Г.Шийлэгдамба: Говь-Алтайд дахин сонгууль болж байгаа нь шударга ёс
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.01.16

Г.Шийлэгдамба: Говь-Алтайд дахин сонгууль болж байгаа нь шударга ёс

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг урилаа.

-Орон нутгийн сонгуулиар Говь-Алтай аймаг дахь  Сонгуулийн хороо МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгээгүй. Энэ асуудлаар танай намаас гаргасан гомдлыг шүүх хянаж үзээд дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Манай нам  2012 оны орон нутгийн сонгуульд  нэр дэвшүүлж оролцох эрхийнхээ  дагуу хандсан ч,  Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо боломж олгоогүй юм.

Тэр үйлдэл нь өөрөө Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн явдал болсон. Тиймээс Говь-Алтай аймгийн МАХН-ын хорооноос шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Улсын Дээд шүүх авч хэлэлцээд зохих    шийдвэрээ гаргасан юм. Шүүхээс  орон нутгийн сонгуульд Говь-Алтай аймагт нэр дэвшүүлж, оролцох МАХН-ын  эрх зөрчигдсөн гэж үзсэн тул дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Тэр шийдвэрийн дагуу энэ сарын 19-нд дахин сонгуулийн санал хураалт явагдах гэж байна.

Нийт 17 тойрогт дахин сонгууль болно. Таван тойрогт  нэр дэвшүүлэх бол бусад тойрогт намын нэрсийн жагсаалтаар санал хураах юм. Улс төрийн гурван нам дахин сонгуульд нэр дэвшүүлэн  өрсөлдөж байгаа.  Нэр дэвшигчээ  сурталчлах, тодорхой мөрийн хөтөлбөрөө  танилцуулах ажил эхлээд  явагдаж байна.

-МАН болон АН-ын зүгээс өдөр болгон хэвлэлийн хурал хийж уралдаж байна. Харин танай нам дахин сонгуульд хэр бэлтгэж байна вэ?

-Манай намын зүгээс  сонгуулийн сурталчилгааны ажлыг өрсөлдөгч намуудтай нэг талаар харьцуулж дүгнэх боломжгүй. Тухайлбал, хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгийг дахин сонгуульд зарцуулж байна вэ гэдгийг хоёр намтай харьцуулах ямар ч бололцоогүй. Гэхдээ, бид тодорхой ажлууд зохион байгуулж, УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг томилж, намын нарийн бичгийн дарга нар, УИХ, Засгийн газрын гишүүд оролцсон багийг Говь-Алтай аймгийн дахин сонгууль явагдаж байгаа тойргуудад  ажиллуулж байна. 

Сонгуулийн бэлтгэл ажлыг өөрсдийн бололцоо, боломжийн хүрээнд хангасан. Одоогийн байдлаар МАХН-ын дэд дарга,  Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог,  Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх  Д.Дугаржав тэргүүтэй баг орон нутгийн намын байгууллагатай хамтран дахин сонгуулийн ажилд гар, бие оролцож байна.

-Орон нутгийн сонгууль болоод хоёр жил өнгөрлөө. Гэтэл Говь-Алтай аймагт  үүссэн нөхцөл байдал  ээдрээтэй, хуулиараа бол 2008 оны ИТХ нь үүрэг гүйцэтгэх эрхтэй байтал 2012 оны сонгуулиар гарч ирсэн хүмүүс нь ажиллаж байх жишээтэй. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

2008 онд байгуулагдсан Говь-Алтай аймгийн ИТХ-ыг хүчинтэй байхаар шийдвэрлэсэн.

- Манай сонгуулийн тогтолцоо, шулуухан хэлэхэд сонгууль болгоноор хуулиа өөрчилдөг байдалтай энэ асуудал холбоотой юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн шинэ хууль нь өмнөх сонгуулийн үйл ажиллагаатай уялдахгүй байгааг энэ үйл явц  харуулж байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл, шүүхээс   2008 онд байгуулагдсан Говь-Алтай аймгийн ИТХ-ыг хүчинтэй байхаар шийдвэрлэсэн. Гэтэл  2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ нь үндсэндээ  хоёр жил ажиллаж ирлээ.

