Л.Болд Шинжаан Уйгурын өөртөө засах оронд айлчлав
Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-д Айлчилж байна
2014.01.21

Л.Болд Шинжаан Уйгурын өөртөө засах оронд айлчлав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд  Шинжаан Уйгурын өөртөө засах орны (ШУӨЗО) Өрөмч хотод зочилж, хилийн Хоргос боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр ШУӨЗО-ны дэд дарга Да Гантай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа хил залгаа орон нутгийн эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын харилцааг улам ойртуулах боломжтой талаар ярилцлаа.

Уулзалтад тус оронтой хил залгаа Ховд аймгийн удирдлагууд оролцож, харилцан хил нэвтрэлцдэг боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, холбогдох журмыг хөнгөвчлөх талаар ажил хэргийн тодорхой саналуудаа танилцуулсан юм. ШУӨЗО нь Монгол Улс, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Афганистан, Пакистан, Энэтхэг гэсэн найман оронтой хил залгаа оршдог төдийгүй эртний торгоны замын зангилаа болж ирсэн түүхтэй.  

Ялангуяа Казахстантай хил дээрх Хоргос боомт нь дээрх дэд бүтцийн чухал хэсэг болж иржээ. Үүнийгээ түшиглэн тус боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн үр дүнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж байгаатай Гадаад харилцааны сайд Л.Болд танилцсан юм. Нэн эртнээс боомтын үүрэг гүйцэтгэж ирсэн Хоргосыг олон улсын эдийн засгийн чөлөөт бүс, тэр дундаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын  үйл ажиллагаанд нөлөө бүхий төв болгох бодлогыг БНХАУ-ын төрийн зүгээс хэрэгжүүлж, 2012 оны 12 дугаар сард ашиглалтад оруулжээ.

Хоргос боомтоор төмөр зам, авто зам, газрын тос, байгалийн хийн хоолой дамжин өнгөрдөг байна. Тус боомтоос  90 км зайтай орших Инин хотод БНХАУ-ын “Цинхуа” групп өөрийн хөрөнгө оруулалтаар нүүрс боловсруулах үйлдвэр байгуулаад байгаатай мөн танилцсан юм. Эрчим хүчний хүрэн нүүрснээс шингэрүүлсэн болон хийн түлш гарган авах тус үйлдвэрийг богино хугацаанд барьж, өнгөрсөн онд ашиглалтад оруулаад байгаа талаар удирдлагууд нь танилцууллаа. Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд ШУӨЗО-ны Өрөмч хотод бичил санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж буй Монгол Улсын “ХасБанк”-ны хөрөнгө оруулалт бүхий “Тиан Рун” компанийн үйл ажиллагаатай танилцав.

Тэрээр энэ сарын 20-нд  өдөр Бээжин хот дахь Дипломатын академиэр зочилж, мэргэжилтэн бэлтгэх, туршлага судлах, хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Түүний айлчлал өнөөдрөөр  өндөрлөж байна.