Бямбацогт.С Батцогт.Д Энх-Амгалан.Л 2014.01.16 | Сайт: Time.mn

Яамдаас санал авсны дараа хэлэлцэхээр болов

Яамдаас санал авсны дараа хэлэлцэхээр болов
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох УИХ-ын тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох УИХ-ын тогтоолын төслийг бүх байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга өнгөрөгч баасан гаригт өгсөн билээ.

Энэ дагуу тогтоолын төслийг энэ долоо хоногт бүх байнгын хороогоор хэлэлцэж эхлээд байгаа юм. Өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд холбогдох яамдын төлөөлөл хангалттай ирээгүй гэсэн шалтгаанаар дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Учир нь хуралдаанд ганц хоёрхон яамны л холбогдох албан тушаалтнууд ирсэн байлаа. Өөрөөр хэлбэл, яамд болон байнгын хороонд харьяалагддаг гишүүдийн саналыг авч санал дүгнэлт гаргасны дараа тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг С.Ганбаатар гишүүн ахлах ажээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо бол хамгийн олон яам, агентлагийг хамаардаг байнгын хороо. Гэтэл энд ганц хоёрхон яамны төлөөлөл сууж байна. Улс орны хөгжлийн бодлоготой холбоотой чухал асуудлыг хэлэлцэж байхад яагаад оролцдоггүй юм.

байнгын хорооны хуралдаан

Энэ талаар цаашдаа байнгын хорооны дарга, ажлын албанаас анхаарч ажиллая. Ардын намаас тав, АН-аас хоёр, эвслээс нэг, нэг бие даагч л энэ хуралдаанд сууж байна. Ийм байдлаар хурал зохион байгуулж болохгүй байх аа" гэв.  Түүний саналыг хүлээж авч байгаагаа байнгын хорооны дарга Д.Батцогт хэлж байсан юм.

Л.Энх-Амгалан гишүүний хувьд  "Өнгөрсөн жил бүх байнгын хорооноос 2016 он хүртэл ямар хууль тогтоомж батлуулах вэ гэдэг санал авсан. Гэтэл байнгын хороодын гаргасан саналаас огт өөр тусдаа жагсаалтыг Засгийн газар гаргасан байсныг гишүүд санаж байгаа байх аа. Тэгэхээр хөгжлийн бодлого, төлөвлөлтөө дэмжсэн ямар эрх зүйн хууль эрх зүйн актууд тухайн дөрвөн жилд батлагдах ёстой вэ гэдгийг УИХ-ын тогтоолын төсөлд тусгая" гэсэн саналтай байв.

Тиймээс байнгын хорооны дарга Д.Батцогт "Олон яам хариуцдаг байнгын хороо учраас энэ асуудлыг бэлтгэл хангагдсаны дараа хэлэлцүүлье. Салбарын яамд, байнгын хорооны гишүүдийн саналыг нэгтгэж, дараагийн хуралд санал боловсруулж оруулж ирэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулъя" гэснээр хуралдаан өндөрлөсөн юм.