Энэ хооронд үүссэн  нөхцөл байдлыг зохицуулах зохицуулалт алга.  Монголын төр өөрөө зохицуулалт сайтай баймаар байна. Улс төрийн намууд аливаа асуудалд хандахдаа, мөн түүндээ сонгуулийн байгууллагыг оролцуулахдаа хэт улстөржсөн байдлаар, зөвхөн өөрсдийн эрх ашгийг хангахад хандуулвал түүнээс үүдэж ямар үр дагавар гардагийн нэг жишээ нь Говь-Алтай аймагт үүссэн нөхцөл байдал юм. Өөр нэг асуудал  нь  УИХ өөрөө хууль баталдаг байгууллага.

Баталсан хуулиуд дотроос нь  Сонгуулийн хуулийг авч үзэхэд нэг сонгууль болж  дуусахаас  эхлээд  дараагийн бүрэн эрх  хэрэгжүүлэх хүртэл энэ хуулийг боловсруулж, баталдгаас үүдэж улс төрийн болон сонгуулийн нөхцөл байдал, сонгогчдын зүгээс сонгуульд хандах хандлага, үнэлэмж нь асар их унаж байна. Тиймээс аль ч улс төрийн хүчин хариуцлагатай байж, манлайлж  ажиллах ёстой болов уу.

Энэ дашрамд хэлэхэд, болж өнгөрсөн бүхий л сонгуульд МАХН-ын оролцоог хязгаарлах гэсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа ихээр явагдаж байсан. Хууль, шүүхийн байгууллагууд бодит үнэнийг тогтоож байгаагийн цаана шударга ёсны төлөө  бид ажилладаг, шударга ёс бодитойгоор оршин тогтнодогийн нэг илрэл  болов уу гэж бодож байна.

-Орон нутгийн сонгуулиар ганц Говь-Алтай аймаг гэлтгүй олон тойрогт   МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгээгүй, нэрсийн жагсаалтаас хассан  зэрэг маргаан гарсан. Одоо шүүхийн шатанд байгаа болон шийдвэр нь гарч байгаа, дахин сонгууль зарлагдах   ямар аймгууд  байна?

-Удахгүй Хөвсгөл, Говьсүмбэр аймагт дахин сонгууль  зарлагдахаар байгаа. ИТХ нь хуралдаж, дахин  сонгуулийн товоо гаргах байх.

-Үндэслэл нь?

-2012 оны орон нутгийн сонгуульд манай намыг бүртгээгүй, нэр дэвшигчдийг хууль бусаар нэрсийн жагсаалтаас хассан тухай  асуудлууд нэхэмжлэгдэж  байгаа.

-Оны эхнээс олон нийтийн анхаарлыг татсан  МАХН-ын Их чуулган хэзээ хуралдах вэ?

- Намын Их чуулганаа 2014 оны эхний улиралд багтаан явуулах төлөвлөгөөтэй байна. Үүнтэй холбоотой бэлтгэл хангах ажлыг  эхлүүлсэн. Цаг хугацааны хувьд авч үзэх юм бол  улс орны асуудалд үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэж байгаа юм. Тэр тусмаа хаврын тарчиг цаг нь өөрөө ард түмний харилцааны тод илрэлийг гаргаж өгдөг. Төр засаг, ард иргэдийн хоорондын харилцаа ямар төвшинд байна вэ, ард түмний амьдрал сайжирч байна уу, үгүй юу.

Төр нь төр шиг ажиллаж чадаж байна уу, үгүй юу. Ард түмний итгэлээр сонгогдсон УИХ-ын гишүүд нь ард түмэнтэйгээ ойрхон байж чадаж байна уу зэрэг олон асуултад хариу өгөх хамгийн тохиромжтой цаг нь  оны эхний улирал байдаг. Тиймээс энэ хугацаанд багтааж намын Их чуулганаа хийхээр төлөвлөсөн.

