Газар нутаг ба шатрын өрөг
Их 20-ын төрийн тэргүүнүүд
2014.01.18

Газар нутаг ба шатрын өрөг

Газар зүйн байрлал, уур амьсгал, газар зүйн тогтоц зэрэг нь тухайн улсын төрийн гадаад бодлогыг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг болдог. Тиймээс ч монголчуудын дунд “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” гэсэн үг байдаг нь Монголын хоёр том гүрний хооронд оршдог, далайд гарцгүй байдлыг онож хэлжээ. Харин олон улсын нэр томьёонд Монголыг “buffer zone “ буюу “жийрэг улс” гэж нэрлэдэг байна. Ингээд газар зүйн нөхцөл төрийн бодлогод хэрхэн нөлөөлдгийг сонирхуулья.

Тэнгис

Тивийн болон гадаад гэж ангилдаг. Гадаад тэнгис аливаа улсын хяналтаас чөлөөтэй. Харин тивийн дотоодод орших тэнгис олон улсын чанартай болох магадлалтай бөгөөд ганц улс эзэмшиж байсан ч удаан барьж тогтооход бэрхшээлтэй. Хөлддөггүй тэнгис жил тойрон бараа тээвэрлэх боломжийг олгодог. Ямар ч улс хөлддөггүй тэнгист гарцтай байхыг хичээдэг.

1704 онд Англи-Голландын холбоотны цэргийн хүч Испаний армитай тулалдаж ялснаар Испаничууд Гибралтарын хоолойг англичуудад үүрд алджээ.

Газар дундын тэнгис дундад эртний үеэс геополитикийн том талбар байсаар ирсэн. Энэ тэнгист ноёрхлоо тогтоосон аль ч улс нийт европ даяар нөлөөтэй болж, бусад нь тухайн улсын төрийн бодлогыг ямар нэг байдлаар дагахаас өөр аргагүй болдог байв. Эртний Ромын эзэнт гүрэн Газар дундын тэнгисийн худалдааны гол замуудыг эрхшээлдээ оруулснаар Европ, Ази, Африк тивийг дамнасан эдийн засгийн бүс нутгийг бий болгожээ.

 15 дугаар зуунд туркуудын Константинопольд (одоогийн Станбул) байгуулсан Османы эзэнт гүрэн Газар дундын тэнгист нөлөөгөө тогтоож, түүгээр өнгөрөх Ази, Европыг холбосон далайн худалдааны замыг хянах болжээ.

Хүн төрөлхтний түүхэнд гарч байсан томоохон дайн тулаануудын олонхи нь чухам энэхүү худалдааны замыг хянах гэсэн улс гүрнүүдийн тэмцэл байсан юм.

Далай

Геополитикийн өндөр ач холбогдол бүхий усан орон зай. Худалдааны замуудын зангилаан дээр байрласан түлхүүр боомтуудыг хяналтандаа авах нь  аль ч улсын хувьд их ашиг олж, бүс нутгаа хөгжүүлэх гарцыг нээдэг.

АНУ дэлхий даяар 737 цэргийн баазтай.

Түлхүүр боомт нь арал, эх газрын эрэг (Хонконг) гээд хаана ч байрлаж болно. Хөлддөггүй далай худалдаа эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлдэг. Харин хөлддөг далайн хувьд тээвэрлэлт улирлын чанартай. Олон улс гүрэн хөлддөггүй далайн эргийн замтай болохыг зорьдог.

АНУ 20 дугаар зууны эхэн үеэс “Тэнгисийн онол” гэгчийг боловсруулжээ. Уг онол ёсоор далайд ноёрхлоо тогтоосон улс дэлхийд ноёрхлоо тогтоож чадах аж. Чухам энэ үеэс АНУ Номхон далайн олон арлууд дээр цэргийн баазаа байгуулж эхэлсэн байна. Хүйтэн дайны дараа эдгээр цэргийн баазыг татан буулгах шийдвэр гарсан ч ихэнх өдий болтол ажилласаар байна.

