Үндсэн хуулийн өдрийг ахмад депутатуудын хамт тэмдэглэв
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
2014.01.17

Үндсэн хуулийн өдрийг ахмад депутатуудын хамт тэмдэглэв

   

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг угтаж өнгөрсөн баасан гарагт Иргэдийн

Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Үндсэн хуулийн баярын тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хуулиа сахиж хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх болон тухайн үеийн хууль батлалцаж байсан үеийн үйл явдлыг ахмад депутатууд дүүргийн ерөнхий боловсролын 15, 18, 34, 52, 75, 115, 118 дугаар сургуулийн 10, 11 дүгээр ангийн 1100  гаруй сурагчдад сурталчлан таниулсан юм.

Монгол Улс түүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа 1924 онд баталж

байсан билээ. Дараагаар нь 1940, 1960, 1992 оны тэр хуулиуд нийгмийн хөгжил, улс орны төрийн тогтолцооны өөр, өөр онцлог шинжийг агуулсан ч бүгд 1924 онд баталсан Анхдугаар Үндсэн хуулийг өвлөж ирсэн. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, парламент засаглалтай болсноо шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан юм.

1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудыг сонгох сонгууль явуулж, анх удаа ардчилсан зарчмаар Ардын Их Хурлын 430 депутатыг сонгож, энэ хурлаас Улсын Бага Хурлыг байгуулж байжээ.

Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, ард түмнээсээ яс үндэс, мэдлэг боловсрол, шашин шүтлэг харгалзалгүй өргөн санал авч Улсын Бага Хурлаар 4 удаа, Ардын Их Хурлаар 76 хоног хэлэлцэж, 1992 оны энэ өдөр  Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байсан түүхийг ахмад депутатууд дурсамж болгон ярилцаж байсан юм.

Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэдийн 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.