УИХ-ын чуулган
2014.01.21

Сум орон нутагт очиж байгаа мөнгөний зарцуулалт, хяналтад иргэдийн оролцоог оруулах шаардлагатай

Үндсэн хуулийн гурав дугаар зүйлд Монголын ард түмэн төрийн үйл ажиллагаанд шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаар дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан байдаг.

Шийдвэр хангах үүднээс иргэдийг идэвхижүүлж төр засгийн шийдвэрт нөлөөлөн оролцож төрийн үйл ажиллагааг хянадаг ардчилсан оролцооны соёлыг нэвтрүүлж хэвшүүлэх шаардлагатай хэмээн МУ-ын Ерөнхийлөгч үзжээ.

Үндсэн хөтөлбөр нь стратегийн 9 зорилт буюу эхний ээлжид заавал хэрэгжүүлэх гурван арга хэмжээ буюу 27 арга хэмжээ, дагалдах зургаа гэх мэт нийт 33 арга хэмжээ хэрэгжүүлэх хугацаа, хариуцах байгууллага эзэн, шаардагдах төсөв хөрөнгө эх үүсвэрийг заан тодорхойлжээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Сүүлийн үед төсөвтэй холбоотой хөрөнгө мөнгө суулгах ажил дээр багийн нийтийн хурал санал асуулга авсан ч зохиомол танил талаа суулгадаг зүйл ажиглагдаж байгаа. Иргэдийн хурал орон нутгийн бүх төсвийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй иргэдийг төлөөлсөн байгууллага. Гэтэл хажуугаар нь төсөвтэй бүтэцтэй байгууллага байгуулахыг учир дутагдалтай гэж үзэж байна. Иргэдийн нийтийн хурал эрх мэдэлгүй байсан. Харин 2011 оноос хойш хуульд өөрчлөлт орсноор хийх ажилтай болсон шүү дээ.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Шууд ардчилал, иргэдийн оролцоог хангах чиглэлээр манайд дутагдаад байгаа зүйлийг юуны түрүүнд хиймээр байна. Тухайлбал иргэний нийтийн хурал буюу баг хорооны хурлууд шууд ардчилалыг хангадаг байгууллага. Гэтэл тэр байгууллага хэрхэн яаж ажиллах бэ? Гэдэг стандарт загварууд байдаггүй. ИТХ мөн ялгаагүй, хажууд нь бүтэц байгуулаад иргэний танхимыг эрх зүйн хувьд батлаад өгсөн ч тэнд стандарт загвар нь байхгүй бол ажиллуулж чадахгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг зарцуулахад иргэдийн оролцоо байхгүй байгаа. Тухайн сум орон нутгийн засаг дарга нар үзэмжээрээ, эсвэл намын харьяаллаараа эсвэл иргэдийн хуралд сонгогдсон ах дүү нараар сум хөгжүүлэх сангаар очсон мөнгийг хуваарилж авдаг тогтолцоо өнөөдөр байгаа. Хөтөлбөрийг хэлэлцэх явцад байнгын хороон дээр сум орон нутагт очиж байгаа мөнгөний зарцуулалт, хяналтад иргэдийн оролцоог оруулах зайлшгүй эрх зүйн боломжийг хийж өгөх шаардлагатай.

Шууд ардчилал гэж юуг хэлээд байна вэ гэдгийг гишүүд илүүтэй сонирхож байлаа. Идэвхитэй иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тусгай сургалтад хамруулж үүний дагуу төсвийн хуваарилалт хийх байдлаар ажиллах саналтай гэдгийг хууль санаачлагчид тайлбарлаж байна.