Сономпил.М 2014.01.20 | Сайт: Olloo.mn

М.Сономпил Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барив

М.Сономпил Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барив
Эрчим хүчний сайд М.Сономпил

Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил Гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Өнөөдрийн байдлаар “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаараа хангаж байна.

Манай улсын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг богино хугацаанд, харьцангуй хямд зардлаар хаах техникийн боломж “ДЦС-4” ТӨХК-д байгааг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “ДЦС-4” ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөх шийдвэрүүд гарсан. Түүнчлэн “2014-2015 оны өвлийн их ачааллын өмнө” төслийг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тухай хууль санаачлагч тайлбарлалаа.

Станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх олон нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэр компаниудаас хангахад хугацаа алдах, мөн зарим хэсгийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэрэгжилт, тохируулга, угсралтын ажлын тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх шаардлагатай байгаа юм.

Иймд гүйцэтгэгчийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барилаа.