулга

Х.Баттулга: Намрын ургац хураалт хүрэхэд гурилын үнэ өсөх юм байна. Тиймээс л улаан буудай импортоор оруулж ирэхээр болж байгаа юм. Мөн 20 мянган тонн үрийн буудай гишүүдийн саналаар оруулж ирэхээр болсон. Нөөцөлсөн буудай дуусч, үнэ өсөх учраас улаан буудай оруулж ирэх байгаа.

Газар тариаланийн салбарыг унасан мэт буруу ойлголт нийгэмд өгөөд байна. Атрын III аян үр дүнгээ өгсөн. Гэхдээ дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж байсан удаагүй. Энэ жил ургац хураах үеэр 60 мянган тонн буудай дутсан. Ирэх жилд ч хэрэг болох тул 100 мянган тонн буудай импортлох саналтай байгаа

Г.Баярсайхан: Су.Батболд гишүүн та улс төрөө оноож хий. Улс үндэстний стратегийн хүнсний бүтээгдэхүүнээр улс төр хийж байгаа нь зохисгүй. Байнгын хороо дэмий хуралдаггүй юм шүү.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.