Ганбаатар.С 2014.01.20 | Сонин: Өглөөний сонин

С.Ганбаатар: Гишүүд 76 бие даагч шиг ажиллах учиртай

С.Ганбаатар: Гишүүд 76 бие даагч шиг ажиллах учиртай
УИХ-ын гишүүн С.Ганбаатар

УИХ дахь бие даагчдын албан бус бүлгийн гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.   

-МАН-ын гишүүд цагаан сараас өмнө цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх тухай ярьж, шаардаж эхэлсэн. Өнөөгийн эдийн засгийн байдлыг ажиг­лавал цалин, тэтгэврийг яа­ралтай нэмэгдүүлэх боломж, бололцоо бий юу?  

-Цалин, тэтгэвэр нэмэх бо­ломж хангалттай байгаа. Хэрвээ байхгүй гэвэл түүнийгээ нотлон гаргаж, тайлбарлах хэрэгтэй. Ца­лин нэмбэл инфляци өсч, өргөн хэрэглээний ба­рааны үнэ нэмэгдэнэ гэж байнга ярьдаг. Гэтэл 2012 оны тав­дугаар сараас хойш цалин, тэтгэвэр нэг ч төгрөгөөр нэмэгдсэнгүй.  Тэгвэл за­рим судалгааны дүнгээр яагаад өргөн хэрэглээний барааны үнэ 33 хувь өссөн, инфляц 13-18 хувь болсон гэж гараад байгаа юм бэ. Эдгээр тоонууд хоорондоо зөрчилдөөд бай­гаа.  Миний хувьд цалин, тэтгэвэр нэмэхгүйгээр, цар­цаагаад бай­гаа ганцхан то­хиолдолд би чи­мээгүй байж болно.   

-Тэр нь юу юм бэ?  

-Юмны үнэ тогтвортой байгаа нөхцөлд би юу ч ярихгүй. Засгийн газрын үндсэн функц, тэр дундаа Сангийн яамны үнд­сэн функцэд төгрөгийн ху­­далдан авах чадварыг тогт­вортой, доод түвшинд барих тухай үүрэг байдаг.   Тэгвэл жилийн өмнө 200 мянган төгрөгөөр авдаг байсан зүйлийг өнөөдөр 280 мянган төгрөгөөр авч байгаа бол тэр хоорондох зөрүүг нь зохицуулж өгөөч гэх байна. Биднээс шалтгаалахгүйгээр ха­лааснаас маань мөнгө гараад байвал иргэд хохирч байна гэсэн үг. Тэднийг хохироохгүй байх нь Засгийн газрын үүрэг.   

Гэхдээ үүргээ биелүүлэхийн тулд цалин нэм гэж хэлээгүй. Харин зохицуулалт хийгээч л гэж байгаа юм. Цалин нэмэх гэдэг нь тусдаа асуудал шүү дээ. Монголд энэ талаарх нэршил хүртэл маргаантай байдаг.    Бид цалин тэтгэврийн тохи­руулга хийгээч л гэж байгаа юм. Засгийн газар энэ асуудлаар Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хо­рооны хуралдаанаар байр сууриа илэрхийлэх байх.   

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг саяхан нэр бүхий гишүүд өргөн барьсан. Манай өнөөгийн нийгэмд энэ хууль хэр өгөөжтэй байх бол?  

Бид цалин тэтгэврийн тохи­руулга хийгээч л гэж байгаа юм.

-Миний хувьд энэ санааг дэмжээгүй. Би эрүүл мэндийн даатгалын хууль өргөн барьж байгаа. Олон улсад байдаг онолын хувьд бол эв санааны нэгдлээр л манай тогтолцоо явж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр, Монгол гэдэг өөрөө нэг том гэр бүл. Би даатгал төлж л байвал нийт монголчуудаа дааж байгаа тэрхүү том саванд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Миний хувьд ийм л байр суурьтай байдаг.   

