Байнгын хороо сайдын мэдээллийг сонслоо
УИХ-ын гишүүн Д.Зоригт
2014.01.16

Байнгын хороо сайдын мэдээллийг сонслоо

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж  УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Бакей, Д.Батцогт, Ц.Даваасүрэн нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулж өргөн барьсан “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Монгол Улсын хэмжээнд болон бүс, орон нутаг, салбарын чиглэлээр удаан хугацаанд мөрдөгдөхөөр батлагдсан хөтөлбөрийн баримт бичгүүд нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон салбарын бодлоготой уялдаж байгаад шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, хэтийн зорилтоо үндэслэлтэйгээр тодорхойлох шаардлагатай байна.

хөрөнгийн эх үүсвэрийг хуваарилах зэрэг асуудлыг нэг цонхоор шийдвэрлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт тодорхойгүй байна.

Улс орныг хөгжүүлэх, салбарын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр батлагдсан хууль, тогтоомжууд нэгдсэн зохицуулалтгүйгээр өргөн мэдүүлэгдэж, хэлэлцэгдэж, батлагдаж байгаагаас тэдгээрийн хоорондын уялдаа холбоо муу, төлөвлөлт, хэрэгжилтийн залгамж чанар алдагдах, төсвийн хөрөнгийн оновчтой хуваарилалт хийгдэж чадахгүй байдал ажиглагдаж байна гэж төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа аж.

Түүнчлэн бодлогын баримт бичгийг тэргүүлэх чиглэл, ач холбогдлоор эрэмбэлэх, эдийн засаг, нийгмийн үр ашгийн нарийвчилсан тооцоо гаргах, хөрөнгийн эх үүсвэрийг хуваарилах зэрэг асуудлыг нэг цонхоор шийдвэрлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт тодорхойгүй байна.

2007 онд “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод-суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эдийн засаг, нийгэмд гарсан өөрчлөлт, гадаад дотоод орчны нөлөөллийг харгалзан, Үндэсний хөгжлийн цогц бодлогоо тодотгох, дунд, урт хугацааны тогтвортой хөгжлийн баримт бичгийг шинэчлэн боловсруулах, улс орноо хөгжүүлэх нэгдмэл зорилтуудыг тодорхойлох, хөгжлийн баримт бичгийг улс төрийн нөлөөллөөс хамааралгүйгээр дагаж мөрдөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч байна гэж үзсэний үндсэн дээр энэхүү тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.

Энэхүү тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өмнө нь тус байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүн Д.Зоригт бодлогын баримт бичиг, хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг нэгтгэн авч үзэж гаргасан тодорхой судалгаа тооцоо бий эсэх, УИХ-аас 2007 онд баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг өөрчлөх шаардлага гарах уу, тогтоол батлагдсаны ач холбогдлыг хэрхэн харж байгаа зэргийг төсөл санаачлагч болон ажлын хэсгээс тодруулав. Энэ талаар төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт өнөөдөр манай улсын хэмжээнд 400 гаруй бодлогын баримт бичиг, хөтөлбөр байдаг гэсэн тоо бий.

Гэсэн ч тэдгээрийн хэрэгжилтийг дүгнэж тооцож, хянаж зохицуулах талаар Засгийн газар олигтой анхаарахгүй явж ирсэн. Уг нь УИХ нь бодлогын баримт бичгээ баталдаг, харин Засгийн газар нь түүнийг хэрэгжүүлдэг байх учиртай. Тэгэхгүйгээс бодлогын баримт бичиг, хөтөлбөр нь мөрөөдлийн цаас болон үлдэж байгаа учраас энэ асуудлыг цэгцэлж, бодитой төлөвлөх, нэгэнт баталсан бол хэрэгжүүлдэг байх эрх зүйн механизмыг оновчтой болгох үүднээс энэ тогтоолын төслийг санаачилсан юм гэлээ.

Мөн гишүүн Ц.Даваасүрэн улс орны хөгжлийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, зорилтыг тодорхой болгоод өгчихвөл сонгуулиар намууд элдэв янзын амлалт авахгүйгээр хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтоо олон түмэнд дэлгэн тавьж өрсөлддөг байх боломжтой болох юм. Иймээс энэ асуудлыг нухацтай авч үзэж анхны хэлэлцүүлгийг нээлттэй үлдээгээд байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллуулах хэрэгтэй байна гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Ц.Даваасүрэн улс орны хөгжлийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, зорилтыг тодорхой болгоод өгчихвөл сонгуулиар намууд элдэв янзын амлалт авахгүйгээр хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтоо олон түмэнд дэлгэн тавьж өрсөлддөг байх боломжтой болох юм.

Харин тогтоолын төсөлтэй холбогдуулан саналаа хэлсэн гишүүн Д.Ганхуяг улс орны ойрын болон дунд, урт хугацааны хөгжлийн бодлогыг ул суурьтай, зөв оновчтой тодорхойлох, зорилтыг хэрэгжүүлэх арга зам, хөгжлийн стратегийг ойлгомжтой болгох нь зүйтэй юм гэсэн бол гишүүн Д.Зоригт дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, механизмыг ашиглан улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохуйц дотоодын нийт бүтээгдэхүүн, дундаж наслалт, дэд бүтэц, эрчим хүчний хангамж хүрэлцээ гэх мэт цөөн хэдэн үзүүлэлтээр хэтийн зорилтоо оновчтой тодорхойлох нь зүйтэй юм гэлээ. Ингээд байнгын хорооны гишүүдээс гаргасан саналыг тусгаж санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Хүнд, хөнгөн аж үйлдвэрийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээллийг сонсов. Тус яамнаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, Хөнгөн үйлдвэрийн талаар баримтлах бодлого зэрэг бодлогын баримт бичгийн төслүүдийг боловсруулаад байгаа аж. Мөн хүнд, хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар яамнаас хийж байгаа ажлын явц байдал, цаашдын зорилтын талаар байнгын хорооны гишүүдэд зарим баримт материалыг тарааж, Сайншандын аж үйлдвэрийн парк, тэнд байгуулахаар төлөвлөж байгаа гангын үйлдвэрийн цогцолборын техник эдийн засгийн үндэслэлийн талаар танилцуулав.

Энэ талаар танилцуулга хийсэн тус яамны Хүнд үйлдвэрийн газрын дарга Ганболд хэлэхдээ, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор нь хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх гол газар болох учраас энд жилдээ 5 сая тонн ширэм үйлдвэрлэж 3 сая тонныг нь экспортод гаргах хүчин чадалтай гангын томоохон үйлдвэр байгуулахаар төлөвлөж холбогдох тооцоо судалгааг боловсруулаад байгаа. Дэлхийн зах зээл дээр гангын хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа учраас төмрийн хүдрийн асар их нөөцтэй манай улсын тухайд гангын үйлдвэр нь эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй юм. Энэ цогцолборыг байгуулахад Оюулгойгоос бага зардал гарах бөгөөд эдийн засгийн үр ашгаараа Оюутолгойтой тэнцэхүйц юм гэдгийг дурдлаа.

Ингээд сайдын мэдээлэлтэй холбогдуулан үг хэлсэн байнгын хорооны гишүүдийн саналын дагуу бүтээн байгуулалт, дэд бүтэц, аж үйлдвэрийн энэ томоохон төслийн тооцоо судалгаатай нухацтай танилцаж мэдээлэл авах үүднээс гишүүн Д.Зоригтоор ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тогтлоо.

Мөн өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг гишүүн Д.Ганбатаар, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн ажлын хэсгийг  Б.Гарамгайбаатараар тус тус ахлуулан байгуулахаар тогтов.