Улаан.Ч 2014.01.13 | Телевиз: МН25-р суваг

Ч.Улаан: Гар бөмбөгийн спортын дэд мастер цолтой

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан

25-р суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлгийн энэ удаагий дугаарт УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан оролцлоо.

Чүлтэмийн Улаан. 1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт  суманд төрсөн. 1972-1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1977-1992 онд Улсын төлөвлөгөөний комист эдийн засагч, 1990-1992 онд ОХУ-ын Төрийн албаны удирдлагын академид докторын зэрэг хамгаалсан. 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, эдийн засгийн сайд, 1996 оноос хойш УИХ-ын гишүүнээр таван удаа сонгогдсон. 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004-2006 онд Засгийн Газрын Шадар сайд, 2006-2007 онд Сангийн сайд, 20012 оноос мөн Сангийн сайдаар ажиллаж байна. Монгол улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор, профессор.

 Бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

Би багаасаа л сониуч, юм юм оролддог хүүхэд байлаа. Гол сонирхол маань спорт. Гар бөмбөг, сагсан бөмбөг тоглож өслөө. Цанын спортоор дунд сургуульд байхдаа улсын зэрэгтэй болж байсан. Гар бөмбөгийн спортын дэд мастер цолтой. Залуу байхад Улсын төлөвлөгөөний комиссын спорт заалнаас салдаггүй хүн байлаа.

Одоо эрүүл мэндийн байдлаас болоод спортоос холдож байна. Тэгэхээр спортын хөнгөн хэлбэрийг сонгоход хүрч байна. Сүүлийн жилүүдэд морь уях дуртай болж байна. 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш өөрийн эрхгүй хурдан морь уях хоббитой боллоо.

Манай гишүүдийн дунд улсын манлай, тод манлай уяач байдаг. Тэдний нэг нь би.

Та хичнээн адуутай вэ? Сангийн сайдын хөрөнгө ямар байдаг нь үзэгчдэд сонирхолтой гэж бодож байна.

Би цэвэр нутгийн угшлын адуутай хүн. Ойролцоогоор 100 орчим адуу байна. Анх хөрөнгө оруулгын мэдүүлэгт өгөхдөө 20 орчим адуутай байсан.

Таныг усанд живж байсан гурван хүүхдийн амь аварсан гэж сонссон?

2010 онд хөдөө явж байгаад хүүхдүүдийг аврах ажилд оролцож, гурван хүүхдийг уснаас татаж гаргасан. Үүний дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж, намайг “Шударга журам” медалиар шагнасан юм. Намайг шагнагдах үед УИХ-ын гишүүдээс ийм медалийг анх удаа авлаа гэж байсан.

Усан спортоор хичээллэж байсны хувьд устай яаж харьцах вэ гэдгийг мэддэг.

Таны хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөж авсан хүн байна уу?

Гурван охинтойгоос миний мэргэжлийг өвлөсөн хүн алга. Бүгд сургууль төгссөн. Зээ хүү маань одоо 16 нас хүрч байна. Тэр маань хэлний мэдлэгтэй, сэргэлэн. Спортоор их хичээллэдэг.

Та гэр бүлдээ цаг зав зарцуулж чадаж байна уу?

Бусад хүмүүстэй харьцуулахад цаг зав муутай байна. Гэхдээ ажил ихтэй ч гэр бүлдээ цаг зав заавал гаргах хэрэгтэй.

Спортоос өөр ямар авьяастай вэ?

Би бага зэрэг гарын дүйтэй. Мужаан, зураачийн ажлыг хааяа хийдэг. Харин ан хийх, загасчлах хобби надад байдаггүй.