УИХ Монгол судлалыг хөгжүүлэх хуулийг хэлэлцлээ
УИХ-ын нэгдсэн чуулган.
2014.01.10

УИХ Монгол судлалыг хөгжүүлэх хуулийг хэлэлцлээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ танилцуулав.

Дээрх тогтоолд хэл шинжлэл, түүх зэрэг монгол судлалын үндсэн чиглэлүүдээр Үндэсний Зөвлөл байгуулах талаар тусгасан байв.

Д.Батцогт гишүүн Ерөнхий сайдын дэргэд Монгол Судлалын Үндэсний Зөвлөл байгуулж, Монгол судлалыг хөгжүүлэх хөтөлбөр, Монгол судлалын сан хоёрыг уялдуулах хэрэгтэйг онцоллоо. Гишүүн С.Бямбацогт Үндэсний Зөвлөлийн гишүүд орон тоогоор ажиллах эсэх, ямар цалин авах талаар асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ орон тооны бусаар ажиллана, гэхдээ ингэх нь буруу, Монгол судлалыг дэмжих ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх нь уламжлалаа авч үлдэхэд зайлшгүй хэрэгтэй гэсэн тайлбарыг өглөө.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэрэв Үндэсний Зөвлөл бодлогын шинжтэй ажил хийвэл улсын төсөвтэй холбогдоно, тэгэхээр энэ асуудал холбогдох байнгын хороогоор орох ёстой гэдгийг хэллээ.

Тогтоолын төслийн талаар байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.