-МАХН-ын дарга  Н.Энхбаяр хэзээ ирэх вэ. Биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Н.Энхбаяр даргын биеийн байдал харьцангуй сайжирч байгаа. Хэдийд  хүрэлцэн ирж, намынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохыг одоогоор хэлэх боломжгүй,  хараахан тодорхойгүй байна.

-О.Баасанхүү гишүү­ний ярилцлагаас хэвлэлүүд өлгөж авч, “МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ онд  улс төрд эргэж ирнэ. Намынхаа Их чуулганд оролцох гэнэ” гэсэн мэдээлэл цацаж байна? 

Улс төрийн амьдралд ямар байдлаар оролцох вэ гэдэг нь намын даргын өөрийнх нь боломж нөхцлөөс шалтгаалах зүйл шүү дээ.

-Манай намын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын ард түмний дийлэнх олонх нь Н.Энхбаяр даргыг  иргэнийхээ хувьд эх орондоо  эргэж ирээсэй  гэж хүсдэг болов уу гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Улс төрийн амьдралд ямар байдлаар оролцох вэ гэдэг нь намын даргын  өөрийнх нь боломж нөхцлөөс шалтгаалах зүйл шүү дээ. Намын Их чуулганд  Н.Энхбаяр дарга биечилж оролцох шаардлага бол үнэхээр их байгаа.  

Их чуулганы төлөөлөгчид болон намын гишүүдийн зүгээс намын даргыг Их чуулгандаа өөрийн биеэр оролцоосой гэж хүсэн хүлээж байгаа нь ч ойлгомжтой. Тиймээс би О.Баасанхүү гишүүнийг  манай намын гишүүнийхээ хувьд,  мөн бусад гишүүдийнхээ нэгэн адил тэр хүсэл эрмэлзлэлээ  хэвлэл, мэдээллээр дамжуулан илэрхийлсэн болов уу гэж бодож байна. Түүнээс намын дарга хүрэлцэн ирж, Их чуулгандаа оролцох эсэх тухай асуудал  би түрүүнд хэлсэн шүү дээ,  тодорхойгүй байгаа.

-Өнгөрсөн оны сүүлч, шинэ оны эхээр МАХН дотроо бужигнаантай  байна гэсэн яриа гарсан нь хэр бодитой вэ? 

-Тэр ор үндэсгүй асуудал. Бид оны өмнөхөн намынхаа  Х Бага чуулганыг хуралдуулсан. Хуралдаанаар тэр тухай авч хэлэлцсэн. Санал, шүүмжлэлүүдээ гаргаж тавьж хэлэлцүүлсэн. Тэр чуулганаас олон нийтэд хандаж  тодорхой мэдэгдлийг  гаргасан. Мэдэгдэлд “Намын эв нэгдлийг хагалан бусниулах гэсэн  дотроо эв нэгдэлгүй мэт байдлыг харагдуулах зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байна” гэдгийг дурьдсан.

-Хагалан бутаргах гэсэн санаархал, тийм зорилго бүхий үйлдлүүд нь  гаднын нөлөөлөл  байв уу, дотоод зөрчлөөс үүдэлтэй юу?

-Гаднаас  зориуд зохион байгуулалттай  явуулсан үйл ажиллагаа байсан. Х Бага чуулганы төлөөлөгчдийн зүгээс манай намд ийм зүйл байхгүй, цаашид  намыг дотор  нь  хагалан бутаргах гэсэн санаатай үйл ажиллагааг таслан зогсооно. Манай нам бол эв нэгдэлтэй, аливаа буруу ташаа мэдээлэл гарах нь биднийг улам нэгтгэн  нягтруулж,  хүч эрмэлзлэлийг хурцалдаг юм гэсэн утга бүхий мэдэгдлийг  гаргасан. Тэгэхээр  энэ нь миний зүгээс  таны асуултад тийм зүйл байхгүй гэж хариулахаас  илүүтэй баталгаа болсон хариулт болох болов уу.

-Дахин сонгууль болон танай намын Их чуулгантай давхцаад  МАХН, МАН-тай  нэгдэх гэнэ гэсэн мэдээлэл гарах боллоо. Байнга гарч байдаг хуучин мэдээлэл хэдий ч оны эхнээс дуулдсан тул  олон нийт   сонирхон чих тавьж  байх шиг?

