УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн
2014.01.14

Ц.Даваасүрэн: Сайд нар мэргэжилтнүүдийнхээ толгойгоор ажиллаж байна

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж хэлэлцүүлсэн Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлтийн зүйл заалтууд нь бизнесийн үйл ажиллагааг хянаж цагдах, боомилоход чиглэсэн байсан учраас бид УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нартай ярилцаж, олонхийн саналаар унагасан гэж УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн мэдээллээ.

Мөл ТББ-ууд хувийн хэвшлийн байгууллагад албан тушаалаа урвуулан ашиглах магадлалтай заалтыг эргүүлэн татсан байна.

Энэ долоо хоногт хэлэлцэх УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд хурууны хээгээр санал өгдөг болохыг Бие даагчдын бүлэг дэмжих байр суурьтай байгаа юм байна. Учир нь 20-30 гишүүний ирцтэй мөртлөө ойр хавийнхаа хүний товчлуурыг дарж, хууль баталж байгааг ёс зүйгүй асуудал гэж тэд үзэж байгаа юм. Мөн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тавьсан асуулгын хариуг сонсохын зэрэгцээ “урт нэртэй" хуулийн ажлын хэсэгт багтаж байгаагийн хувьд энэ асуудалд илүү анхаарч оролцохоо Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн юм.

“Давхар дээл”-ийг тайлах УИХ болон Засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн нь Засгийн газрын кабинетэд багтах боломжийг хууль, эрх зүйн хувьд хаах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа гишүүн Х.Болорчулуун хэлж байлаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд салбар хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийг ч хасах хэрэгтэйг гишүүд сануулсан юм.

Бие даагчдын зөвлөлийн гишүүн Х.Болорчулуун

Түүнээс гадна дээрх хуулиудад хийх өөрчлөлтийг батлагдсан өдрөөсөө юм уу, 2016 оны сонгуулийн дараагаас хэрэгжиж эхлэхээр заах нь төдий л оновчтой бус гэж бие даагчид үзэж байна. Тиймээс тодорхой хугацааны дараа буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс, эсвэл “алтан дундаж”-ийг сонгосон хугацааг заах нь зүйтэй гэж гишүүд үзэж байгаа юм байна.

Үүнээс гадна Газрын тухай хуульд бэлчээрийг хаших, өвөлжөө хаваржааг тухайн малчинд эзэмшүүлэх, өмчлүүлэхээр заасан нь монгол ахуй, зан заншил, уламжлалтай зөрчилдөж байна гэж бие даагчдын зөвлөл үзсэн байна. Иймээс өвөлжөө, хаваржааг 60 жилээр эзэмшүүлэх, цаашдаа 100 жил хүртэл сунгах магадлалтай энэ заалтыг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. Үүний дараа Бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар сэтгүүлчдийн сонирхсон цөөн асуултад хариулав.

-”Урт нэртэй” хуулийн ямар заалтыг та бүхэн дэмжихгүй гэж байгаа юм бэ?

Х.Болорчулуун: -Ерөнхийдөө энэ хуулийн өөрчлөлтийг бүхэлд нь дэмжих бололцоогүй. Тухайлбал, гол мөрний урсац, ай сав, ойн нөөц бүхий газраас 500 метрээс гадагш уул.уурхайн хайгуул, олборлолт хийхийг зөвшөөрдөг байтал одоогийн хуулийн өөрчлөлтөөр 200 метр болгож наашлуулсан. Энэ хуулийн дээрх заалтын талаар УИХ- ын гишүүн Г.Уянга Үндсэн хуулийн Цэцэд хандсан байгаа. Бид үүнийг дэмжиж байна.

-УИХ болон Засгийн газрын тухай хуулийн заалтын хэрэгжих хугацааны хувьд та бүхэн арай өөр байр суурьтай байсан. Одоояагаад өөрчлөгдөв?

Ц.Даваасүрэн: -УИХ-ын гишүүн болон сайдын суудлыг салгачихвал Засгийн газар бүхлээрээ хөдлөх болно. Үүнд цаг хугацаа алдаж, ажлыг цалгардуулахгүй байхын тулд тодорхой хугацаа хэрэгтэй юм байна гэж үзсэн. Ер нь бодлогын яамыг мэргэжлийн хүн удирдахгүй бол одоогийн сайд нар салбарынхаа мэргэжилтний үг, толгойгоор л явж байна.

-Хурууны хээгээр ирцийг бүртгэх, санал хураах явдал байнгын хорооны хуралдаанд хамаатай юу. Үүний тулд тоног төхөөрөмжийг солих хэрэгтэй. Түүнд зарцуулах хөрөнгө мөнгө нь байгаа юм уу?

Ц.Даваасүрэн: -Одоогоор УИХ-ын нэгдсэн чуулганы ирц, гишүүдийн саналыг хураахад л хурууны хээг ашиглахаар ярьж байгаа. Бусад улс орны парламентад хүний товчлуурыг өмнөөс нь дарах гэсэн ойлголт байдаггүй. Яагаад гэвэл, нэгдүгээрт хүмүүсийн ухамсарт тийм буруу ойлголт, зуршил байхгүй. Хоёрдугаарт, дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн хяналт маш өндөр, сайн хөгжсөн байдаг юм билээ.

Тоног төхөөрөмжийг солих хөрөнгө мөнгөний тухайд бол ирцгүйгээр халтуурдаж баталсан хуулийн хожим ирэх хор уршгаас хэд дахин бага байх болно. Тиймээс үүнийг солих л шаардлагатай.