Арал

Арлууд тухайн улсын аюулгүй байдлыг бататгаж, хуурай зурваст хил хамгаалах шаардлагагүй болгодог. Эх газарт ойрхон арлыг эрхшээлдээ оруулах нь тухайн бүс нутагт цэргийн бааз байрлуулах, нэгдмэл байдлыг бэхжүүлэх эсвэл бутаргах нэмэлт боломжийг өгдөг. Олон аралд хуваагдан оршдог улсын төрийн хүч тарамддаг учраас бусдын газар нутагт санаархдаггүй. Эх газарт ойрхон арлын төлөөх тэмцлийн тодхон жишээ нь Фольклендын арлын төлөөх Их Британи, Аргентин хоёрын тэмцэл юм.

Их Британиас Фольклендын арал хүртэл 12520 км, харин Аргентины нийслэл Буэнос-Айрес хүртэл 1835 км.

19 дүгээр зууны эхэнд Аргентин улс тусгаар тогтнолоо олсны дараа арлыг өөрийн эзэмшил хэмээн зарлажээ. Харин 1833 онд Их Британи Фольклендыг цэргийн хүчээр эзэлсэн байна.

Аргентины ард түмэн дургүй байсан ч юу ч хийж чадалгүй явсаар 148 жил болов. Харин 1981 онд Аргентины генерал Леопольдо Гальтиерийн санаачлагаар арлыг буцаан авах хөдөлгөөн өрнөж, улмаар 1982 оны 4 дүгээр сарын хоёронд Фольклендын дайн эхэлсэн байна. Хоёр сар үргэлжилсэн дайн Их Британы ялалтаар дуусчээ. Эдүгээ Фолькленд нь Их Британы нутаг дэвсгэрт тооцогддог.

Далай, тэнгисийн эрэг

Далайн хөвөөгөөр татсан хилийн зурвасыг хамгаалахад хялбар учраас эргийн орнууд энэ тал дээр их зардал гаргадаггүй. Эрэг дагуух улс орнууд худалдаа наймаа хийх, эзлэн түрэмгийлэх бодлогыг илүү явуулдаг.

Италийн эргийн дагуу оршдог Форте-дей-Марми хэмээх рашаан сувилалын хот

Гэхдээ эргийн хилийн зэрэгцээ олон зуун километрээр үргэлжлэх хуурай хилтэй орнууд тивийн хэмжээнд газар нутгаа хамгаалах хэрэгтэй болдог байна. Аялал жуулчлал хөгжих уур амьсгалын таатай нөхцөл, томоохон боомтуудтай бол тухайн улс далайн гүрэн болох магадлалтай.

АНУ-ын дорнод эрэгт Вирджин муж оршдог. Уг бүс нутаг 1783 оныг хүртэл Их Британы колончлал газар нутаг байсан ч, Англичууд хянаж чадалгүй алдаж АНУ-ын анхны 13 муж үүсчээ.

Газар дундын тэнгисийн эрэг дагуу оршдог улсууд аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлдэг. Кипр, Итали, Хорвати,Черногори, Грек, Испани, Турк зэрэг улсад Европын алдартай жуулчны баазууд байрладаг.

Хойг

Хойг дээр орших бүс нутаг өөрийн гэсэн онцлогтой байж, автономи эрхтэй бие даасан муж болохыг зорьдог. Хойгийн хүн ам нягтрал ихтэй тохиолдолд худалдаагаар дагнасан бие даасан далайн орон үүсдэг. Хэрэв нэг улсын бүрэлдэхүүнд хойгийн муж байвал газар нутгийн бүрэн бүтэн байдалд халтай.

Шри-Ланк нь буддизмын өлгий нутгуудын нэг бөгөөд энэ оронд бурхны шашин МЭӨ 3 дугаар зуунд үүсчээ.

Монголчууд бидний Цейлон цайны орон хэмээн нэрлэж заншсан Шри-Ланк улс 1948 оныг хүртэл Энэтхэгийн харъяанд байв. Цейлон гэдэг нь үнэндээ тус улсын оршдог арлын нэр юм. Арлын оршин суугчдыг Сингалчууд хэмээн нэрлэдэг. Уг арал түүхийнхээ явцад олон гүрний эзэмшилд байсан ч өөрийн гэсэн онцлогийг үргэлж хадгалсаар иржээ.