Тэгэхгүйгээр яг ханьд нь тэтгэврийг нь өгнө гэвэл хэрэгжүүлэх үйл явцад хүндрэл гарах вий гэж эмээж байна. Үүнд судалгаа тооцоотой хандах ёстой.  Энэ бол хуримтлалын даат­галын тогтолцооны нэг хэлбэр. Барууны орнуудад үүнээс болж асар олон асуудал үүсч байсан. Тэгэхээр Монголд шууд буулгаж болох эсэхийг маш сайн судалгааны үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой.   

-Гэхдээ энэ хуулийн төсөл нь залуу насандаа баахан даатгал төлчихөөд, түүнийхээ үр ши­мийг үзэж чадалгүй бурхан болж байна гэх гомдлын мөрөөр хийгдэж байгаа болов уу. Өөрөө биш ч гэр бүлийнхэн нь хүртээд явах юм байна гэж ойлгогдож байгаа?  

-Би чин үнэнийг хэлье. Монгол баян орон биш. Ажил­гүйдэл, ядуурал их байна. Насаараа мөнгө төлчихөөд дараа нь хэрэглэнэ гэдэг нь логикийн хувьд зөв.  Гэхдээ нийтээрээ ядарч яваа хэсгээ хамгаалъя гэдэг зарчмыг гээж болохгүй. Зөвхөн өөрийн гэр бүлдээ анхаарал хандуулна гэсэн зарчим руу орчих юм бол дараа нь хуримтлалын тогтолцоо болно.    АНУ үүнээс болж л хүнд байдалд ороод байна. Барак Обама тав дахь жилдээ даатгалын хуулийн тухай ярьж байна.

Учир нь орлоготой хэсэгхэн хүн маш сайн даатгалтай. Харин нийт хүн амынх нь 50-иас илүү хувьд нь нийгмийн даатгал маш бүрхэг.    Яах вэ, энэ даатгалын тухай ярихад хүнд сайхан сонсогдоно л доо. Тухайн иргэн 55-60 нас хүрээд тэтгэврийн мөнгө гээд нийтдээ 15-20 сая төгрөг л авдаг. Үүний золиос нь нийгмийн дийлэнх хэсэг болно. Үүнээс гарах үр дагавар хариуцлагыг шийдвэр гаргаж байгаа хүмүүс хүлээх ёстой. Нийгмээраа амгалан байя гэдэг нь нийгмийн даатгалын тогтолцоо юм.  

-Хамтын тэтгэвэртэй зэрэг­цээд МАН-ынхан малчдын тэт­гэвэрт гарах насыг буулгах тухай ярьж эхэлсэн. Цалин нэмэх болон тэтгэвэртэй хол­боотой асуудлууд ингэж хүчтэй яригдаж байгаа нь сар шинийн өмнө улстөрчдөөс барих гэсэн “бэлэг” гэж ойлгож болох уу?  

-Миний хувьд тэтгэвэр, даат­галын талаар үг хэлдэг гишүүдийн нэг. Аливаа асуу­далд миний байр суурь бие даасан эрдэмтэн судлаачдын дүгнэлтийг сонсож байж байр сууриа илэрхийлдэг. “Оюу толгой”-н асуудалд ч тэр. Найм, есөн жилийн өмнөөс бие даасан шинжээчдийн дүгнэлт “Оюу толгой”-н гэрээнд гарсан уу. Тэр дүгнэлтэд үндэслэн улстөрчид шийдвэр гаргадаг болохоос биш өөрсдийнхөөрөө шийдэж болохгүй. Тэгвэл алдаа болно шүү гэж олон хэлсэн.   

Өнөөдөр энэ нийгмийн даатгалын асуудлаар би байр сууриа илэрхийлэхдээ мөн л олон эрдэмтдийн дүгнэлтийг сонссон. Яг энэ малчдын тал дээр олон жил ажилласан хү­мүүсийн дүгнэлтийг сонсож байж байр сууриа илэрхийлнэ.   

-Ингэхэд парламентад бие даагчид гэдэг нэр л байгаа болохоос эрх баригчдад уусчихсан гэх яриа гараад байгаа. Нийгэмд ийм хардлага газар авсныг хэрхэн тайлбарлах вэ?  

Ажил­гүйдэл, ядуурал их байна.

