МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ
2014.01.21

Сайд нар санал хураалтад оролцох ёсгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

 Сайд нарын "давхар дээл"-ийг тайлах зорилго агуулсан уг хуулийн төслийг МАН-ын бүлэг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ энэ оны долдугаар сарын 1-нээс хуулийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм.   Энэ долоо хоногт хэлэлцэх Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудал болсныг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол онцоллоо.

Үүнээс гадна энэхүү хуулийн төслийг хэлэлцэх санал хураалтад эрх ашиг, сонирхлын зөрчлөө эрэмбэлж чаддаг юм бол сайд нар оролцох ёсгүй гэж үзэж байна.   Харин сайд нар өөрсдөд нь хамаатай энэ асуудалд хэрхэн хандахыг өрнөх хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр харах боломжтой гэж тэрээр хэллээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчид УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагуудаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.   

-МАН засгийн эрх барьж байх үед сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийн төсөл яригдсан бол дэмжих байсан уу? 

С.Бямбацогт: -УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хаших хуулийн төслийг 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл буюу өнөөдрийн эрх баригчид анх санаачлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулсан. Үндсэн хуулийг баталсан депутатууд Үндсэн хуульд оруулсан долоон заалтаас "УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихыг зөвшөөрсөн нь" хамгийн их дордуулсан заалт болсон гэж хэлдэг.   Энэ хууль 2000 оноос хойш хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. 2000-2004 онд МАН дангаараа засгийн эрх барьж байх үед сайд нарын гуравны нэгээс хэтрэхгүй нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан.

Өнөөдрийнх шиг 17 сайд нь УИХ-ын гишүүний давхар албатай байгаагүй. 2004-2008 онд хамтарсан засгийн үед гишүүн-сайд олон байсан.   2008-2012 онд хамтарсан Засгийн газрын үед УИХ-ын гишүүд сайдын албыг давхар хашиж байсан. Бид эрх барьж байхдаа УИХ-ын гишүүн-сайдыг аль болох цөөхөн байлгах бодлого баримталж ирсэн. Тухайн үед хуульд өөрчлөлт оруулаагүй ч гэсэн аль болох давхар алба хашихыг хязгаарлаж ирсэн.  

-Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, парламентад суудалгүй намуудыг татан буулгаж магадгүй тухай яригдаж байна. Энэ талаар МАН-ын бүлгийн байр суурь ямар байгаа вэ?   

-Үндсэн хуульд аливаа иргэн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасан байдаг. Парламентад суудалгүй гэдгээр нь шалтаглан намуудыг татан буулгах нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг зөрчиж байгаа асуудал. Ийм учраас МАН-ын бүлэг эсрэг байр суурьтай байгаа. Эрх баригч болонгуутаа цөөнх, ядарч зүдэрсэн иргэд, улс төрийн намууд, хувийн хэвшлээ дарамталж айлгаж сүрдүүлдгээ болих хэрэгтэй. Аливаа асуудлыг хүч түрэх байдлаар шийдэж болохгүй.   

-Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлбэл ямар үр дагавар гарах вэ?  

Д.Оюунхорол:  -Олонхи болсон гэж үзэж байгаа нам дотооддоо асуудлаа ярих ёстой. Гадна талд нь сайдын алба хаших хэмжээний мэдлэг чадвартай хүн олон байгаа гэж хардаг. Хэрвээ тойрогт өрсөлдсөн УИХ-ын тухайн гишүүн сайдын албаа үргэлжлүүлэн хашина гэвэл нөхөн сонгууль явуулна.

Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон бол нам нь шийдвэрээ гаргаж СЕХ-нд өгөөд асуудлаа шийдэх боломжтой.   Сонголт нь тэдэнд байгаа учраас асуудлыг шийдэх боломжтой. Хуулийн хугацааг наашлуулж хэрэгжүүлэх гэсэн бидний санал бол төрийн ажлыг гацаах, улс төр болгож бужигнуулах гэсэн ямар ч зорилго агуулаагүй.