Цөл

Элсээр бүрхэгдсэн уудам орон зай. Амьдралын нөхцөл тааруу учир эдийн засгийн хувьд ашиггүй. Цөл газар голдуу хил хязгаарын үүрэг гүйцэтгэдэг ч хилийн зурвасыг нарийн тогтоодоггүй. Цөлийг туулахад хэцүү учраас заримдаа тухайн улсын байгалийн хамгаалалт болдог. Гэхдээ ихээхэн хэмжээний байгалийн нөөцтэй цөл нутаг улс хоорондын зөрчил мөргөлдөөний нэг шалтгаан юм.

1930-аад онд европчууд Саудын Арабын уудам цөлд газрын тосны маш том ордыг олжээ. Үнэндээ дэлхийн 2 дугаар дайны олон тулааны нэг болсон Персийн булангийн мөргөлдөөн нь холбоотнуудын дайсантайгаа хийсэн дайн бус, тэнд буй газрын тосны нөөцийн төлөөх дайн байсан гэж түүхчид үздэг. Түүнчлэн 1991 онд болсон Кувейтын тусгаар тогтнолын төлөөх дайны үндсэн шалтгааны нэг нь газрын тос юм. Хэрэв газрын тос байгаагүй бол АНУ энэ дайнд оролцох шаардлага байгаагүй гэдэг.

Гол, мөрөн

Нэгдүгээрт орон нутгийн болон улсын хил болдог. Хоёрдугаарт засаг захиргааны нэгж, бүс нутгуудыг эдийн засгийн хувьд холбож, нэгдмэл зах зээлийг хөгжүүлэхэд тустай. Хэд хэдэн улсын нутаг дэвсгэрийг дамжин урсдаг гол олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүчин зүйл болдог. Өөр улсын нутаг дэвсгэрээс эх авдаг гол мөрөн үндэсний аюулгүй байдалд хортой. Учир нь урсгалын доод хэсгээр орших улс орнууд усны нөөцийг хянаж чадахгүйгээс болж хүн амын дунд том асуудал үүсдэг.

Казань хот дахь Ижил мөрний боомт

Дэлхийд хамгийн сайн голын мөрний системтэй улс бол Орос. Хөлөг онгоцны бараа тээвэрлэлтийг сайжруулах зорилгоор ЗХУ-ын үед гол мөрний нэгдсэн сүлжээг байгуулжээ. Хамгийн их бараа тээвэрлэлттэй нь Ижил мөрөн юм. Ижил мөрнөөс Москва хүртэлх сувгаар ачааны хөлөг онгоцууд хөвж, цаашлаад Каспийн тэнгист гардаг. Оросын гол мөрнүүд эх – цутгал – гол – тэнгис - далай гэсэн тогтолцоотой учир усан замын тээвэр хийхэд хамгийн тохиромжтой.

Байгалийн нөөц баялаг

21 дүгээр зуунд байгалийн үл сэргээгдэх нөөц баялгаас илүү улс хоорондын тэмцлийн шалтгаан болж буй хүчин зүйл алга. Нөөц ихтэй орнууд идэвхтэй ч, идэвхгүй ч геополитикийн том тоглогч мөн. Энэ нь ялангуяа газрын тос, уран, зэсээр баялаг орнуудад илүү хамаатай. Хэрэв тухайн улс шаардлагатай цэргийн хүчгүй, олон улсын тавцанд нөлөөгүй,  санхүүгийн эх үүсвэр байхгүй бол олон улсын харилцааны субъект байхаа больж, геополитикийн тоглоомын объект болдог.

Оюутолгойн ордын нөөцийн зураглал

21 зууны эхэнд өмнө нь хэн ч хөндөж, олборлож байгаагүй Монголын асар их хэмжээний байгалийн баялаг геополитикийн томоохон тоглогчдын анхаарлын төвд орлоо. Дорнодын 1,4 сая тонн ураны нөөц, Тамсаг болон Дорноговийн долоон тэрбум баррель газрын тос, Асгатын найман мянган тонн мөнгөний нөөц, Таван-Толгойн коксжсон нүүрс, Оюутолгойн алт зэрэг нь дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөний талбар болж байна. Хэрэв Монгол Улс ухаалаг боддого явуулахгүй бол Африкийн зарим орны адил баялгийн хараал хүрч, юу ч үгүй хоцрох магадлал өндөр юм.