2011.05.30

Л.Болд сайд Афганистаны бага хуралд оролцов

Афганистаны асуудлаарх олон улсын бага хурал Лондон хотноо 1 дугээр сарын 28-ны өдөр болж өндөрлөв. Уг бага хуралд нийт 77 орны төлөөлөгч оролцсон бөгөөд Британийн Ерөнхий сайд Г.Браун, Афганистаны Ерөнхийлөгч Х.Карзай, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нар нээж үг хэлэв. Монгол Улсыг төлөөлж оролцсон Батлан хамгаалахын сайд Л.Болд Афганистаны асуудлаар өөрийн байр суурийг тайлбарлаж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Лондон хотноо зохион байгуулж буй олон улсын бага хурлын ач холбогдлыг өндрөөр үнэлж, Афганистаны асуудлаарх  байр сууриа тайлбарлаж, Монгол Улсаас оруулж буй цэргийн оролцооны талаар танилцуулав.
Бага хурлын арга хэмжээний үеэр Л.Болд сайд НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ф.Расмуссен, Европын холбооны Гадаад харилцааны комиссар Баронесс Аштон, Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Д.Милибанд, Францын Гадаад хэргийн сайд Б.Кушнер, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Др. Г.Вестервелле, Афганистан дахь Америк-НАТО-гийн цэргийн командлагч, генерал С.МакКристал, АНУ-ын Ерөнхийлөгчийн Афганистан, Пакистан дахь тусгай элч Р.Холбрук зэрэг албаны хүнтэй уулзав.          

1 САЯ АВСТРАЛИ ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛОВ

Афганистаны асуудлаарх олон улсын бага хуралд оролцсон Батлан хамгаалахын сайд Л.Болд Австралийн Гадаад хэргийн сайд Стефэн Смиттэй 1 дугээр сарын 28-ны өдөр уулзаж, хоёр улсын хоорондын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Уулзалт ярианы үеэр хоёр тал Монголд өвөлжилтийн байдал хүндэрч байгаа талаар ярилцаж, Австралийн Засгийн газар нэг сая австрали долларын тусламжийг Монгол Улсад өвөлжилтийн хүндрэлийг давахад зориулан олгохоор шийдвэрлэснийг Гадаад хэргийн сайд Стефэн Смит мэдэгдлээ.  

МОНГОЛ УЛСААС ИБУИНВУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2010 оны 1 дүгээр сарын 28

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.