-Бид бие даагчдын байр сууриндаа хатуу зогсож бай­гаа. Засгийн газарт огцрох хэм­жээний хоёр ч захидал өгсөн. Мөн өөрсдийн байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг. Мэдээж заа­вал эрх баригч намыг эсэр­гүүцнэ, Засгийн газрыг унагана, огцруулна гээд байвал иргэд л хохирно шүү дээ. Яах вэ, иргэд үүнийг хүсч байвал бид хийнэ.   

Яагаад гэвэл бидэнд аль нэг намын гэхээс илүү ард түмний эрх ашиг чухал. Тухайлбал Алтны ил тод байдлын тухай гэж маш том луйврын хуулийг Засгийн газар оруулж ирсэн. Өмнө нь бие даагчид ухраасан.  Гэтэл одоо өөр хэлбэрээр оруулаад ирчихсэн, бид бас л эсэргүүцээд явж байна. Эрдэс баялгийн бодлогын баримт бичиг гэдэгт бид 60 орчим хувийн санал оруулсан.   Энэ мэтчилэн байнга Засгийн газартай сөр­гөлдөж байгаа. Бид асуудлаа ярина, дэмжих зүйлээ дэмжинэ. Хүмүүс янз бүрийн зүйл ярьж л байдаг. Хэрвээ тийм байвал нэр устай нь гаргаад, цагдаад хэл. Хов жив болгож байхаар баримттай нь дэлгэ.   

-Парламентад суудалгүй на­муудыг татан буулгах тухай яригдаж эхэлсэн. Үүнийг та дэмжих үү?  

-Би Улстөрийн намуудын тухай хуулийн ажлын хэсэгт орчихсон ажиллаж байгаа. Би энд нэг л зүйлийг барьж байгаа. Нам гэдэг өөрөө хүмүүсийн төлөө үйлчлэх ёстой. Түүнээс биш манай өвөг дээдэс хэзээ ч намын төлөө амьдарч байгаагүй.    Харин одоо бол намын төлөө үхэхэд бэлэн хүмүүсийн давхарга бий болчихсон байна. Уг нь 76 гишүүн 76 бие даагч шиг ажиллах учиртай. Сон­гогчдын эрх ашгийг хам­гаалсан, нийгэмд хүлээгдэж байгаа аливаа санал, хуулийн төслийг “Чи дэмжээд өг л дөө” гэхэд “Уг нь дэмжчихмээр байна.

Даанч намын бүлэг дээр уначихсан. Яах ч арга алга” гэх тохиолдол олон байдаг.    Ер нь энэ улсыг хоёр хувааж ханалаа шүү дээ. Сумын төвийн дэлгүүрүүд хүртэл намаараа хуваагдчихсан байх жишээтэй. Нэг нь нөгөөгийнхөө дэлгүүрт орвол бараг хор өгөх юм уу, хаашаа юм бэ.  Мөн нам маш олон хан­дивлагчтай. Тэднээсээ хараат байна. Сонгуулийн үеэр хү­мүүсээс мөнгө авч ялалт бай­­гуулчихаад, жирийн иргэ­­дийн төлөөх шийдвэрээ тэ­дэнд ху­далдаж өрөө төлөх жи­шээтэй.   

Тиймээс энэ хандивлагчдаас нэг ч төгрөг авч болохгүй. Үүнийг яагаад төрөөс авч болдоггүй юм бэ гэдэг саналыг ажлын хэсэгт оруулах гэж байгаа. Парламентын гадна байгаа намуудыг хажиглаж болохгүй.  Тэдэнд хүндэтгэлтэй хандах учиртай. Тэдгээр хүмүүсийн хүсэл зоригийг харгалзан үзэж энэ талаарх шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тиймээс миний хувьд мөн л судлаачдын дүгнэлтийг сонсож, эцсийн байр сууриа илэрхийлнэ.   Парламентад байгаа намууд нь гадна байгаа намуудынхаа талаар хууль батална гэдэг нь шударга бус буюу бараг ардчиллын эсрэг зүйл болно. Харин намын тамга барьж, сонгуулиар элдэв хэлцэл хийдэг нөхдөөс бол салах хэрэгтэй.