УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.01.10

Д.Батцогт: Бизнесийн туршлага шинээр үйлдвэрлэл эрхэлж зээл хүссэн иргэдэд дарамт болдог

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 2016 он гэхэд 500 тэрбум болгох зорилттой байна.

Зээлийн хэмжээ нэмэгдэх нь үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал хэдий ч зээл эзэндээ хүрч чадахгүй байгааг шүүмжлэх хүмүүс олон байгаа юм. Зээл олгох үе шат, барьцаа хөрөнгө зэрэг нь үйлдвэрлэгчдэд тулгардаг асуудлын нэг юм.

Үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгж иргэдэд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 200 хүртэл сая төгрөгийн зээлийг олгож байна. Цаашид сангийн эх үүсвэр нэмэгдвэл үйлдвэрлэгчдэд олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтойг албаныхан хэлж байгаа юм. Өнгөрсөн 2013 онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нийт 84,9 тэрбум төгрөгийг иргэн аж ахуй нэгжид олгосон байна.

Үйлдвэржилтийг дэмжих хүрээнд зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Мөн ирэх онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд эргэн төлөлтөөс 49 тэрбум төгрөг орж ирэх юм. Энэ үр дунд дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлж ажлын байр нэмэгдүүлэх боломжтой ч шинээр үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийг дэмжсэн бодлого дутмаг байгааг зарим гишүүд шүүмжилж байна.

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт:

Эзнээ олохгүй байна гэж шүүмжлэгдэж байна. Учир нь зээлийн батлан даалт дээр асуудал байгаа. Яг жижиг бизнес эрхлэх хүмүүс банкны барьцаан дээр унадаг. Тэгээд зээл авах ямар ч боломжгүй болдог. Тэгэхээр энэ зээл нь том компани охин компани байгуулаад тэр нь жижиг дунд үйлдвэрлэлийн төслийг хамах үзэгдэл харагдаж байгаа. Үүнийг амжилттай болгохын тулд бодлогыг эргэж харах, боловсронгуй болгох шаардлага байгаа.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав:

барьцаа хөрөнгийг байхгүй болгох нь хүнд. Гэхдээ аль нэгэн зээл барьцаа хөрөнгө тавих ёстой тэрийгээ яаж бий болгох уу гэдэг зүйлийг аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийг батлан даалтын сангаар дамжуулан зээл олгодог байх ёстой.

Зээл хүсэгчдэд тавих шаардлагад бизнесийн туршлагыг авч үзэх нь шинээр үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд дарамт болдог байна. үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого иргэндээ хүрсэн, үйл ажиллагааг нь дэмжсэн тохиолдолд дотоодын үйлдвэрлэл хөгжих боломжтой. Тиймээс үйлдвэрлэгчдэд тулгамдаж байгаа асуудал бэрхшээлийг зохицуулах ажилд УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооноос анхаарч ажиллахаа хэлсэн юм.