2013 оны санхүүгийн жилд Монгол Улсад зориулан 300 сая иен буюу 3 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий Ноот бичигт гарын үсэг зурлаа
2014.01.16

Япон улсаас төслийн бус буцалтгүй тусламж үзүүлнэ

Япон Улсын Засгийн газраас 2013 оны санхүүгийн жилд Монгол Улсад зориулан 300 сая иен буюу 3 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий Төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсыг төлөөлж, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кихара нар  Гадаад харилцааны яаманд гарын үсэг зурлаа. 

Энэхүү тусламжаар асаргаа сувилгааны дасгалын төхөөрөмжийн иж бүрдэл, физик эмчилгээний дасгалын иж бүрдэл, хөдөлгөөн заслын төхөөрөмж, харааны бэрхшээлтэй иргэдийн сургалт, чадавхийг дээшлүүлэх төхөөрөмж, ой хээрийн түймрийг унтраах тоног төхөөрөмж, гал унтраах бага оврын багаж төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэгдэх юм. 

Энэ удаагийн тусламжийг хүлээн авагч байгууллага нь манай улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Онцгой байдлын Ерөнхий газар, Эрүүл мэндийн яам болно.

Японы Засгийн газар  газар хөдлөлт, цунамигийн гамшигт нэрвэгдсэн Японы зүүн бүсийн сэргээн босголтыг дэмжих, тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үүднээс тухайн бүс нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ODA-гийн хүрээнд Төслийн бус буцалтгүй тусламжийн хэлбэрээр нийлүүлэх зорилтыг тавьж байгаа ба энэ хүрээнд уг төсөл хэрэгжиж байна.

Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламж нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг дэмжих, гадаад төлбөрийн балансын алдагдлыг багасгах, нэн яаралтай импортлох шаардлагатай бараа материалыг худалдан авахад нь зориулж олгодог буцалтгүй тусламжийн хэлбэр юм.

Төслийн бус буцалтгүй тусламжийг Монгол Улс 1991, 1992, 1993 онд тус бүр 2 тэрбум, 1994 онд 1 тэрбум, 1996 онд 2,0 тэрбум, 1997 онд 2,5 тэрбум, 1998 онд 900 сая, 1999 онд 1,9 тэрбум, 2001 онд 1,2 тэрбум, 2005 онд 300 сая иен, 2013 оны 2 дугаар сард 200 сая иен зэрэг нийт 10 гаруй удаа хүлээн авсан бөгөөд  уг тусламжаар хөдөө аж ахуйн машины сэлбэг, тролейбусын сэлбэг, шуудайн таар, даалимба, брезент, эмийн бараа, бензин, мазут, тослох материал, битум, уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг, холбооны тоног төхөөрөмж сэлбэг, авто машины сэлбэг, дугуй, цахилгаан станцын сэлбэг, замын гэрэл дохио, эмнэлгийн багаж төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэгджээ.