Болорчулуун.Х 2014.01.10 | Сонин: Өнөөдөр сонин

Х.Болорчулуун: Бага татвараа бүр багасгаж болохгүй

Х.Болорчулуун: Бага татвараа бүр багасгаж болохгүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Засгийн газар “унасан” төслийн агуулгыг бараг бүхэлд нь шингээсэн төслийг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах нэрээр УИХ-д оруулж ирснийг хэлэлцэж эхлээд буй.

Тодруулбал, Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгон бууруулж, өсөн нэмэгдэх роялти авахаа зогсоохоор эл төсөлд тусгаад байгаа юм. Алт тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас тодрууллаа.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та дэмжиж байгаа юу. Байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг санаачлах болсон гол шалтгаан нь алтыг Монголбанкинд тушаалгүй нууцаар хил гаргаж байна гэсэн таамаглал төдий зүйл. Үнэндээ нууцаар хил давуулж буй алт нь кг-аар ярихаас биш, тонн тонноор яригдах хэмжээнийх биш. Монголбанкинд алтаа тушаах нь багасаж байгаа нь шороон ордуудын нөөц дууссантай холбоотой. Энэ жилийн хувьд Монголбанкинд найман тонн алт тушаасан нь олон жилийн дунджаас харахад хэвийн үзүүлэлт. Харин алтны үндсэн ордын дийлэнхийг гаднын компаниуд эзэмшиж байна.

Гаднын компаниуд алтны үндсэн ордыг эзэмшиж байгаа тохиолдолд Монголбанкинд алт тушаасан ч манай валютын урсгалыг гадагшаа шилжүүлэх л болно. Цаашид үндсэн ордоос жилд 30 тонн алт олборлоно гэж байна. Монголбанк уг алтыг худалдаж авах боломжгүй. Алт нэмүү өртөг бий болгодоггүй хэрнээ байгаль орчинд нэлээд сөрөг үр дагавартайг хүн бүхэн мэдэж байгаа.

Цаасан мөнгө үйлдвэрлэж өнөөх алтыг нь худалдаж авлаа гэхэд инфляц хөөргөдөх түлхүүр болно.

Цаасан мөнгө үйлдвэрлэж өнөөх алтыг нь худалдаж авлаа гэхэд инфляц хөөргөдөх түлхүүр болно. Хэлэлцэх дарааллаа хүлээсэн олон төсөл байхад нэг төслийг ойр ойрхон өөр нэрээр оруулж ирээд байгаа нь үүний цаана ямар нэг ашиг сонирхол нуугдаж байгаагийн илрэл.

Шулуухан хэлэхэд хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхдээ хуульд захирагдана гэж бодохоос илүүтэй өөрт ашигтай байдлаар хууль, дүрмийг нь өөрчлөх санаа өвөртөлдөг болсон нь нууц биш шүү дээ. Энэ нь монгол төрийг эмзэг болгож байна. Хоёрдугаарт, өнөөдөр манай алтны татвар хоёр хөршийн алтанд ногдох татвараас харьцангуй бага байгаа. Бид татварыг бага дээр нь бүр бага болгож болохгүй. Монгол Улс хөгжмөөр байна.

Ард түмэн хангалуун амьдармаар байна. Эх орноо өнгөтэй өөдтэй авч явъя гэсэн чин хүсэл байдаг бол үүнийгээ эргэж харах л хэрэгтэй. Аль нэг бүлэглэлийн төлөө бид эх орноо мартаж болохгүй. Миний эх оронд алт элбэг ч гэлээ ингэж бага татвар аваад байвал бидэнд юу үлдэх юм бэ. Үр хүүхдүүддээ юу үлдээх юм. Уг хуульд олигархиудын нөлөөлөл орчихоод байна гэж хардахаар байна.

-Төсөл санаачлагчдын зүгээс харин ч манай татварын хэмжээ өндөр байна гээд байгаа юм биш үү?

-Хятадууд алтны шороон орд дээрээ хоёр хувийн татвар авдаг хэрнээ үндсэн ордоос долоон хувийн роялти авдаг. Мөн ашгийн 40 хувийн татвар авдаг. Гэтэл манайх 25 хувийн татвар авдаг юм. Нэмүү өртөг манайд 10 хувь байхад урд хөршийнхөн 17 хувь байх жишээтэй. Манайд алтны татвар үнэхээр бага.

-Та хардаад байгаа шалтгаанаа жаахан тодорхой хэлэхгүй юү. Тухайлбал, яг хэний нөлөөнд автсан гэж. Та Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр “АН-ынхан “Сентерра гоулд”-ынхантай уулзаж, сүжрээд байна” гэж мэдэгдэж байсан.

-“Сентерра гоулд” Дорнодын Цагаан-Овоод 29 тонн, Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад 31 тонн, нийт 60 тонн алтны үндсэн ордыг авахад бэлэн болчихоод байна. “Сентьерра гоулд” “Бороо гоулд”-тай 10 жилийн гэрээ хийхдээ эхний таван жилд нь нэг ч төгрөгийн татваргүй алтаа авч, сүүлийн таван жилд нь татвараас 50 хувь чөлөөлөх гэрээ хийсэн. “Сентерра гоулд” татвар төлөхгүй эхний таван жилдээ бүх алтыг нь ухаад дуусгачихсан. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр дахин лообийгоо оруулж ирэх гэж байна.