-Шинэ оны эхнээс шинэ сонин ундардаг л даа. Гэхдээ та бидний ярианд хөндөгдөж буй хоёр нам нэгдэх тухай асуудал шинэ содон зүйл биш,  өнгөрсөн оны турш яригдсан. Түүнээс өмнө ч ярьж л байсан. Хоёр нам 2014 онд  нийлж нэгдчихгүй байх аа. Тэгэхдээ бид нэг зүйлээр нэгдэх боломжтой гэдгийг өнгөрсөн онд хуралдсан МАН-ын 27 дугаар хурал дээр би өөрийн биеэр  хүргэж  өгч, тус хурлын нийт төлөөлөгчдөд  уншиж танилцуулсан илгээлтээрээ  дамжуулсан.

Тэр нь юу вэ гэвэл, Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө хоёр нам хамтарч ажиллах, ийм үйл ажиллагаагаараа нэгдмэл байх боломжтой гэдгийг тодорхойлсон. Үүний цаана юу хэлж байна  вэ гэвэл,   байгалийн баялгийн шударга бус хуваарилалтад анхаарал хандуулах, хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчихгүй байх, олигархжсан хэт явцуу хүрээний ашиг сонирхлоос төр, засгийн бодлогыг ангид авч явах тухай асуудал, нөгөө талаас хоёр нам зөвхөн удирдлагын төвшиндөө  үйл ажиллагаа явуулах бус гишүүд, дэмжигчдээ сонсдог байх, өнөөгийн нийгэм, эдийн засагт тулгамдаж буй маш олон асуудлыг шийдэхийн төлөө хамтарч, нийлж ажиллаж болох юм.

Өөрөөр хэлбэл, бид зорилго нэгтэй байвал цаашид бүх зүйл нэгдмэл байх бололцоо байгаа юм. Өнөөдөр  бидний  зорилго, нэгдмэл байх ёстой зүйлүүд байгаагаас гадна өөр асуудлууд ч бас байх шиг байна.  Тиймээс  нэн тэргүүнд нэгдэж нийлээд нэг нам болчихно гэдэг боломжгүй зүйл. Энэ  нь зорилт ч бас биш. Харин хамтын сайн ажиллагааг явуулах нь чухал бодлого болж  тэр нь цааш үргэлжлэх  болов уу.

-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг засагт орж АН-тай хамтран ажиллаад хоёр жилийг ардаа орхилоо. Намын удирдлагууд, удирдах байгууллагын зүгээс Засгийн газарт ажиллаж байгаа гишүүдээ хэр сайн ажиллаж байгаа гэж дүгнэж байгаа вэ?

-Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд үүнийг  шууд дүгнэх боломжгүй. Яагаад гэвэл, бид УИХ-ын болон  Засгийн газрын гишүүд зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудтайгаа хариуцлага-ёс зүйн гэрээ байгуулсан. Мөн тэр гэрээг дүгнэх журмаа гаргасан. Тиймээс тэр бүтцээрээ асуудлыг авч хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Энэ ажил хуваарийн дагуу хийгдэнэ. Тэр хугацаа  хол биш.

Тиймээс тухайн үед таны асуултын хариу тодорхой болж, өнгөрсөн хугацаанд бидний дэвшүүлсэн таван хувьсгалд үндэслэсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар төвшинд  явж байна, шинэчлэлийн гэгдэж байгаа Засгийн газарт дэвшүүлэн тавьсан манай намын УИХ дахь бүлгийн зорилт ямар шатанд явж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Хүнийг нь дүгнэхээсээ илүүтэй эхлээд үйл ажиллагааг нь дүгнэнэ.

Тэр ажлыг хариуцсан манай намаас томилогдсон  сайд, албан тушаалтнууд  бий. Түүний цаана хариуцлага, намын үйл ажиллагааны зорилт гээд олон асуудал тодорхой болох ёстой. Энэ тухай зарчмын асуудлуудыг ч гэсэн намын Их чуулганаар хэлэлцэх болов уу гэж бодож байна.