Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2014.01.16

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтаа Дүнжингаравт хийлээ

Өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Бүтээн байгуулалтын цаг" уулзалтаа Дүнжингарав худалдааны төв дээр хийлээ. Тэнд "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэнгийн нээлт болсон юм.

Энэ үеэр Ерөнхий сайд монгол үйлдвэрлэл улам чанаржиж байгааг тэмдэглэв. Өнгөрсөн жилийн үзэсгэлэн дээр арьс ширэн бүтээгдэхүүний төрөл ердөө бээлий, түрийвч, бүс малгай зэрэгхэнээр хязгаарлагдаж байсан бол энэ жил гутал, цүнх гээд нэр төрөл нь олширчээ.

Ноднин жилийн цагаан сарын үзэсгэлэнгийн үеэр монголчууд нийтдээ 4 тэрбум төгрөгийн наймаа хийсэн. Энэ жил үзэсгэлэн илүү өргөн болж байгаа учир энэ тоо улам өснө гэж найдаж байна гэв.

Бид дотооддоо ийм хэмжээний зардал гаргаж байгаа бол урд хөршрүү илүү ихийг урсгаж байгаа юм. Өмнө нь монгол бараа үнэтэй гэдэг шүүмжлэл их байдаг байсан бол сүүлийн үед үйлдвэрлэгчид үнээ хямдруулах тал дээр уян хатан болжээ. Мөн монголчууд бид өөрсдөө импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болжээ гэдэг нь үзэсгэлэнгээс ажиглагдаж байлаа.

Дээл, гутал, бүс, малгай гээд уламжлалт бүтээгдэхүүнээс гадна барууны хийцтэй өд, сөдөн куртикийг ч хийж гүйцэтгэдэг болж. Түүгээр ч зогсохгүй уламжлал шингэсэн загвар төрхтэй урлаж экспортлох боломж байгаа гэж өөрсдөө ярьж байна.